Хямралын үйл явц Vogue сэтгүүлийн хятад хэвлэлийн ерөнхий редакторын нүдээр

442

Хямралын үйл явц Vogue сэтгүүлийн хятад хэвлэлийн ерөнхий редакторын нүдээр

 

Өөрийгөө сайн дураар хөл хорионд оруулах хийгээд коронавирусын бодит байдлын талаар Анжелика Чунг ийнхүү бичжээ
 
"Парист болсон тансаг загварын долоо хоног болон Лондонд болсон Vogue-гийн олон улсын бага хурлын дараа би Бээжинд буцаж ирсэн юм. Гэрээ их санасан болохоор гэрийнхэнтэйгээ бушуухан уулзахыг тэсч ядан хүсч байлаа. Тэр үед би 24 цагийн дараа миний амьдрал орвонгоороо эргэнэ чинээ огт санасангүй явсан.
 
Онгоц газардмагц би шууд л Бээжингээс холгүй орших "Тайву” цанын баазын амралтын газар хүрэх хурдан галт тэргэнд суусан. Маргааш өглөө нь бидэнд амралтын газар хэдэн цагийн дараа хаалгаа барих учир бүх зочныг өрөөгөө хүлээлгэж өгөхийг хүсч, зааварлагч нар гэртээ харих ёстойг мэдээлэв. Бид амралтын газраас хамгийн сүүлд гарсан хүмүүсийн тоонд орох байх. Эл хуль болсон хонгилоор чемоданаа бариад явж байхад охин Хейли маань эргэн тойронд яг л "Сияние” ("Туяарал”) хэмээх аймшгийн кинонд гардаг хачин жигтэй уур амьсгал бүрдсэнийг ажиглаж мэдэрсэн байсан.
Вокзал дээр суух галт тэргээ хүлээх зуур юу болдог бол хэмээн дотроо түгшин бодож суусан. Бээжинд ирмэгцээ бид ойрын хоёр долоо хоног гэрээсээ гарч, орохыг хязгаарлаж, эмнэлгийн албаныхан оршин суугчдад коронавирусын нууц үед 14 хоног гэртээ хөл хорио тогтоохыг зөвлөн шаардаж байгааг олж мэдэв. Сайн дураар өөрийгөө гэрийн хорионд оруулсан эхний хэдэн өдөр бид хорвоо ертөнцөөс таслагдсан мэт сэтгэгдэл төрж, онгоцны нислэгүүдийг зогсоосон болохоор зугтах ямар ч боломжгүй болсон байлаа. Хурдацтай тархаж байгаа халдвар, байнга өсөн нэмэгдэж байгаа шинээр халдвар авсан болон нас барсан тохиолдол, фронтын тэргүүн шугам болох Уханьд халдвартай эрэлхэг баатарлагаар тэмцэж байгаа эмч, сувилагч нарын тухай өдөр бүр шинэ мэдээ гарч байв. Халдвар яаж ийгээд оргилдоо хүрч, удахгүй буурах байх хэмээн итгэж найдаж байсан хэдий ч эцсийн бүлэгт бүх зүйл ердийн өдөр тутам болж байдаг л юм шиг болж хувирсан.
 
Орон нутгийн оршин суугчдын нэгэн адил манай гэрийн үйлчлэгчид хөдөө нутгаасаа буцаж ирж чадахгүй болсон учир бид өөрсдөө гэр орныхоо ажлыг амжуулахаас өөр аргагүйд хүрч, хамгийн сайн онлайн үйлчилгээ авахад хүрэв. Яваандаа байдал улам бүр муудсаар, гадны хүмүүс, түүний дотор хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс ч орон сууцны хороололд орж ирэхийг хориглов. Өдөрт хэд хэдэн удаа хүргэлтийнхнийг угтаж бид өөрсдөө хорооллын орох хаалга руу гүйлдэж, ариутгалын бодисоор эргэн тойрноо шүршин, гараа байн байн угаах болов. Бүх дэлгүүрт амны хаалт дууссан болохоор амны хаалт эсвэл ариутгалын бодис худалдаж авна гэдэг том асуудал болсон.
 
Шанхайн гудамж 2020
 
Хүргэлтийн хүмүүстэй уулзаж, гэрээр ажиллах завсар зайгаар би дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт байгаа мэргэжил нэгтнүүдтэйгээ WeChat-аар байнга харилцаж, видео холбоогоор ярилцаж байсан. Уншигчдын хувьд амаргүй ийм цаг үед амьд яриа авах, аль эсвэл бичлэгт оролцох ямар ч боломжгүй болохоор сэтгүүлийн хоёр дугаарыг хэрхэн бэлтгэх, нийгмийн сүлжээнд ямар контент нийтлэх талаар гол яриа өрнөж байв. Нэгэнт бэлэн болчихсон зарим материал яг энэ цаг үед тохирохгүй болсон болохоор тэдгээрийг шинээр солих эсвэл редакцийн засвар хийх шаардлагатай байв. Үүн дээр нэмээд хэвлэхэд болон улс орон даяар түгээх тээврийн дэд бүтэц төвөгтэй болсон учраас дугаарыг нийтэлж гаргах хугацаа өөрчлөгдөв.
 
Заримдаа бидний видео хурал, яриа бөөн уйлаан шуугиан дунд болж байсан. Учир нь манай зарим редактор, түншүүд маань бага балчир хүүхэдтэй, гадагш агаарт гаргахгүй гэртээ хашигдсан болохоор тэдэнд тэсэхийн аргагүй тун хэцүү байлгүй яах вэ. Гадаа гарч тоглож болохгүйн учир начрыг ч тэд яаж ойлгох билээ. Сургуулиуд хичээллэхгүй. Олон хүнтэй гэр бүл жижиг давчуу байранд өөрсдөөсөө өөр хэнийг ч харахгүй, хэнтэй ч уулзахгүй 24 цагаар хонон өнжин болно гээд төсөөлөөд үз, ийм зовлонг хүн бүр тэвчиж туулахад тийм ч амаргүй. Манай гадаад найзууд Хятадын цагаан сарын өмнөхөн төрөл төрөгсдөө эргэж тойрохоор нутаг явцгаасан бөгөөд вирусанд баригдсан улс орон руу эргэж буцахыг хэн ч хүсээгүй. Бидний зарим танил маань Австралид үлдэж, үр хүүхдээ онлайн сургалтад хамруулж байна. Америк андууд маань харин Африкт ангуучилж явсныхаа дараа чиглэлээ өөрчилж, Парист үлдсэн, одоо тэд буцаж Хятад руу нисэх эсэхээ шийдэж ядан байна. Бээжинд амьдардаг сургуулийн насны хоёр хүүхэдтэй британийн нэгэн гэр бүл хямрал дуусахыг Лондонд хүлээхээр болжээ.
 
Аз болоход манайх гэртээ ердөө гурвуулаа. Гэхдээ харамсалтай нь хатуу хөл хорио тогтоосон болохоор ташаандаа мэс засал хийлгээд эмнэлэгт хэвтэж байгаа ээжийгээ эргэх боломж надад алга. 12 настай охин маань Бээжингийн Далвич коллежид сурдаг. Тэдний сургуулийн хотхоныг тодорхойгүй хугацаагаар хаасан болохоор хичээлээ онлайнаар хийж байгаа. Үүний ачаар Хейлигийн бие даах чадвар илүү сайжирсан хэдий ч тэрээр дэлхийгээр нэг тарсан найз нөхдөө үгүйлэн санаж гансран сууна. Юутай ч ийм нөхцөлд бас нэг давуу тал бий. Тэр бол охин маань цахилгаан гитараа тоглох цаг элбэгтэй болов. Одоо түүний дуртай дуу бол Queen хамтлагийн I Want to Break Free, яагаад гэдгийг би ойлгож чадна. Саяхан бид "Шоушенкаас оргосон нь” цагаа олсон хэрэг болсон.
 
Хоёр долоо хоног сайн дураар өөрийгөө тусгаарласны дараа би хоёрдугаар сарын 10-нд сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарыг хэвлэлд шилжүүлэхээр ажилдаа буцаж ирсэн. Бид редакторуудын тоог шаардлагатай хэмжээнд хүртэл цөөлж, ажилд ирэхдээ бүгд амны хаалт, нүдний шил, нэг удаагийн бээлий өмсөж байсан. Цагаан сарын үргэлжилсэн олон хоногийн баярын дараа албан ёсны ажлын анхны өдөр хэдий ч манай ажлын байранд хүн цөөхөн байв.
 
 
 
Ихэнх компани ажилтнуудаа гэртээ ажлаа хийхийг хүсч явуулжээ. Гудамжаар нэг ч хүн байхгүй, бараг бүх дэлгүүр хаалттай. Ажиллаж байгаа ганц нэг баар, ресторанд ордог хүн алга. Худалдааны төв, офисс, орон сууцны цогцолборуудын орох хаалган дээр амны хаалттай хүмүүс зогсож, халуун хэмжигчээр хүмүүсийн халууныг хэмжиж байв.
 
 
 
Бээжингийн гудамж 2020
 
 
Загварын долоо хоног бидний хажуугаар болж өнгөрч байгааг ярих ч хэрэггүй байх. Би Нью-Йорк, Лондон, Милан руу явах ажлаа цуцалсан. Одоо харин европын янз бүрийн улс орноос ирдэг нислэгүүдийг нэгэнт цуцалж, за тэгээд ямар нэг аргаар нисдэг юм гэхэд очингуут 14 хоног хөл хорионд тусгаарлах болохоор Парис руу нисэх хэрэг байна уу хэмээн бодож сууна. Хятадын загварын аж үйлдвэрлэл бусдын нэг адил сүүлийн 20 жилийн дотор хамгийн хүнд хэцүү хямралыг туулж байх шиг байна. Коронавирусын халдвар тархахаас сэргийлж дэлгүүрүүд эзгүй хоосон, аливаа хурал цуглааныг хориглосон, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, логистикийн болон нийлүүлэлтийн системийн ажил үйлс ч мөн адил. Хүмүүсийн сэтгэл санаа ч тун баргар, амьд яриа хөөрөө эсвэл онлайн ч ялгаагүй. Эрүүл мэнд болон коронавирус гэсэн цорын ганц сэдэвтэй. Дэлхийгээр нэг тархсан загварын аж үйлдвэрлэлийн олон анд нөхөд маань надад дэмжлэг илэрхийлсэн захиа, мэдээлэл ирүүлж байгаа нь миний хувьд тайвшруулах хүчин зүйл болж байна. Гарцаагүй хорионд байгаа хүнд энэ бол үнэтэй зүйл.
 
Иймэрхүү гэрийн хорионы тав тухгүй бүхний хажуугаар би энэ бүхэнд бас нааштай зарим сайн зүйл ч байна гэж харж байна. Өдөр бүр хувийн ариун цэврийг илүү анхааралтай сайн сахиж сурч байна. Бидний амьдралд жинхэнэ ёсоор яг юу чухал юм бэ гэдгийг эргэцүүлэн бодох цаг завыг олж байна. Хол хөндий байх үедээ гэр бүл, найз нөхөд, мэргэжил нэгтнүүдээ улам илүү хүчтэй үгүйлж, үнэлж сурч байна. Онлайн горимоор бизнес эрхлэх туршлага ч сууж байна. Энэ бүх үйл явдлын эцэст бидний ажил, амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх биз ээ.
 
 
 
Өнгөрсөн долоо хоногт редакторын зурвас бичиж суухдаа 1941 оны Британийн Vogue-д зориулан бөмбөгдөлтөд нурж сүйдсэн барилгын төв хэсэгт хутганы ир шиг цэв цэвэрхэн индүүдлэгтэй костюм, бүрх малгай, бээлий өмссөн загвар өмсөгч Сесил Битоны гэрэл зураг миний санаанд орж ирсэн юм. "Моод нурахгүй” гэсэн гарчигтай.
 
 
 
Нөхцөл байдлын золиос болж байсан ч амьдрал үргэлжилдэг гэдгийг санаж, эцсээ хүртэл зогсож, зориг тэвчээртэй байж, ирээдүйг тосон угтахад бэлэн байх явдал чухал гэсэн санааг илэрхийлсэн гэдгийг би ойлгож байна. Коронавирустай хийх тэмцэл дуусна. Харин бид хүч тэнхээтэй байх хэрэгтэй.
Дараагийн дугаарыг бид эрэлхэг зориг, итгэл найдварт зориулна хэмээн би шийдлээ.
 
 
Орчуулсан Д.ЭНХЭЭ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>