С.Шаарийбуу Ерөнхийлөгчтэй дахин уулзах хүсэлтээ илэрхийллээ

55
  • С.Шаарийбуу Ерөнхийлөгчтэй дахин уулзах хүсэлтээ илэрхийллээ

     

    Тэрбээр сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Малайзын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримтуудаа шинээр бүрдүүлэх шаардлагатай болоод байгаа юмМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзжээ. Уулзалтаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэн "Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламент хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажиллах саналыг тавьж байна” хэмээжээ. Дээрх хэрэг гарснаас хойш 14 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хэргийг хааж, алуурчдад оноосон цаазын ялыг хүчингүй болгож, Нажиб Разак сонгуульд ялагдаж, олон үйл явдлууд өрнөсөн. Талийгаачийн аав С.Шаарийбуу УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед түүнээс энэ хэрэгт анхаарал хандуулахыг хүсэж байсан. Харамсалтай нь С.Шаарийбууг энэ хэргийн араас 13 жил цөхрөлтгүй хөөцөлдөхөд ямар ч төрийн өндөр албан тушаалтан хүсэлтийг нь харгалзаж үзээгүй юм. Харин өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг анх удаа хүлээн авч уулзаж, Малайз улсад захидал илгээн иргэнийхээ амь насыг нэхсэн. Гэвч шүүх хурал он дамнан үргэлжилж, одоог хүртэл хэргийн ээдрээ эцэс болоогүй байна. Учир нь аллага үйлдсэн этгээд хэргийн захиалагчийг илчилснээр шалгалтын ажиллагааг үргэлжлэн явуулж, Нажибыг гэм буруутай гэдгийг тогтоох шаардлага тулгарсан. Мөн С.Шаарийбуу өнгөрсөн хугацаанд өөрт болон ар гэрт нь учирсан сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохиролыг нөхөн төлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Эрүүгийн хэрэгт бүрдүүлсэн баримтуудыг Малайз улс Иргэний хэрэгт хэрэгсэхгүй гэж үзсэн нь хэргийг улам бүр сунжруулж байна. Улмаар Иргэний хэргийн шүүх ажиллагаанд зориулан нотлох баримтуудыг шинээр бүрдүүлэхэд асар их мөнгө, цаг хугацааны бэрхшээл тулгарч буй. С.Шаарийбуу гуайтай холбогдож энэ талаар тодруулахад "Би төрийн өндөр албан тушаалтнуудад удаа дараа хандаж байсан боловч харгалзан үздэггүй байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга намайг анх удаа хүлээн авч, уулзаж, иргэнийхээ амь насыг нэхэн Малайз улс руу захидал илгээсэн. Одоо хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Иргэний хэргийн ажиллагаа явагдаж байгаа. Гэвч Эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэгт хэрэглэж болох тухай Английн хуульд өөрчлөлт орсон ч Малайз улс түүнийг хэрэглэхгүй гэдгээс үүдэн бүх баримтыг дахин бүрдүүлэх шаардлага тулгарлаа. Үүнд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдаж байна. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахаар удаа дараа хүсэлт илгээсэн боловч, туслахууд нь уулзуулаагүй. Би Ерөнхийлөгчтэй дахин уулзах хүсэлт гаргасан. Намайг хүлээн авч уулзах болов уу хэмээн итгэж байна” хэмээсэн юм. Сонгуулийн тов ойртсон энэ өдрүүдэд төрийн удирдлагууд хэрэгсэхгүй байсан асуудалдаа ч анхаарал хандуулж эхэлсэн нь сайшаалтай. Ерөнхийлөгч иргэн С.Шаарийбуутай дахин уулзаж, хэрэг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх эсэхийг харах л үлдээд байна. 
Засгийн газрын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.