Амны хаалт тустай юу
Эмнэлгийн амны хаалтууд коронавирусаас хамгаалж чадах уу гэдэг талаар шинжээчид үгээ хэлжээ. Их Британийн "Express" хэвлэлийн санал асуулгад оролцсон мэргэжилтнүүд амны хаалтны хамгаалах чадвар төдийлөн өндөр биш гэлээ.
"Амны хаалт эмнэлэгт, эмчилгээний нөхцөлд чухал хэрэгсэл юм. Харин эмнэлгээс гадуур хэрэглэсний ашиг тус гэж тогтоогдсон баталгаагүй. Үр дүн нь төдийлөн өндөр биш” хэмээн доктор Жейк Даннинг ярьжээ.
Эмчийн хэлснээр, амны хаалтын үр дүн нь өмсөх, тайлах, устгах мөн тогтмол сольж байхаас хамаарна гэжээ.
АНУ-ын өвчнөөс сэргийлэх, хянах төвүүд (CDC) өвчний сэжигтэн, халдвар авсан хүмүүс ба тэдэнтэй харьцагч эмч нар л зүүх хэрэгтэйг хэлж байна. Мөн ийм санааг Торонто хотын эмч нар ч дэмжжээ.
Халдвар аваагүй хүмүүс хувийн ариун цэврээ сайтар сахин гараа тогтмол угааж, ариутгал хийн нүүр амандаа аль болох цөөн хүрэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Эмнэлгийн зориулалтын амны хаалт 100 хувийн үр дүнд хүрэхгүй, хүмүүс түүнийг буруу зүүж хэрэглэдэг гэдгийг ч эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Амны хаалт нүүрэнд бүрэн наалдан хаасан байхын зэрэгцээ цаг тутам сольж байх ёстой ажээ. Эмнэлгийн амны хаалтнаас илүүтэйгээр олон давхар эсвэл сайн шүүлтүүртэй респираторууд илүү үр дүнтэй гэнэ.