Хятадын тэрбумтан Жэк Ма коронавирусийн оношлуур, амны хаалтыг Африк тивийн бүх улсад илгээжээ

637

Өнгөрсөн долоо хоногт Хятадын тэрбумтан Жэк Ма коронавирусийн оношлуур 500,000 ширхэг, амны хаалт нэг сая ширхэгийг АНУ-д тусламж болгон илгээсэн билээ. Халдварын голомт болоод байгаа Итали, Иран улсуудад тэр мөн тусламж үзүүлсэн юм. Тэгвэл Жэк Ма өчигдөр Африк тивийн бүх улсад мөн адил тусламж илгээж байгаагаа мэдээлжээ. “Африк тивийн 54 улс тус бүрд бид 20,000 оношлуур, 100,000 амны хаалт, 1,000 хамгаалалтын хувцас тусламж болгон илгээж байна” гэж тэр өчигдөр орой Вэйбо хуудсандаа бичсэн байна.

Нийтдээ 1.1 сая оношлуур, 6 сая амны хаалт, 60,000 хамгаалалтын хувцсыг Этиоп улсын нийслэл Аддис Абаба хот руу илгээх ажээ. Тус улсын ерөнхий сайд Аби Ахмед тусламжийн барааг тивийнхээ улс бүрт хүргэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Африк тивд сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо нэмэгдэж, нийтдээ 300 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа. Тус тивийн ихэнх улс орнуудын эрүүлийг хамгаалах систем сул хөгжсөн байдаг тул Covid-19 вирусийн тахал дэлгэрвэл илүү их хор хохирол учруулах магадлалтай гэж мэргэжилтнүүд болгоомжилдог юм.

Р.Төмөр 

Эх сурвалж: Reuters

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>