Японы дараагийн хөрөнгө оруулалт метро юу?

555

Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад олон хөтөлбөр, төсөл хэрэгжсэн. Боловсрол, соёл, эрүүл эрүүл мэнд гээд салбар бүрт хөрөнгө оруулдаг. Хамгийн сүүлд хэрэгжсэн Японы хөрөнгө оруулалтаар хийж буй хамгийн том  төсөл бол Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал, АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг юм.

Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА өөрийн зардлаар техник эдийн засгийн үндэслэл судалгааг 2006 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн байдаг. Харин 2008 оны тавдугаар сарын 29-нд УИХ-аас баталж, тухайн оны наймдугаар сарын 22-ны өдрөөс Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авах энэхүү Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ. Тэгвэл одоо Японы Засгийн газраас хөрөнгө оруулалтаар нийтдээ 65.6 тэрбум иений бүтээн байгуулалт хийжээ. Бүтээн байгуулалтын ажил дууссан аж. Уг ажилд мөн улсын төсвөөс энэ онд 10 тэрбум төгрөг суулгасан бөгөөд аэродромын барилга, ачаа, шуудан үйлчилгээний барилга, захиргааны байрыг барьж байна. Төсөл амжилттай хэрэгжээд, бүрэн дуусвал өнөөгийн агаарын тээврээс нэг улиралд орж буй 116.5 тэрбум төгрөгийн орлого, хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол гаргасан байдаг. Монгол Улсын Засгийн газар энэ оны зургадугаар сарын 28-ны хуралдаанаараа “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” гэсэн нөхцөлөөр Монгол-Японы хамтарсан компаниудтай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн юм. Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Жапан эйрпорт менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлсэн юм. Түүнчлэн долоодугаар сарын 5-нд шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замыг нээсэн.

Монгол, Япон сургалтын эмнэлэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан. Өнгөрсөн зун нээлтээ хийгээд, намраас үйлчлүүлэгчээ хүлээж авч эхэлсэн. Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан өндөр хүчин чадал бүхий тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран дүрс оношилгооны иж бүрдэл гэх мэт 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэс засал болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүлийн мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй. Сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тус эмнэлэгт ажиллах 3,000 гаруй эмч мэргэжилтнийг 24 удаагийн сургалтад хамруулж бэлтгэсэн тухай бид мэдээлж байсан билээ.

Ийнхүү хамгийн сүүлийн төслүүд нь амжилттай өрнөж, туузаа хайчилсан юм. Тэгвэл Японы дараагийн хөрөнгө оруулалт Монгол Улсын дэд бүтцийн салбарыг чиглэх тухай яригдаж байгааг эх сурвалж мэдээлж  байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон нийслэлийг метротой болгох төслийг эхлүүлэх тухай юм. 

Эх сурвалж: EAGLE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>