МЭДЭГДЭЛ

652
МЭДЭГДЭЛШинжлэх ухааны ажилчид бид өнгөрсөн зууны 80–аад оны сүүлээр ардчилал шинэчлэлийг эх орондоо эхлүүлсэн билээ. Аливаа хувьсгал төрүүлсэн эцгээ залгидаг гэдэг шиг манай ардчилсан хувьсгалын төрүүлсэн хүүхдүүд шинжлэх ухаанаа залгиж устгахаар сэтгэл шулуудсан нь нэн харамсалтай.
  1. Сүүлийн хэд хоногийн үйл явцаас ажиглахад Шийдлийн засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ы сайд Л.Гантөмөр нар Монгол Улсын шинжлэх ухааны талаар ямар нимгэн мэдлэгтэй болох нь бэлхнээ харагдах боллоо. Иймээс тарааж бутраахыг ярихаасаа өмнө  ШУА-ын хүрээлэнгүүдийн ажилтай өөрийн биеэр хүрэлцэн ирж танилцахыг БСШУ-ы сайд Л.Гантөмөрөөс шаардаж байна.
  2. Зарим чадвар мөхөс төрийн бус байгууллага, хувийн ашиг сонирхолын зөрчилтөй хүмүүсээр ШУА, хүрээлэнгийн талаар өнгөцхөн байдлаар үнэлгээ хийлгэснээ шинжлэх ухааны үндэслэлтэй, баталгаатай мэт ойлгож улс төрч нар төдийгүй ард нийтэд итгүүлэх гэж муйхарлан зүтгэж байгаа нь хэрээс хэтэрлээ.
  3. 2015 оны төсвийг батлахад Монгол Улсын Их хурлаас БСШУЯ-ны төсөв танагдалгүй  батлагдсан билээ. Гэтэл БСШУ-ы сайд Л.Гантөмөр энэ төсвөөс бүтцийн өөрчлөлт хийх нэрээр зөвхөн шинжлэх ухаанд хамрах хэсгийг танаж дотор нь бужигнуулах гэж байгаа нь "чоно борооноор” гэдгийн үлгэрээр төсвөөс өөрийн сонирхолд нийцүүлсэн, дураараа дургин, хяналтгүй мөнгө босгох гэсэн арга гэж харагдаж байна.
  4. Тэртэй тэргүй элгээр нь хэвтүүлчихээд байгаа шинжлэх ухааны суурь дэд бүтцийг их сургуулиудтай нэгтгэх нэрээр үрэн таран хийж устгаснаар хойч үедээ нөхөж барашгүй гай хурааж, монгол улсын оюуны чадавхийг хэдэн арван жилээр хойш татах болно. Устгах амархан эргээд босгох түүнээс 100 дахин хэцүү шүү.
  5. Энэ боловсрол мэдлэггүй, бүхнийг зоосны нүхээр харагч түшмэдүүд нь хүрээлэнгүүдийн дэд бүтэц, тэр дундаа байр сав, газар байршил нь амтат бялуу мэт харагдаж, энд хуруу хумсаа дүрэхийн тулд эрхэм сайдтангууд та нарын толгойг угааж, эгнээдээ элсүүлж байгааг бүгд харж байна. Та бүгд энэ бүхнийг харсан ч хараагүй мэт, эд яахав хэд шуугилдаад дуугүй болно гэсэн өнцгөөр харж байгаа бол их эндүүрэл болно шүү.
  6. Засгийн газрын шийдвэр гаргагч нар монгол оронд чөлөөт сэтгэлгээг нугачин дарах, бүх зүйлсийг өөрийн муйхар бодлоор шийдвэрлэж, хар цагааныг одоо ба ирээдүй цагт нь дэнслэн харьцуулах чадвартай шинжлэх ухааны хүмүүсийг улс төрийн намынхаа дагалдан баясагч нар шиг байлгах гэж зүтгэхтэй хэзээ ч санал нийлж чадахгүй гэдгийг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Байгаа нөөц бололцоогоо үр ашигтай ашиглаж, шинжлэх ухаанд тулгуурласан тогтвортой эдийн засгийг цогцлоож Монгол эх орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая!

Шинжлэх ухааны салбарын ажилчдын цуглаанд оролцогчид

2014 оны 12-р сарын 30. Улаанбаатар хот

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>