Угаартах айдас дээр хөлдөх аюул нүүрлэлээ
- Нэг удаагийн худалдан авалтыг хоёр шуудай болгож багасгасан нь дарин дээр давс нэмэхтэй адил шийдвэр боллоо
- Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хэдий зөв шийдвэр байсан ч анхнаасаа төлөвлөлт нь буруу байснаас өнөөдөр хомсдол үүссэнийг тэд мэдэж байгаа ч тоохыг хүссэнгүй
- Зарим айл гэрт амьдарч байгаа бол нэг хэсэг нь хоёр давхар байшинд амьдардаг тул бүгдэд нэг жишгээр худалдаалах нь учир дутагдалтай. Нялх хүүхэдтэй айл "лимит" хэтэрсэн гээд хүүхдүүдээ дааруулж, осгохоос наагуур дараагийн долоо хоногтой золгохоос өөр сонголтгүй аж
- Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт их мэт боловч бодит байдал тэс өөр байна
Нэлээд хэдэн сарын өмнө сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн утааг багасгана хэмээн Ерөнхий сайд, хотын дарга тэргүүтэй нөхөд зоримог шийдвэр гаргаж, түлш үйлдвэрлээд эхэлсэн.
Урин дулаан цаг байсан болоод ч тэр үү боломжийн хэмжээний түлш нөөцөллөө гэж дарга нар баярласан нь том эндүүрэл болсныг борчуудын амьдрал гэрчилж байна. Харин гэр хороололд амьдарч үзээгүй эрхэм дарга нар бэрхшээлийг муйхраар шийдэх гэж мугуйдалсан хэвээр.
Өнгөрсөн зургадугаар сард “Тавантолгой түлш”-ийнхэн 100 мянган тонн түлш нөөцөлснөө тунхаглан зарлаж, 2019 оны арваннэгдүгээр сар гэхэд иргэдийн хэрэгцээг бүрэн хангах нөөцтэй болно гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ болж иргэд тэсгим хүйтэнд зутарч байна. Түлш багаслаа, нөөцгүй боллоо гээд иргэдийг хясаж, түлшээ харамлаж боломгүй санагдана.
Түлш борлуулах цэгт 10:00-00:00 цаг хүртэл ямар үйл явдал өрнөж байгааг шийдвэр гаргагч нар мэдэх билүү.
Өнгөрсөн долоо хоногт манай сонины сурвалжлах баг сайжруулсан түлшний хүрэлцээ, хангалт, эрэлтийг сурвалжилж, нийтэлсэн.
Энэ үед иргэд хүрэлцээ хангалтгүй байгааг хэлж, тогтоосон нормоо нэмэхийг хүсэж байв. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт шахмал түлшийг нэг дор зургаан шуудайг өгдөг байсныг зогсоож, өдөрт хоёрхон шуудайг өгөх норм тогтоосноо мэдэгдлээ. Энэ нь дарин дээр давс нэмэхтэй адил шийдвэр болов.
Тэд аливааг дэргэдээс нь бус тэнгэрээс харж шийдвэр гаргаж байгаад иргэд дургүйцэж байна. Өдөрт нэг шуудай түлш олгох шийдвэр гаргах гэж байснаа хоёр болгож нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь бүр доромжилсон мэт.
Үүнийгээ түлшний нөөц нэмэгдүүлэх боломж хэмээн хэнэггүй өчиж байгаа нь бүр гутмаар. Түлш борлуулах цэгт 10:00-00:00 цаг хүртэл ямар үйл явдал өрнөж байгааг шийдвэр гаргагч нар мэдэх билүү.
Аргаа ядахдаа иргэд, борлуулагч нар төр засгийн удирдлагуудыг нэг шөнө хамт ажиллаж үзээсэй хэмээн хүсэж байх вэ дээ. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хэдий зөв шийдвэр байсан ч анхнаасаа төлөвлөлт нь буруу байснаас өнөөдөр хомсдол үүссэнийг тэд мэдэж байгаа ч тоохыг хүссэнгүй. Товчхондоо нүдэн балай, чихэн дүлий байдлаар хандаж, бүхнийг хүчээр шийдэж, энэ өвлийн хүйтэнд зутраахаар шийдсэн бололтой.
Долоо хоногт зургаан шуудай шахмал түлш авдаг байсан иргэд өдөр бүр хоёр шуудайг авах гэж энэ өвөлжингөө илүү зардал гаргаж, даарч хөрөх зовлон биш гэж үү. Хоёр шуудай түлшний төлөө хоёр хоног тутам таксинд 2000-3500 төгрөг төлөх нь. Шийдвэр гаргагчид үнэндээ ард түмнээ бодсон алхам хийсэнгүй. Нэг удаагийн худалдан авалтаар хоёр шуудай түлш олгох шийдвэр гаргасан ч хомсдолыг арилгаж чадахгүй. Өнөө, маргаашийг аргацаах гэсэн арга нь эцэстээ түүхий нүүрсийг буцааж түлүүлэх магадлал өндөр гэдгийг санах ухаан байсангүй.
УЛААНБААТАРЧУУД ГАЛ АЛДАЖ МАГАДГҮЙ
Одоогийн байдлаар “Таван-толгой түлш” компанийн дөрвөн үйлдвэрийн 12 шугам хэвийн ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр үйлдвэр нь сард 27 мянга, хоёрдугаар үйлдвэр нь 18 мянга, гуравдугаар үйлдвэр нь 18 мянга, дөрөвдүгээр үйлдвэр нь 6000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Эдгээрийг нэмбэл сард 70 мянга орчим тонн түлш үйлдвэрлэж байгаа юм.
Улаанбаатарчууд өвлийн улиралд 600 мянган орчим тонн түлш хэрэглэнэ гэх тооцоо бий. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байсан.
Нялх хүүхэдтэй айл “лимит” хэтэрсэн гээд хүүхдүүдээ дааруулж, осгохоос наагуур юм болж дараагийн долоо хоногтой золгохоос өөр сонголтгүй болох нь.
Чадлаараа хэмнэсэн ч тэдэнд долоо хоногт зургаан шуудай түлш хэтэрхий чамлалттай байхад ингэж хатуурхах нь "хөлдөж үх" гэсэнтэй агаар нэг юм. Сайжруулсан шахмал түлшнээс өөр юу ч түлж болохгүй гэж хорьчихоод таслахгүй байх ёстой баймаарсан.
Тиймээс түүхий нүүрс түлээд торгуулиа төлөх үү. түлээгүй хүйтэн гэрт даарч суух уу. Түлш хүрэлцэхгүй, олдоц муу учраас иргэд аргагүйн эрхэнд түүхий нүүрс, шатамхай бодис түлж байна. Өнгөрсөн хугацаанд багагүй хэмжээний түүхий нүүрсийг холбогдох албаныхан хураасан.
Гэвч өнөөдрийг хүртэл иргэд түүхий нүүрсээ түлсээр байна. Уг нь нийслэлчүүд утаанаас салахыг маш их хүсэж, сайжруулсан шахмал түлшээр түүхий нүүрсийг солихыг дэмжиж байсан. Харамсалтай нь, бэлтгэл, төлөвлөгөө муу байсны балгаар нийслэлчүүд гал алдах дээрээ тулж, аргаа барахдаа түүхий нүүрсийг дахин түлж эхлэх эрсдэл үүсээд байгааг албан тушаалтнууд бодитоор харахыг хүсэхгүй байна. Торгоно, хураана гэхээсээ өмнө нөхцөл байдлыг бодитоор харна уу.
ТҮЛШНИЙ ХОМСДОЛООС ГАРАХ ГАРЦ ХАЙ
Сайжруулсан түлшийг анх нийслэлийн хэрэглээнд нэвтрүүлэхдээ тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөр үнэлж, дээд хязгаарыг нэг тонн гэж тогтоосон ч нэг их удалгүй цуцалсан. Угтаа бол энэ шийдвэр зөв байсныг өнөөдрийн эрэлт, нийлүүлэлт нотолж байгаа юм. Нэг жишээ дурдъя. Иргэн Б нэг тонн түүхий нүүрсийг хамгийн багадаа хоёр сар түлдэг.
Тэгвэл сайжруулсан түлшийг илчлэг сайтай, зарцуулалт багатай гээд багадаа гурван сар түлэх тооцоо гаргасан. Энэ хугацаанд хангалттай түлш нөөцлөх боломж байгааг хүмүүс ярьж байна.
Нэг тонноор нь авсан иргэд гурван сар түлшний зовлон ярихгүй.
Нэг тонноор нь авсан иргэд гурван сар түлшний зовлон ярихгүй. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг нийслэлд 359 цэгээр тогтмол хийж, долоо хоногт айл өрхүүдэд зур гаан шуудай түлш картаар өгч байгааг хангалттай гэж “Таван толгой түлш”-ийнхэн үзэж буй.
Нийслэлд өмнө нь огцом хүйтрэхэд долоо хоногт 2-3 шуудай хэрэглэдэг байсан айл ганц өдрийн дотор 4-5 шуудайг хэрэглэсэн гэх. Нөгөөтэйгүүр, зарим айл гэрт амьдарч байгаа бол нөгөө хэсэг нь хоёр давхар байшинд амьдардаг тул бүгдэд нэг жишгээр худалдаалах нь учир дутагдалтай. Нялх хүүхэдтэй айл “лимит” хэтэрсэн гээд хүүхдүүдээ дааруулж, осгохоос наагуур юм болж дараагийн долоо хоногтой золгохоос өөр сонголтгүй болох нь.
Үүнээс гадна өдөртөө ажилтай тул орой гэр рүүгээ буцах замдаа нүүрсээ бага багаар худалдан авдаг өрхүүд 7-8 км түлшний цэг хайж явдаг болсоор удаж байна. Машинтай иргэд ингэж яваад ч болов түлшээ аваад дулаахан хоночихно, харин машингүй нь ойрын цэгтээ найдаад ирэхэд түлш нь дууссан бол таксины мөнгөнөөс эхлээд эдийн засагт даанч хохиролтой. Тиймээс л нэгмөсөн нэг тонныг өгчих гээд байгаа юм шүү дээ.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ