"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"
Нийгмийн даатгалын сангаас 420 гаруй мянган иргэн тэтгэвэр авч байгаагийн 230 орчим мянга нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Эдгээр иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэрийг УИХ энэ сарын эхээр гаргасан. Үүнийг "Нүдээ олсон, амьдрал ахуйд дэм болохуйц шийдвэр болсон” гэдгийг олон ахмад хэлж байна. Хэдийгээр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай мэдээллийг анх Ерөнхийлөгч олон нийтэд хүргэсэн ч бодит ажил болгосон нь эрх баригч Ардын намынхан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг ийнхүү олон нийтэд мэдээлэхээс өмнө ҮАБЗ хуралдаад дээрх шийдэлд хүрсэн байсан юм.
Улс төрийн намууд аливаа амлалт өгдөг ч эргээд ажил хэрэг болгодоггүй, сонгогчдын саналыг авахын тулд хуурдаг буруу жишиг тогтсон нь нууц биш. Ийм үед МАН-ынхан хариуцлагаа ухамсарласныг тусгайлан дурдахад илүүдэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, намынхаа төдийгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухайд санаа тавиад зогсохгүй боломж гарсан даруйд ажил хэрэг болгосон нь сайшаалтай.
Үе үеийн парламент өнгөрсөн хугацаанд байгалийн баялгийг ард түмэндээ хүртээх талаар ярьдаг ч ард түмний амьдралд нөлөөлөхүйц бодит алхам болж чадаагүй. Тэгвэл энэ удаагийн шийдвэр ахмадуудын амьдралд хэрэгцээтэй, Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэх нэг шийдэл боллоо.
Цагаан сарын босгон дээр нэг сарын тэтгэврээ ч болов авна гэдэг яалт ч үгүй хэрэгтэй шийдвэр. Ахмадууд бид тэтгэврийн зээлийг өөртөө биш, үр хүүхдэдээ л зориулдаг. Ингээд зээл тэглэхээр хүүхдүүдийн нуруун дээрээс нэг ачааг ч гэсэн хөнгөлж байна шүү дээ. Халамж хавтгайрууллаа гэж шүүмжлэх нэгэн байна. Халамжийг мэдээж хавтгайруулж болохгүй. Гэхдээ төр засаг ахмадаа харж үзэх ёстой.