ЭЭЖЭЭ БИД ЯВЛАА
Энгэрээс тань сүүний үнэр эгшээгүй байхад
Эрх хонгор үрс чинь хэлд бүрэн ороогүй байхад
Өвөр дээрээ өлгий үнэг хоёрыг минь дэлгэж амжаагүй байхад
Өөдөсхөн гурван үр чинь тэнгэрлүү нууцаар нисчихлээ ...
Баривчны минь үнэрийг дэрлэж биднийг санаарай
Бандгархан хөлийн мөрийг минь илбэж нэг тайвшраарай
Булцгар улаан хацрыг минь бууж мордон зүүдлээрэй
Будант орчлонд амьдрал бэлэглэсэн ээж минь та бидний насыг аваарай
Тоглоомоо хурааж амжсангүй ээ ээжээ
Тонтгор үрс чинь гэхдээ уйлаагүй ээ
Торомгор нүднээсээ нулимс бүү унагаарай та минь
Томоогүй насаа орхиод тогоруун цувааг дагалаа бид чинь
Амттайхан мөөмөө ахиад ганцхан үмхэхсэн
Ажилдаа яваад ирэхэд чинь том болчихсон угтахсан
Хормойдож дээлнээс тань зүүгдэн зүггүйтэхсэн
Хорвоо дээр дахин нэг хүн болоод ирэхсэн ...
Үрсийгээ даллан явуулдаа ээжээ ...Бид явлаа
Үймэрч бүү зовоосой эвий минь.... Бид явлаа
Үдлээд буцах шиг богинохон наслахдаа
Үрс чинь дандаа хайрлуулж байсан шүү ээжээ Бүү гунигла даа...