Говь-Алтайн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга бүсгүй амиа алдсан хэргийн эргэн тойронд
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай Б гэх эмэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарлаа. Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг Б бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал олон нийтийн анхаарлын төвд байна.
ЦЕГ-аас хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээр бол “Хоёрдугаар сарын 19-ний өдрийн үүрийн 04:20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн аж. Тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нь нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.
Орон нутгийн эх сурвалжийн хэлж байгаагаар өнгөрсөн Лхагва гарагт аймгийн Онцгой комисс ЗДТГ-ын байранд цаг үеийн асуудлаар хуралджээ. Хурал 20:00 цагийн үед тарж, нэр бүхий хүмүүс үлдсэн байна. Тэдний дунд аймгийн Засаг дарга тэргүүтэй хүмүүс болон талийгаач байжээ.
Тэр өдөр Засаг даргын орлогчийн төрсөн өдөр таарч, Засаг даргын өрөөнд сууцгаасан. 00:25 цагийн үед талийгаачийг хоёр хүн түшин өрөөнөөс авч гарсан байдаг аж. Талийгаач өрөөнөөс гарахдаа хэлтсийнхээ нэг хүнээр хүргүүлэхээр дуудсан. Тэр хүн нь авч гараад гэрт нь хүргэхэд гэр нь цоожтой байснаас гадна нь машинд нь үлдээсэн.
Үүрээр 04:00 цагийн үед очиж эргэхэд нас барсан байсан талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн.
Харин орон нутгийн өөр эх сурвалжийн хэлснээр талийгаачийг автомашинтай нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынх нь үүдэнд аваачсан байсан гэнэ. Нас барсан шалтгааныг ч орон нутгийнхан хэд, хэдэн янзаар ярьж буй аж.
Автомашиндаа осгосон гэж нэг хэсэг нь ярьж байгаа бол зүрх нь хаагдсан гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийсэн тухай мэдээлэл ч гараад байгаа юм байна.
"ЗАСАГ ДАРГА ТАЛИЙГААЧИЙГ “ЧАМАЙГ АЖИЛГҮЙ БОЛГОНО” ГЭЖ ЗАНАЛХИЙЛДЭГ БАЙСАН ГЭСЭН”
Болсон явдлын талаар талийгаачийн ойрын эх сурвалж “Талийгаач аймгийн Засаг даргатайгаа үл ойлголцсон байдалтай байдаг байсан. Засаг даргын зүгээс талийгаачийг дарамталдаг. Түүнийгээ ч талийгаач гэр бүлийнхэн, найз нөхдөдөө хэлдэг байсан.
Коронавирус Хятадад гарсантай холбогдуулан өнгөрсөн нэгдүгээр сард талийгаач ажлын цагаа богиносгож, ажилтнуудаа үр хүүхдэдээ цаг гаргахад хувь нэмэр оруулсан шийдвэр гаргасан байдаг. Тэр нь маш олон зуун хүнд сэтгэгдэл төрүүлж, дэмжсэн. Гэтэл Засаг дарга нь дуудаж “Өөрөөс нь түрүүлж шийдвэр гаргасан” хэмээн ихэд бухимдаж хэл амаар доромжилсон гэнэ лээ.
Ер нь л “Чамайг ажилгүй болгоно доо” гэсэн заналхийлэл байнга байдаг байсныг сонссон. Арга ядахдаа талийгаач ажлаа өгөөд гадаад явах талаар нэг хэсэг ярьсан. Эсвэл сонгуулиар Засаг даргынхаа эсрэг өрсөлдөх талаар ч ярьдаг байсан. Тэр юу ч хийж чадах чадвартай эмэгтэй байсан. Энэ хэрэг яалт ч үгүй гадны нөлөөтэй” хэмээж байв.
Уг хэрэг явдал намын харьяаллаас үүдсэн байж болзошгүйг ч орон нутгийнхан ярьж байна. Талийгаач аймагтаа залуучуудад лекц сургалт хийхдээ ажлын байрны дарамт, намчирхлын тухай ихээхэн ярьдаг байж. Өөрийнхөө фэйсбүүк дээрээ ч энэ тухай байр сууриа илэрхийлдэг байжээ.
Тухайлбал, “Удирдана гэж юуг хэлдэг вэ гэвэл хянах, цагдах, хязгаарлах, хүчлэхийг хэлдэггүй. Хүмүүст боломж олгож, тэдэнд чадлынхаа хэрээр тусалж тэднийг чадваржиж, эрүүл байж аз жаргалтайгаар ажлаа хийх орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хэлдэг юм. Тэдний өмнө тулгарсан асуудлыг өөрийнхөө асуудлаас урьтал болгон дүрэм журмын хүрээнд шийдвэрлэж дэмжиж туслахыг хэлдэг. Би ингэж ойлгодог, ингэж ажиллахыг хичээдэг” хэмээн хэдхэн хоногийн өмнө бичсэн харагдана.
ТАЛИЙГААЧИЙН УДИРДСАН ХАМТ ОЛОН 2019 ОНД УЛСАД ХОЁРТ ОРЖ БАЙХАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗҮГЭЭС МУУ АЖИЛЛАСАН ХЭМЭЭН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙЖЭЭ
Талийгаачийн ажил хэргийн талаар маш олон хүмүүс ам сайтай байдаг аж. Энэ байдал нь ч өчигдрийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс харагдана.
Б нь зохион байгуулах чадвар сайтай, газрынх нь үйл ажиллагаа нь бусад аймаг, нийслэлийн газруудад жишиг болдог манлайлагч бүсгүй байсныг хамт ажилладаг хүмүүс нь онцолж байв.
Гэтэл Аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн гарын үсэг бүхий 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн огноотой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт илгээсэн саналд “Тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнг Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар нэг ч удаа хэлэлцүүлж тайлагнаагүй, төрийн байгууллагуудтай үйл ажиллагаа уялдуулах талаар идэвх санаачилгагүй, хамтарч ажилладаггүй, хурал зөвлөгөөнд өөрийн биеэр оролцдоггүй... удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байна.
Иймд С.Болормаад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж, шийдвэрээ ирүүлж хамтарч ажиллахыг хүсье" гэсэн санал хүргүүлж байж.
Харин 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Говь-Алтай аймгийн С.Болормаа даргатай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон 2019 оны ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд 97 хувийн А үнэлгээтэй дүгнэгдэж, хоёрдугаар байр эзэлснийг дуулган талархал илэрхийлсэн албан бичгийг аймгийн Засаг даргад хаяглан хүргүүлж байжээ.
ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: ЗАСАГ ДАРГА ДҮҮГ МААНЬ ӨРӨӨНДӨӨ ДУУДАХДАА АРХИТАЙ ИРЭЭРЭЙ ГЭСЭН БАЙДАГ
Хэрэг явдлын талаар тодруулахаар талийгаачийн эгч Ц-тэй холбогдоход “Маш харамсалтай явдал боллоо. Бидний хувьд үнэхээр хүнд байна. Засаг дарга дүүг маань тэр орой өрөөндөө дуудсан байдаг. Тэгэхдээ архитай гэж хэлсэн байсан.
Улаанбаатараас өнөөдөр /өчигдөр/ шүүх шинжээчийн бүрэлдэхүүн гарсан. Дүгнэлт гартал биднийг мэдээлэл өгөхийг хориглосон. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга” гэв.
Бид энэ талаар өөрийнх нь байр суурийг тодруулахаар аймгийн Засаг дарга В.Ренчиндоржтой холбогдохыг хүссэн ч тэрбээр хариу өгсөнгүй.
ЭХ СУРВАЛЖ: Б.ЭНХЗАЯА, ӨДРИЙН СОНИН