Билл Гэйтс дэлхийн анхны устөрөгчөөр ажилладаг хөлөг онгоцыг захиалжээ

49

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гэйтс дэлхийн анхны устөрөгчийн түлшээр ажилладаг супер хөлөг онгоцыг $644 орчим саяар бүтээлгэх захиалга өгчээ.

Усан сан, нисдэг тэрэгний зогсоол, спа, биеийн тамирын өрөөтэй 112 метр урт тансаг ангиллын Aqua хөлөг нь 100 хувь шингэрүүлсэн устөрөгчөөр ажилладаг байх юм.

Уг хөлгийн загварыг өнгөрсөн онд Монакод болсон шоуны үеэр Нидерландын дизайны компани Sinot үзүүлж байжээ. Таван давхар тавцантай Aqua хөлөг дээр 14 зочин, 31 ажилтан байрлах багтаамжтай.

Устөрөгчийг хүчилтөрөгчтэй урвалд оруулах замаар цахилгаан гаргаж, хөдөлгүүрээ ажиллуулдаг уг хөлгөөс ялгарах хаягдал нь зөвхөн ус байх юм.

2024 онд бэлэн болох хөлгийн хурд 30 км/цаг орчим бол нэг бүтэн цэнэглэлтээр 6,000 км зам туулах буюу Лондон хотоос Нью Йорк хүртэл аялах боломжтой.

Одоо 64 настай Билл Гэйтс $118 тэрбумын хөрөнгөөр дэлхийн тэрбумтнуудын хоёрдугаарт жагсаж байгаа. Тэрээр далай тэнгисээр аялах дуртай нэгэн боловч өөрөө хөлөг онгоцгүй, үргэлж түрээсэлж байжээ.

Хамгийн сүүлд тэр Италийн Сардини арлын ойролцоо амрахдаа “Столичная” водкаг эзэмшигч Юрий Шефлерийн $330 саяын үнэтэй хөлөг онгоцыг түрээсэлж байв.

Харин энэ удаа шинэ хөлөг захиалсан нь байгальд ээлтэй шинэ технологи бүтээгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ. Билл Гэйтс өөрийн хөрөнгийг “Bill and Melinda Gates Foundation” сангаараа дамжуулан хүн төрөлхтний сайн сайхны төлөө зарцуулдаг. Өнгөрсөн долоо хоногт тэр коронавирусийн эсрэг тэмцэлд $100 саяыг хандивлажээ.

Р.Түвшин 

Эх сурвалж: The Guardian

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.