Буддын шашныг мухраар шүтэхийн оронд Буддагийн сургаалыг судалж, мэдэх хэрэгтэй
"Миний сургаалыг сонс, судал, таалагдвал амьдралдаа хэрэгжүүл, гэгээр. Түүнээс биш намайг шүтэж болохгүй”
Сэтгэлээ номхруулж чадаагүй, ёсоо сахидаггүй лам хувраг дэггүй удган зайран, худал хэлэгч үзмэрч, төлөгч, аура цэвэрлэгч, гэрлэн бүрхүүл сэргээгч, мөнгө дуудан ирүүлэгч зэрэг элдэв "шидтэн" одон болсон энэ цагт Буддагийн сургаалын үзэл санааг хамгаалах, мөн чанарынх нь талаар шинжлэх ухаанч ойлголт өгөх, судалж, танин мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэхийн ач холбогдлыг таниулах, мухар сүсгийн хор уршгийг олон нийтэд ойлгуулах шаардлагатай байна.
Будда Шагжамуни сургаалдаа хүнээс тусдаа орших ямар нэг дээд хүч, далдын зүйлийн тухай биш, харин хүнд өөрт нь байгаа хүч, боломж, тэдгээрийг хэрхэн зөв олж нээх, арвижуулах, ашиглах тухай номлосон. Тухайлбал, өөрийгөө хэрхэн ялан дийлэх, засан өөрчлөх, зөв амьдрах, сэтгэлээ сайжруулах, оюунаа гэгээрүүлэх, үнэнийг таних тухай номлосон. Будда сургаалуудаа бичиж үлдээгээгүй. Хожим нь түүний шавь, дагалдагсад сургаалыг нь цуглуулан эмхэтгэсэн ч хүлээн авах тал дээр хоёр өөр зам мөрд хуваагдаж, "Дөрвөн үнэний сургаал”-ыг голлон дагадаг Хинаяана-Бага хөлгөн (Өмнөдийн буддизм) үүсэж, пали хэлээр ном судраа гаргасан.
Төвөдүүд тарнийн хөлгөн хэмээх урсгал чиглэл бий болгож, мухраар шүтдэг байсан бөөгийн зан үйлээ Буддагийн сургаалтай холин хутгаж, хараал, авралын болон бусад элдэв уншлага бий болгож, сүсэгтнийг мунхруулж, өглөг барьцаар хөлжин амьдардаг лам нарыг бэлтгэж, тэднийг мухраар шүтүүлж эхэлсэн байдаг. Буддагийн сургаалыг шашинжуулах бусармаг үйл олон жил үргэлжилсээр байгаа тухай нэгэн судлаач ярилцлагадаа дурьдсан нь бий (Өдрийн сонин. 2017, №012, х.13).
Шарын урсгал нь Буддагийн сургаалыг тууштай баримтлагч, нэгэнт Төвөдөд бий болсон буддын шашныг шинэчлэгч, алдаа завхарлыг нь засагч Зонхов Лувсандагватай холбоотой. Тэрбээр Буддагийн сургаалын үзэл санааг гуйвуулан мунхруулагчидтай тэмцэх зорилгоор шар малгай өмсөн агуйд даяанчилж, сургаал номлож, түүнийгээ дагагч шар малгайтнууд, шарын урсгал бий болгосон бөгөөд Монголчууд яван явсаар эл урсгалыг хүлээн авч, нутаг орондоо дэлгэрүүлж, шарын шашин хэмээн нэрлэж. Заах, сургах гэсэн утгатай шасана хэмээх самгарди үгийг "шашин” (шажин) болгон хэрэглэж ирж. Монголчууд буддын шашныг бурхны шашин гэдэг.
Монгол хүн бүр өөрийн гэж "өмчилсөн” ламтай болж, түүнээсээ асуухгүйгээр юу ч хийж чадахаа болих нь ээ. Уг нь Буддагийн сургаалыг судлах, танин мэдэх, даган хэрэгжүүлэх, зовлон бэрхшээлийг даван туулах, зөв амьдрах арга зам заалгах гэж л багштай болох ёстойг Будда айлдсан.
Хүн өөрийнхөө жинхэнэ аврагч, бүх юм зөвхөн өөрөөс шалтгаалахыг ойлгоно, эдлэх жаргал, зовлон, сайн, муу сэтгэл өөрийн үйлээс шалтгаалан үүсдэгийг ухаарна. Сэтгэлийн амар амгаланг бий болгох, сэтгэлээ боловсруулах, хөгжүүлэх, ариусгах арга барилд суралцана.