“Цэвэрлэх байгууламж”-гүй Монголын улс төр

479

ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭГДЭХ ЁСТОЙ ХҮМҮҮС ДАРААГИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСААР

Манай дарга нар яаж ч улайм цайм хууль дүрэм зөрчиж, ёс зүйгүй авирласан, түүндээ тохирсон хариуцлага хүлээнэ гэж үгүй. Буруутай, ёс зүйгүй үйлдлийг нь нотлох баримт гарч ирэх, бүр үйлдэл бүхнийг нь бичсэн дүрс бичлэг байгаад ч нэмэргүй. Улстөрчид, дарга нарыг зөвтгөх зөвтгөл яаж ийж байгаад л олдоно. Ойрын жишээ гэвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын багт орж явсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар Австрали Улсын Сидней хотын казинод орж, мөрийтэй тоглосон явдал байна.

Тэдний казинод тоглож буй нь гэрэл зургаар баримтжан цацагдсан. Уг нь төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай Засгийн газрын шийдвэр гарч, Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэн төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд төрийн албан хаагчид гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих, мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн билээ. Энэ дагуу зарим нэг бага тушаалын даргыг ажлаас нь халсан ч удаатай.
Харин УИХ-ын гишүүдэд төрийн албан тушаалтны ёс зүйн дүрэм хамаагүй байдаг юм сан уу, ямар ч хариуцлага хүлээгээгүйгээр барахгүй “Хөөрхий муу Лүндээд ямар юмны мөнгө байх вэ” гэх буюу “Казино бол ороод л гардаг газар” хэмээцгээж, казино орсон гишүүдээ өмөөрч, тэдэнд ёс зүйн дүрмийг нь сануулсан сэтгүүлчдийг буруутгах маягтай болоод асуудал намжсан. Олон нийт ч тэгс хийгээд мартаж байна. Монголчууд бидний хувьд төрийн өндөр албан тушаалтнууд хууль дүрэм, ёс зүйн тогтсон хэм хэмжээг зөрччихөөд, өөрийгөө өмөөрсөн элдэв утгагүй тайлбар хийгээд өнгөрөх нь байдаг л үзэгдэл болж хэвшээд уджээ.
Ёс зүйн дүрэм бүү хэл хууль зөрчөөд ч хариуцлага хүлээдэггүй, дахин дахин нэр дэвшээд, улам өндөр албан тушаал өөд тэмүүлээд явах нь манайд гайхах зүйл биш. Энэ парламентад л гэхэд гишүүдийнх нь олонх хуйвалдаж Засгийн газрын тусгай сангууд (Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх мэт)-ыг хоосолчхоод түүнийг нь хэвлэл мэдээллээр илчлээд байхад жишим ч үгүй дараагийн сонгуульдаа бэлдсээр байна.

Ёс зүйн дүрэм бүү хэл хууль зөрчөөд ч хариуцлага хүлээдэггүй, дахин дахин нэр дэвшээд, улам өндөр албан тушаал өөд тэмүүлээд явах нь манайд гайхах зүйл биш. Энэ парламентад л гэхэд гишүүдийнх нь олонх хуйвалдаж Засгийн газрын тусгай сангууд (Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

Эмэгтэй хүнд сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үзүүлчихээд “Манай сонгогчид намайг нэр дэвшихийг шаардаж байна” гэх маягийн юм ярьж суугаа гишүүн ч бий. УИХ-ын гишүүн Д.Мурат эмэгтэй хүнийг цохиж, зодсон, биеийнхээ нууц, далд байх ёстой хэсгүүдийн зургийг дахин дахин илгээж, дарамтанд оруулсан хэрэгт буруутгагдаж, зураг хөрөг, нотлох баримттайгаа шүүх цагдаадаа тулж байв. УИХ-ын гишүүнд эмэгтэй хүнийхээ хувьд дээрэлхүүлж, доромжлуулсан хохирогч гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй хэвлэлийнхэнд хандсанаар энэ хүний өдөөсөн хэргийн талаар монголчууд бүгд мэддэг болсон. Түүний үйлдлийг аль ч талаас нь харсан ёс зүйн алдаа гэдгийг дээр дооргүй хэлсээр байсан ч тэр ямар нэг хариуцлага хүлээгээгүй. Түүний буруутайг шүүхээр тогтоовол гишүүний үйлдэл ёс зүйн алдаагаар тогтохгүй эрүүгийн гэмт хэрэг болох байсан юм. Түүнийг шалгаж, тогтоох шаардлага байгаа тул хуулийн байгууллага гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгаж, гэм буруутай, эсэхийг нь тогтоох саналаа Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн.
УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцэхдээ ч “Нийгмийн анхаарлыг ингэтэл татсан, УИХ-ын гишүүд ёс зүйн ноцтой алдаа гаргасан байж болзошгүй асуудлыг бүрэн эрхээр хааж, хаацайлаад өнгөрөөж болохгүй. Хуулийн дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгуулах нь зөв” гэсэн байдлаар хандаж, УИХ-ын гишүүн Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.
Гэтэл УИХ түүнийг хамгаалж, авч үлдсэн. Үүнийхээ төлөөсөнд “УИХ хүчирхийллийг, ёс зүйгүй байдлыг дэмждэг гэдгээ албан ёсоор нотоллоо. Иргэдээ, Монгол төрийг доромжилоо” гэх мэт үгийн суманд парламент шүүрэн шанага болтлоо шүршүүлснээр уг асуудал мартагдаж, хэргийн эзэн хэнгэргийн дохиур одоо УИХ-ын ээлжит сонгуульд дахин нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй нь шоглоом гэлтэй.

МАНАЙ УЛСТӨРЧИД БИДНИЙГ ИНГЭЖ “ХҮМҮҮЖҮҮЛЖЭЭ”

БНСУ-ын нэгэн сургуулийн оюутан охин хамт сурдаг нөгөөгөө хичээлдээ суудаггүй, шалгалтандаа ордоггүй байж хамгийн сайн дүн авдгийг шударга бус хэмээн үзэж эсэргүүцлээ илэрхийлэн гудамжинд ганцаараа суусан нь сургуулийнхныгаа, цаашлаад ард түмний дэмжлэгийг авч, Ерөнхийлөгчөө гучин жил шоронд суулгачихсан нь монголчуудын санаанд багтамгүй явдал байв. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн найзынх нь найз тус сургуулийн захирал байсан нь түүнийг буруутан болгосон. Ерөнхийлөгч асангийн найз Цой Сун Силийн охин хичээлдээ суухгүй, шалгалтаа өгөхгүй явж байгаад А дүн авдгийг хамт суралцдаг оюутнууд тэвчиж чадаагүйгээс эхэлсэн тэмцэл яван явсаар Ерөнхийлөгчөө албан тушаалаас нь буулгаад зогсохгүй торны цаана суулгачихсан.
Өөр нэг орны Засгийн газрын гишүүн хүлээн авалтад очоод үнэтэй дарс худалдан авсныхаа төлөө, бас нэг нь АНУ руу айлчлалаар явахдаа тэнд сурдаг хүүгээ айлчлалын багийнхны онгоцонд “туулайчлуулсан” учир хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон тухай сонсож байв. Гадаадын орнуудын улстөрчдийн ёс зүй, тэдэнтэй хариуцлага тооцдог механизмын тухай энэ мэтийн жишээг сонсоод монголчууд эвэртэй туулай үзсэн мэт гайхан шагшдаг.
Авлига авсан Ерөнхийлөгчийг “Аав нь энэ улсын төлөө насаараа зүтгэсэн, анхны эмэгтэй Төрийн тэргүүн” гэж, айлчлалын багийн тусгай онгоцонд “дайгдаж” сургууль руугаа явсан хүүг “Замын зардалгүйгээсээ, аавынхаа мөнгийг хэмнэсэн” гээд өмөөрч, зөвтгөөд өнгөрөх байх, манайхан тэгдэг юм чинь хэмээн таамаглаж байтал тэд огцорч, шоронд суучихдаг учраас бид тэгтлээ гайхаж, сониучирхан хүлээж авдаг болов уу. Үнэнийг хэлэхэд манай улстөрчид биднийг ийм болгож, “хүмүүжүүлжээ”. Хууль зөрчсөн, шударга бус зүйл хийсэн гэдгийг нь олон нийт харсаар, ярьсаар байхад л яаж ийж байгаад эрх мэдэлтнүүд буруугүй болж дуусах явдал манайд энгийн үзэгдэл. Тийм учраас иргэд ингэж л байх ёстой мэт хүлээж авдаг болоод уджээ. Гол мөрөн хүртэл өөрийгөө цэвэрлэж, усанд нь хөвсөн хог новшийг эрэг рүүгээ гаргаж хаядаг байхад манай хууль тогтоогчид ёс зүйгүй, эрүүгийн хэрэгтэн ч байж мэдэх хүмүүсээ хамгаалж, тэдэнтэйгээ хамт цааш явсаар л байх уу. 

ЭХ СУРВАЛЖ: А.АМИНА

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>