Энэтхэгт хуурамч согтууруулах ундааны улмаас олон арван хүн амиа алджээ

692

Энэтхэгт хуурамч согтууруулах ундааны улмаас олон арван хүн амиа алджээ

 

Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужид хуурамч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас наад зах нь 70 хүн амиа алдаж, 200 гаруй хүн эмчлүүлж байгаа тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.

Хохирогчдын дунд хэд хэдэн эмэгтэй байсан ба дээр дурдсан хүмүүс бүгд цайны талбайд ажилладаг байжээ. Хоёр долоо хоногийн өмнө хойд нутгийн Уттар Прапеш болон Уттаракханд мужид дээрхтэй ижил шалтгаанаар 100 орчим хүн амиа алдсан юм.

“Амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй” гэж Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ассам мужийн Голагхат дүүргийн захиргааны ажилтны мэдээлснээр, анхны хохирогч пүрэв гарагт амиа алдсан аж. Хүмүүс эмнэлэгт ирэхдээ ихээр бөөлжиж, цээж нь хүчтэй өвдөж, амьсгалж чадахгүй байсан гэж эмнэлгийн ажилтан “AFP” агентлагт мэдээлжээ.

Энэтхэгт хууль бусаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа нь хямд үнэтэй байдаг бөгөөд сүүлийн үед энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас амиа алдах явдал түгээмэл гарах болсон байна.

“Цагдаагийн ажилтнууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэж Энэтхэгийн эрх баригчид мэдэгджээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>