Канадын телевиз “Home Alone 2” киноноос Трампын дүрсийг хассан нь зарим Америкчуудыг бухимдуулжээ
Жил бүрийн Зул сарын баяраар хүмүүсийн үзэх дуртай кинонуудын нэг нь “Home Alone 2” юм. 1992 оны энэ бүтээлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хальт гараад өнгөрдөг.
Харин хэд хоногийн өмнө Канадын CBC телевиз “Home Alone 2”-ийг үзүүлэхдээ Трампын оролцсон хэдхэн секундын дүрсийг хассан хувилбарыг гаргасан байна. Энэ нь Трампыг дэмжигч америкчуудыг бухимдуулжээ.
Тэд үүнийг улс төрийн цензур гэж дүгнэсэн байна. Удалгүй Дональд Трампын ууган хүү твиттер хуудсаараа Канадын телевизийн цензурыг шүүмжилсэн нийтлэлийн холбоосыг тараасан юм. Трампыг дэмжигч Fox News сувгийн өглөөний шоуны хөтлөгч хүртэл Канадын телевизийн бодлогыг шүүмжлэн ярьжээ. Харин CBC сувгийн олон нийттэй харилцах албаны захирал Чак Томпсон тайлбарлахдаа “Home Alone 2”-ийг анх 2014 онд тус суваг худалдаж авсан бөгөөд Трампын хэсэг киноны үйл явдалд онц нөлөөгүй тул цагтаа тааруулж хассан гэсэн байна. Трамп 2015 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 2016 онд сонгогдсон тул энэ хасалт нь ямар нэг улс төрийн агуулгагүй гэжээ.
“Бүрэн хэмжээний уран сайхны киног телевизийн сувагт тааруулахын тулд хасах, танах явдал байдаг. Трампын хэсэг нь энэ киноноос хасагдсан хэд хэдэн хэсгийн нэг нь юм” гэж Томпсон мэдэгдсэн байна. Кинон дээр Флорида руу амрахаар явсан гэрийнхнээсээ төөрсөн 10 настай хүү (Маколэй Калкин тоглосон) Манхэттений Plaza зочид буудалд Дональд Трамптай тааралдаж, зам асууж байгаа хэсэг гардаг.
Ирээдүйн ерөнхийлөгч төөрсөн хүүд яаж хүлээлгийн танхимд хүрэхийг зааж өгөөд өнгөрдөг юм. Үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн Трамп уг зочид буудлыг 1988 онд $400 саяар худалдаж авсан бол сүүлд 1995 онд $83 саяын алдагдалтайгаар буцаан зарж байжээ. Дональд Трамп нь өнөөдөр Канадын иргэдийн дунд нэр хүнд муутай байгаа. Тэрээр хойд хөршийнхөө эсрэг худалдааны хориг тавьж, залуу ерөнхий сайдыг нь байнга элдвээр хэлдэг. Энэ онд Канадад болсон парламентын сонгуулийн үеэр намын дарга нар өрсөлдөгчдөө шүүмжлэхдээ Дональд Трамптай адилтгах аргыг түгээмэл хэрэглэж байснаас харвал канадчуудын хандлагыг мэдэж болохоор байв.
Р.Төмөр
Эх сурвалж: The Washington Post