Д.Трамп Ким Жөн Унд тусламж санал болгожээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд хувийн захидал илгээж, коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед тусламж санал болгожээ.
БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, уг захидал Ким, Трамп нарын "онцгой, бат бэх” харилцаа үргэлжилсээр байгааг харуулсан ажээ.
Д.Трамп захидалдаа "цар тахлын эсрэг” тусламж үзүүлэхийг санал болгоод, ард түмнээ цар тахлаас хамгаалахын төлөө гаргаж буй удирдагчийн хүчин чармайлтыг сайшаасан гэж "KCNA” агентлаг мэдээлжээ.
"Манай улсад коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй” гэж БНАСАУ-ын засаг захиргаа мэдэгдэж байгаа боловч тус улсыг халдварын талаарх мэдээллээ нууж байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа аж. Эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэц тааруу БНАСАУ-д коронавирус тархвал маш аюултай байж болзошгүй юм.
Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлснээр, дэлхий даяар 300 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 11 мянга гаруй хүн нас барсан байна. АНУ-д бямба гаргийн оройны байдлаар 25 мянга гаруй хүн халдвар авч, 323 хүн нас баржээ.