Ганцаарддаггүй ганц буурал дайчин

843
Ганцаарддаггүй ганц буурал дайчинУлиран одсон 2014 оны 12 дугаар сарын сүүлчээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон шинэ гишүүнийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батламжлах гээд хуралдааны танхимын үүдээр олон хүмүүс эргэлдэж, тэрүүхэндээ хөөрхөн хөдөлгөөнтэй байв. Тэгтэл ордны баруун талын коридороор сурвалжлагч хүүхнүүд Г.Жамъян гуайг тойрон шавчихсан ирж яваа харагдав.

Тэд дор бvрнээ "Жамъян гуай vнэхээр гайхалтай бие сайтай хvн юм аа. Ная хvрэх гэж байгаа та ингээд гялалзаж явахад 30 дөхөж яваа бид нар заримдаа суучих гээд л байх юм” гэлцэн хоёр талаас нь сугадчихсан хоргоож байлаа. Миний хувьд нэлээн хэдэн жил хамт ажиллаж байсны хувьд ихэд хvндэлдэг буурал бол яах аргагvй Монгол улсын Соёлын гавьяат зvтгэлтэн, нэрт сэтгvvлч Г.Жамъян гуай билээ.

Хоёр жилийн өмнө шахуу Г.Жамъян гуай зээ хvv О.Балдандоржийнхоо гэгээн дурсгалыг мөнхжvvлэх vvднээс гурав дахь удаагаа зохион байгуулсан хvvхдийн дууны "Бөөдий” наадмын тухай мэдээлэл vзэхдээ буурал сэтгvvлч ахын халуун сэтгэлийг дахин мэдэрч, өөрийн мэдэлгvй самшаа шархирч сууснаа эргэн санав. Өөрөө шvлгийг нь бичиж, хөгжмийг нь Монгол Улсын Урлагийн гавьяат зvтгэлтэн Ж.Шараа хийсэн "Бөөдий” дууны нэр нь Г.Жамъян гуай хайртай зээ хvvгээ өхөөрдөж багад нь өгсөн нэр байж.

Ихэд хvндэлж явдаг цал буурал Г.Жамъян гуай хэзээний л сэтгvvлч хvний сониучхан зангаар "За хvv минь сайн уу. Өнөөдөр МVОНРТ-ийн шинэ гишvvдийг батламжлах нь уу” гэсээр уулзсан нь санагдаж бушуухан комьпютерийнхээ ард суугаад vvнийг тэрлэж суугаа нь учиртай. Алс тэртээ 1937 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг, Цагаан хаяа хэмээх газар төрж, ээдрээт амьдралын их замаар 78 жил унаж, босон мацаж яваа Г.Жамъян гуай өнгөрсөн Цагаан сарын дараахан ажил дээр минь хэрэг болгон зорьж ирээд туулж өнгөрvvлсэн бартаат амьдралынхаа тухай өгvvлсэн "Хилэнцэт орчлон” номоо хоёр гардан барьж билээ.

Томоохон романы дайтай ч гойд уншууртай тэрхvv намтарчилсан номыг нь хэнгэнэтэл санаа алдаж, нvдээ чийгтvvлэн уншиж дуусахад vvрийн цагаан гэгээ цонхны цаана тунарч байсан юм даг. Сэтгэл ихэд догдолсон би "Жамъян гуайнхаа тухай их бага нь хамаагvй, ямар ч гэсэн нэг хөрөг, тэмдэглэл бичнэ дээ” гэж тэр л vед амласанаа мартагнаж явсан тул тийнхvv өөрийгөө буруутгасан хэрэг.

Энэ эрхэм бууралтай "Монголын мэдээ” сонинд хамт ажиллаж, "Ардчилал” сонинд хааяа нэг даацтайхан материал авчирч өгөхөд нь хэвлэн нийтлvvлэх талаар тус дэм болох байдлаар арваад жил ойр дотно явсан билээ.

Анх Солонгост хэдэн жил ажилласныхаа дараа 2004 онд "Монголын мэдээ” сонинд сурвалжлагчаар ороод л Г.Жамъян гуайтай танилцаж билээ. Тэр vед "Монголын мэдээ” сонин Нарантуул захын баруун талд "Эрэл” компанийн барьсан FM-107.5 радиотой байрны хамгийн дээд талын давхарт байрладаг байв. Гэр ойролцоо байсан тул өглөө гайгvй эрт ирэх болгонд Г.Жамъян гуай хэзээний л ирчихсэн сурсан зангаараа бичгийн цаасыг дундуур нь нямбайлан нугалж хоёр хэсэг болгочихоод хачин гоё гаргацтай, гойд цэмцгэр, босоо бичгээрээ ар өвөргvй биччихсэн сууж байдагсан.

Тvvний сонинд нийтлvvлэх материал ёстой л тэмээнээс тэмдэгтэй, хэн ч гэсэн нэг хараад л танихаар байдаг нь гайхалтай. Бичгийн цаасыг голоор нь нугалж, материалынхаа гарчиг доогуур хоёр урт зураас татдаг нь тvvний таних тэмдэг. Ихэвчлэн өдрийн цайны өмнө буюу 11-12 цагийн vед ярилцлага, тэмдэглэл, сурвалжлага, нийтлэл гээд сонины бvх л төрлөөр бичсэн материалаа дуусгаж операторуудад хамгийн тvрvvнд хvлээлгэж өгчихөөд яваад өгнө.

Учир нь тvvний бичсэн материалд vг vсгийн алдаа, утга найруулгын засвар хийх зvйл өчvvхэн ч гардаггvй тул сонины эрхлэгч Д.Сандагсvрэн, орлогч Д.Баярмаа нараас эхлээд операторууд ямар ч хэл vг гаргалгvй нийтэлдэг байв.

Бараг л адал явдалт кино шиг адармаатай амьдрал туулсан энэ хvн 1978 оны 3 дугаар сарын 8-ны шөнө гурван согтуу орос офицерийн жолоодсон байлдааны машин Х.Чойбалсангийн хөшөөний дэргэд шөнийн ээлжийн автобус мөргөөд зугтахад 19-хөн настай Г.Содномцэрэн гэж залуу шатаж байгаа автобуснаас 20 хvний амь авраад өөрөө эрсэдсэн тухай "Гавьяа” найруулал бичсэнээсээ болж улстөрийн хэлмэгдэлтэд өртөж, 10 жил 6 сар хvнд хvчир ажилд нухлагдсан тvvхтэй. Хамгийн анх 1959 онд МУИС-ийн 3 дугаар курсын оюутан байхдаа "Халхын талд” хэмээх 20 мянган мөр шvлэглэсэн романдаа

"Номхон цагаан хоньдыг минь
Нохой сvvлтэй болгочихов
Номын vсгээ мартаж
Бусдын тэнгэрт залбирав”

гэж бичсэнээсээ болж тэр vеийн зохиолчдын хорооны дарга Д.Сэнгээд "Бас нэг эсэргvv гараад ирж” хэмээн цоллогдсон нь 77 насыг наслахдаа одоогийн МАН-аас гурвантаа хөөгдөж, "Засаршгvй тэрс vзэлтэн” гэгдэхийн эхлэл болсон гэдэг.

Биерхvv сvрлэг ч хvvхэд шиг гэгээн тунгалаг мишээлтэй, ядмагхан 10 хvний туулж барахгvй амьдралыг эр ганц бие, хатан зоригоороо эрвэлзэнхэн туулаад гарсан энэ эрхэм хvний амьдрал гайхаж биширмээр, бэлээхэн амьд домог шиг л санагддаг юм.

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди тvvнд Соёлын гавъяат зvтгэлтэн цол гардуулахдаа "Эр хvн туг ч барьдаг, тугал ч хариулдгийг та бие сэтгэлээрээ харуулсан хvн. Шударга vнэний төлөө улам сайн бичээрэй” гэж хэлээд эрхэм шагналыг нь энгэрт нь зvvж өгсөн гэдэг.

Соёлын гавъяат зvтгэлтэн болсных нь дараахан 2005 оны намар Жигжидийн зусланд байх гэрт нь очиж эхнэр З.Ичинноров гуай болон хоёр охин, ганц хvvтэй нь танилцаж Жигжидийн уулан дээр гарч туулж өнгөрvvлсэн амьдрал, тэмцлийнх нь талаар сайхан дурсамж сонсож байлаа. Залуудаа хаана л нийтийн бvжиг болно тэнд очиж суналзтал вальс эргэдэг байсныг нь илтгэх цэх шулуухан нуруу нь аргагvй л хорвоогийн жамаар vл ялиг бөхийсөн ч vзэг цааснаасаа нэг өдөр ч хөндийрөөгvй л яваа.

Өнөөдөр монголын сэтгvvлзvйд ихээхэн дутагдаж байгаа Эрэн сурвалжлах сэтгvvлзvйд тvvн шиг даацтай, баримт нотолгоо сайтай уншууртай материал бичиж нийтлvvлсэн сэтгvvлч хуруу дарам цөөхөн.

Тав зургаан жилийн өмнө "Өвдөг өвдөөд” гэсээр vл ялиг доголж явдаг байсан бол өнөөдөр тэр зовиур нь бараг л арилсан бололтой. Өнгөрсөн намар нэгэнтээ "Ээ дээ тэмээний чөмөгний тос vе мөчний өвчинд vнэхээр сайн юм. Би зав л гарвал хvнсний захуудаар явж тэмээний чөмөг цуглуулж тосыг нь шаргааж тvрхсээр байгаад өвдөг өвдөх нь бvр гайгvй шvv” гэсэн билээ.

Өнөөдөр ч "Өдрийн сонин” болон бусад өдөр тутмын сонинд эрэн сурвалжлах чиглэлийн уншууртай, даацтай материал нийтлvvлсээр л яваа Монгол Улсын Соёлын гавъяат зvтгэлтэн Г.Жамъян гуайн хийж амжуулахаар махран хөөцөлдөж яваа гол ажил нь хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр 19-хөн насандаа хорвоог орхисон хайртай зээ хvv О.Балдандоржийнхоо нэрэмжит сан байгуулж, хэлж ирдэггvй хийсч ирдэг аюулт өвчинд шаналж яваа нэг ч гэсэн хvнд тус болж буян vйлдэх нь тvvний vлдсэн амьдралынх нь утга учир гэсэн. Хорвоогийн амьдралын эрээн барааныг хангалттай туулсан энэ буурал "Vхэхээс бусдыг vзлээ.

Болж бvтэхгvй бvхэнтэй vзэг, цаасаараа тэмцсээр яваад л дуусна. Цементэн дээр биш, цаасан дээр жижигхэн хөшөө vлдээгээд явна даа” гэсээр бичиж, туурвиж, тэмцсээр л явна. Тэр аргагvй л "Хилэнцэт орчлонг” сөрж амьдарсан эр зоригийн "Гавьяа”-тан билээ.

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>