"Бид нэг завин дээр" яваагүй

962
 "Бид нэг завин дээр" яваагүй

Сүүлийн үед, сүүлийн үед ч гэж дээ өмнө нь ч ярьж л байсан, одоо бүр ч тод сонсогдох болсон огт худлаа нэг үгийн далд санаа зорилгыг одоо л илчлэн хэлэхгүй бол горьгүй нь ээ. Тэр үг нь юу вэ гэж үү?!
Улс орны амьдрал хүндхэн байгаа үед улстөрчид гэх этгээдүүдийн ярьдаг тэр үг нь "Улс орон маань завь юм гэж бодвол бид бүгдээрээ нэг л завин дээр яваа!” гэх анхааруулга юм.  


    Нэг завины талаархи энэ далд санаатай үг олон хүнд далайн шуурганд дайруулан амь тэмцэн яваа зоригт далайчдын баатарлаг үйл явдал бүхий киноны төсөөллийг бүрдүүлж, "Нээрээ тийм шүү дээ. Завь маань сүйрвэл бүгдээрээ л сүйрнэ. Завийг залуурдаж байгаа хүнээ шүүмжлээд байх биш, харин ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна. Завиа сүйрүүлчихгүйн тулд л зориг гаргаж энэ бүхнийг хийх гэж байна шүү дээ” гэх мэтээр бараг л нулимс дуслуулах шахам сэтгэлийн их хөөрөлтэйгөөр үгийг нь давтан телевизийн дэлгэцээр донгосох нь өрөвдмөөр ч юм шиг.


    Хэрвээ далайн дунд хөвөх завиар төсөөлөх хэрэгтэй юм бол харин ч бид бүгдээрээ нэг завин дээр биш, зарим нь, бүр тодруулж хэлвэл залуур барьж байгаа гэж бидний итгэхийг хүсээд байгаа тэр хүмүүс аль хэзээний завиа орхиод гадаадын том хөлөг онгоцууд дээр гарчихаад, залуургүй завин дээр хоцорсон монголчууд руугаа чанга яригчаар хашгиран "Та нар амь гарахыг хүсэж байгаа бол эхлээд авч яваа богц, аяны хүнс, усаа нааш нь энэ том онгоц руу шидэцгээ, бид гадаадын хөлөг онгоцонд л найдахаас өөр арга байхгүй” гэж хашгирч байгааг олж харах болно. Тэд:
-    Завины чинь өмнөд хэсэгт байгаа тэр их алт эрднэсээ нааш нь гаргаж хаяхгүй бол та нар аврагдаж чадахгүй. Живихгүйн тулд үүнээс өөр арга байхгүй гэж ятгаж байна. Бас бусад шуудай савтай, хүнд жинтэй үнэтэй болгоноо бушуухан энэ дэгээнд өлгөөд нааш нь явуулаад бай! гэнэ.
-    Бид хүн болгон нэг сэлүүр бариад бүгдээрээ самарвал ямар ч гэсэн эрэг хүрээд аврагдаж болох юм биш үү гэж зарим нэг нь саналаа дуулгахад,
-    Тэр сэлүүрийг чинь бий болгоход бас л мөнгө шаардагдана. Тэгээд ч хүн бүрт сэлүүр бариулах нь миний хийх ажил биш. Түүнийгээ өөрсдөө л олж аргалцгаа. Ер нь ч тэгээд хүч тамираа барж ажиллах гээд хэрэггүй. Аль болохоор хөдлөхгүй сууж байвал наад завь чинь дайвалзахгүй. Харин өлсөх даархаас сэргийлж зуун граммыг бол ойрхон ойрхон татаад бай! гэж зааварчлана. Тэгснээ дахиад л
-    Далайн шуурга нэмэгдэж байгаагаас болоод та бүхэн ачаагаа хөнгөлж, чихэн дэх ээмэг, хуруун дахь бөгж, хүзүүн дэх зүүлтээ богцонд хийгээд нааш нь өг! Түрийвчин дэх сүүлчийн зоосоо ч гаргаад өг! Ер нь хувцсаа ч тайлж өгөөд ус руу орохоо бэлдэж байх хэрэгтэй шүү. Амь амиа л авч гарахыг бод! гэнэ. Засаг баригчийн эр зоригийн шийдвэр гэгч нь энэ.  


Тэгээд энэ бүхнийг гадаадын хөлөг онгоцны тавцан дээрээс зааварчилж байгаа улстөрчид маань харин өөрсдөө өндөр үнэтэй цаг, нүдний шил, зангиа, костюм гээд тансаг хэрэглээгээрээ гайхуулан том хөлөг онгоцны зоогийн газрын үнэтэй тансаг хоол идэж, үнэтэй дарс шимэж тамшаалангаа хааяа онгоцны хашлага дээгүүр өнгийж хараад "Энэ завь ч одоо хүнтэй юутайгаа найдлагагүй боллоо л доо, Өөр л завины юм бодохоос” хэмээн халааснаасаа виза картаа гарган няслаад зугаа цэнгэлийн ая эгшигэнд маасалзан эргэлдэнэ.


Улстөрчдийн "нэг завины” сурталчилгааны цаана ийм л дүр зургийн төсөөлөл бодитоор урган харагдана.
Ямар ч гэсэн монгол улсын хүн ам нэг завинд суугаагүй болохыг нийгмийн ялгаа, улстөрчдийн үйлдэл, гадаад дотоодын "лобби”, хилийн цаадах хадгаламжийн нууц данс, зувчуулсан их хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд гээд олон юм батлаад байгаа шүү, ард түмэн минь ээ! Завин дээр үлдэх бид л өөрсдөө л завиа залуурдаж, сэлүүрдэцгээе!

Ш.Буд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>