ҮЕЭЛҮҮД Монголын шүүх засаглалыг Хятадын мөнгөөр "АВЛИГАДСАН ТҮҮХ"
Гэрээс нь 3 тэрбум төгрөг олдсон Г.ЖАРГАЛАН түүний ахан дүүс буюу Салхитын ордын авлигалын хэргийн хамаатнуудын CХЕМ-ыг танилцуулж байна.
..“Их Монгол Майнинг” компаниас Салхитын ордын 3 лицензийг 2010 онд уяач Ш.Мөнгөншагай худалдаж авангуутаа “Жи Пи Эф” компанийг шинээр байгуулж, 40 хувийг төрсөн дүүгийнхээ нөхөр, хүргэн Ганхуягийн Жаргаланд эзэмшүүлжээ. Тэдний байгуулсан компани нэг сая төгрөгийн дүрмийн сантай, ганц ширээ, ганц компьютерээс өөр хөрөнгөгүй байлаа. Салхитын лицензийг зарах гол зорилготой.
Г.Жаргалан лиценз худалдаж авах хүн хайж явсаар 2 жилийн дараа компаниа Хятад эзэнтэй “Си Си Эм Икс” компанид 800,000 ам доллар буюу тэрбум гаруй төгрөгөөр заржээ. Лиценз зарахад зуучилсан гол хүн нь Г.Жаргалангийн бэр эгч Ц.Өнөрцэцэг байлаа. Лиценз зарсан мөнгөө бэлнээр болон Ц.Өнөрцэцэгийн дансаар 4 удаагийн гүйлгээгээр Хятадуудаас авчээ. Лицензээ зарснаас хойш 4 жилийн дараа Салхитын ордыг тэднээс худалдаж авсан Хятад хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал хоёр муудалдцаж, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ван Чэнгфа ажлаасаа халагдав. Тэрээр анх ордын лицензийг өөрт нь зарсан Ш.Мөнгөншагайгаар шүүхэд: ”Жи Пи Эф” компани 4 жилийн өмнө зарагдсныг 60 хувийн эзэмшигч би мэдээгүй, гарын үсгийг миний өмнөөс зурсан учраас компаниа буцааж авья” гэсэн утгатай нэхэмжлэл гаргав. Ингээд Ш.Мөнгөншагайн хүргэн Г.Жаргалангийн үеэл СХД-ийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатараар дамжуулан шат шатны шүүхэд авлигал өгөх ажлыг эхлүүлжээ. Шүүгчдэд авлигал өгөхөөр үгсэн тохирч, зохион байгуулж, зуучилсан хүмүүс бол Ш.Мөнгөншагай болон түүний хүргэн Г.Жаргалан, Г.Жаргалангийн аавын ахын эхнэр Ц.Өнөрцэцэг, түүний хүү Т.Гансүх, үеэл СХД-ийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нар юм. Бүгд ахан дүүс.Г.Жаргалан, Т.Гансүх, Б.Цолмонбаатар нар үеэлүүд буюу төрсөн ах дүүгийн хүүхдүүд бол Ц.Өнөрцэцэг Г. Жаргалангийн аавын ахын эхнэр, Ш.Мөнгөншагай Г.Жаргалангийн хүргэн ах нь юм. Салхитын ордын лицензийг Хятадуудад зарсны дараа ч анх лиценз тэдэнд зуучилсан Ц.Өнөрцэцэг, болон түүний хүү Т.Гансүх нар “Жи Пи Эф” компанид удирдах албан тушаал хашиж байсан. Ц.Өнөрцэцэг нь “Жи Пи Эф” компаний гүйцэтгэх захирлын нэрээр Гаалийн төв лаборатори, УБТЗ нийгэмлэгт албан бичиг явуулж, БНХАУ-ын Эрээн хотын “Хэн Тун” худалдааны компанитай хүдэр борлуулах гэрээ байгуулан, Чойрт гаалийн баталгаат талбайд буулгасан мөнгөний хүдрийг худалдан борлуулдаг байлаа. Түүний хүү Т. Гансүхийн дансаар Эрээн хотод борлуулсан хүдрийн мөнгө Монголд орж ирдэг байжээ.
ШҮҮГЧДИЙГ МӨНГӨӨР ХӨДӨЛГӨСӨН ҮЕЭЛҮҮД
Г.Жаргалангийн үеэл, Шүүгч Б.Цолмонбаатар БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэрт нөлөөлөн Ш.Мөнгөншагайн талд шийдвэр гаргуулна гэж амлаж 2016 оны 10 сард үеэл Т.Гансүхээс 10 сая төгрөгийн хахууль авчээ. Анхан шатны шүүхийн шийдвэр тэдний талд гарлаа.
Хэрэг давж заалдах шатны шүүх рүү шилжингүүт шүүгч Б.Цолмонбаатар хэргийг өөрийн танил шүүгчдээ хувиарлуулж, Ш.Мөнгөншагайн талд гаргуулна хэмээн амлаж 2017.01.03-ны өдөр үеэл Т.Гансүхээс 50 сая төгрөгийг хахууль болгон авчээ.
Хэрэг улсын дээд шүүх рүү шилжлээ.
Тэд 2017.02.25-д Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч нарт хахууль болгож өгөхөөр 360,000 юань буюу 129 сая төгрөг,дараа нь 125 сая төгрөг нийт 260 орчим сая төгрөгийг улсын дээд шүүхийн шүүгч асан, талийгаач Л.Бямбаад өгчээ. Л.Бямбаа нь үеэл ахан дүүсийн эмээтэй хамт ажилладаг байсан гэнэ. 2017 оны 04 сард Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханд Монголын өмгөөлөгчдийн холбооны тэргүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, өмгөөлөгч Б.Пүрэвнямаар дамжуулан хахууль өгөхөөр тохирч эхлээд 13 сая төгрөг, дараа нь буюу 2017.04.14-ны өдөр 150,000,000 төгрөгийн хахуулыг өмгөөлөгч Б.Пүрэвнямд өгчээ. Салхитын ордын шүүх хуралд илтгэгч шүүгчээр Ц.Амарсайхан орж, хахууль өгөгч “Жи Пи Эф” компаний талд шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээд шүүхийн хурлын маргааш буюу 2017.05.17-ны өдөр шүүх бүрэлдхүүнд орсон дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож нь хэргийг Ш.Мөнгөншагайн талд шийдвэрлүүлсний хариуд шүүгч асан Л.Бямбаагаас өмгөөлөгч Ш.Энхтөрөөр дамжуулан 10,000,000 төгрөгийн хахуулыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт авсан гэж хэргийн материалд тэмдэглэжээ. Мөн тэр өдөр ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэгт улсын дээд шүүийн шүүгчдэд нөлөөлсний шагнал болгон 20 сая төгрөг өгсөн гэж яллах дүгнэлтэд бичжээ. Шүүгч Б.Сайханцэцэг “Жи Пи Эф” компаний удирдлагад ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг нар нэг нутаг буюу Хэнтий аймгийн харьяат, багын найзууд байжээ. Үеэлүүдийн дотор 2 шүүгч байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь хоёулаа нэг шүүхэд ажилладаг. Авлигын мөнгийг анхлан Шүүх рүү оруулсан СХД-ийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар шүүхэд анх жолоочоор ороод хэдхэн жилийн дотор СХД-ийн Ерөнхий шүүгч болтлоо дэвшсэн. Б.Цолмонбаатар нь өөрийн үеэл, Жамьяанчойжилийн Ж.Сэмжидтэй 2016.05.31-ны өдөр нэг тушаалаар СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдож хэдхэн сарын дараа Б.Цолмонбаатар нь СХД ийн ИХАШШ-ийн Ерөнхий шүүгч болжээ. Нэг шүүхэд ах дүүгийн хүүхдүүд ажиллаж, хүний хувь заяа, хэрэг маргааныг үеэлүүд зэрэгцэж суугаад шийдэх нь шударга уу!! Нөгөө шүүхийн хараат бус, бие даасан байдал хаана байна вэ? Үеэл ах дүү хоёрт бүтэн нэг дүүргийн шүүхийг атгуулсан энэ үйлдлээ Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоо юу гэж тайлбарлах вэ? Ашиг сонирхолын зөрчил үүсвэл яах вэ? Нэг гэр бүлийн ҮЕЭЛ хүүхдүүд Монголын шүүх засаглалыг Хятадын авлигын мөнгөөр удирдаж байхад хууль хяналтынхан хаана явсан бэ? Салхитын ордын маргаан авлига өгөгч ах дүүсийн талд шийдэгдсний дараа "Шинээр үүссэн нөхцөл” байдал гэдэг шалтгаанаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ үеэр шүүгчдэд авлигал өгсөн хэргийг мөрдөж байсан АТГ-ын байцаагчид 1,3 сая долларыг Г.Жаргалангийн 220К байр дахь гэрээс нь олсон билээ. Хятадуудын авлигын мөнгийг Иргэний хэргийг шүүгчдэд зуучилсан тэдний дараагийн авлигалын мөнгөний БАЙ нь Эрүүгийн хэргийн 3 шатны шүүх байсан бололтой. Хэрэв энэ хэргийг АТГ илрүүлээгүй бол Эрүүгийн хэргийн хичнээн шүүгч авлигалын хэрэгтэн болох байсныг хэн ч таашгүй.
Графикаар ахан дүүсийн холбоог харууллаа
Сэтгүүлч Б.Отгон