Тусгаарлагдсан иргэд төрийн дэг сахиж, эрүүл мэндээ “манаарай”

519

 

Тусгаарлагдсан иргэд төрийн дэг сахиж, эрүүл мэндээ “манаарай”

 

Өнөөдөр ковид-19-ийн дэлхийн 200 гаруй оронд тархаж, тэр дундаа Итали, Америкт дэгдэлт хүчтэй явагдаж, олон мянган хүн амиа алдсаар байна. Манай улсын хувьд  коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоох, хилээ хаахын зэрэгцээ гадаад улсад ажиллаж, амьдарч байсан иргэдээ өөрсдийнх нь хүсэлтээр тусгай үүргийн нислэгээр татан авчирч байна. Гадаадаас ирсэн иргэдээс нэг франц,  11 монгол коронавирусээр халдварласан  нь шинжилгээгээр тогтоогдож, монголын эмч мэргэжилтнүүд  ДЭМБ-ын зөвлөгөө, эмнэлзүйн дагуу эмчилсэний үр дүнд  хоёр нь эдгэрч, эмнэлгээс өчигдөр гарсан, бусдын нь биеийн байдал тогтвортой байгаа гэсэн сайхан мэдээг сонссон.

 

Өнөөдрийн байдлаар манай улс дотооддоосоо бус гаднаас коронавирусын халдвар орж ирсэн улсын тоонд хамаарагдаж байгаа. Тиймээс ч тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдээ нисэх онгоцны буудлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлтэйгээр тусгаарлах байранд хүргэж байгаа. Иргэдээ эх оронд нь авчрах нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон төрийн үүрэг. Үүнийг ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх бататгаж "Гадаадад амьдарч байгаа иргэддээ Ерөнхий сайдын хувьд миний сэтгэл маш их санаа зовж байна. Бид хязгаарлагдмал нөөцтэй, бүх улс орон руу онгоц нисгэх боломжгүй. Бүх иргэдээ татан авчирна гэж худлаа ярьж чадахгүй. Дэлхийн өнцөг булан бүрт асгасан шагай шиг тарсан 150-160 мянган монгол иргэд амьдарч байна. Энэ иргэдээ бид хүний нутагт хаяж болохгүй. Тиймээс Монголын төр нэн түрүүнд өндөр настан, нялх хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, эрүүл мэндийн шалтгаанаар явсан иргэдээ татна. Монгол хүн эх орноо зорих эрхтэй, энэ бол Үндсэн хуулийн хүрээнд хийж байгаа ажил. Тиймээс харийн нутагт ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдээ зарим улстөрчид доромжилж болохгүй. Энэ бол хүний ёс. Энэ бол Монгол философи” гэдгийг онцолсон. Харин гадаадаас эх орондоо ирсэн иргэд тусгаарлах байранд коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдаж, төрөөс тогтоосон 21 хоногийн хугацаанд онцгой штабын албан хаагчдын журамд захирагдах л үүрэгтэй.  Тухайн улсын нь ЭСЯ-наас эхлээд хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр, наанадаж гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөөсөө энэ талаарх мэдээллийг авч, нислэгийн тийзээ захиалахтай зэрэгцээд тусгаарлах шаардлага тавигдаж, төлбөрөө төлөн, зөвшөөрсөн гарын үсгээ зураад эх орондоо ирэх  ирцгээсэн. Цаашлаад гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлахыг ЭМЯ-наас журамласан. Түүнээс бус ямар ч мэдээлэлгүй байхад нь нисэх буудлаас шууд ачигдаж, тусгаарлагдаагүй нь лавтай. Гэхдээ тэд тусгаарлах байрны төлбөр төлснөөрөө тусгай хангамж эдэлнэ гэж эндүүрээгүй нь лавтай.

 

 Эдүгээ тусгаарлах байранд 2310 иргэн ажиглалтад байгаа юм билээ. Эдгээр иргэдэд эрүүл мэндийн  хийгээд сэтгэлзүйн эмчилгээг эмнэлгийн ажилтнууд тухай бүр өгч байгаа гэсэн. Гэсэн хэдий ч тусгаарлалтад байгаа иргэд элдэв гомдол гаргаад эмчийн өөдөөс зогсохгүй варианттай талх шидэх, мөөгтэй хоол голох, хоорондоо зодолдох гээд онцгой журамд захирагдахгүй тусгай хангамж нэхэж байгаа талаар Улсын онцгой комиссын гишүүд өдөр бүрийн мэдээлэлдээ дурдаж, дэгтэй байхыг анхааруулж байна.

 

Дэлхий нийтээрээ эрүүл мэндээ сахин хамгаалж, эх орондоо байгаа иргэд хөл хорионы дэглэмжийг сахиж, гэртээ байхыг илүүд эрхэмлэж, үйлчилгээний газрууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй, хүүхдүүдэд үйлчлэхгүй хөл хорьж, эцэг эхчүүд хүүхдүүддээ гараа тогтмол савандаж угааж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ өдөр бүр хийх ЭМЯ-ны зөвлөгөөг сахиулсаар байгаа. Үүний үр дүнд хаврын хаварт ханиад томуу дэгдэж, эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй тэвдүүлдэг байсан асуудал энэ удаад намжсан.

 

Тэгээд ч иргэд коронавирусийн халдварыг дотоодоос бус импортлогдон орж ирж байгаад аягүйтэж байна. Тиймээс ч  гадаадаас  авчирч байгаа иргэдийг тусгаарлалтад нь сайн хянаж, халдварыг дотооддоо алдахгүй байх хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй ярьж байгаа. Энэ халдварыг дотооддоо алдвал барьж дийлэхгүй гэж ЭМ-ийн сайд нэгэнтээ хэлсэн. Тиймээс гадаадаас эх орноо зорьж байгаа иргэд тогтоосон хугацаанд бие болон сэтгэлзүйн бэлтгэлтэй төрийн дэглэмд чанд захирагдах нь тэдний үүрэг. Тэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалахаас бусад 3 сая гаруй иргэний эрүүл мэнд хамааралтайг болоод байна.

 

Тиймээс тусгаарлагдсан иргэд тусгай хангамж нэхэх биш төрийн дэгийг сахиж, эрүүл мэндээ сахих "манаарай”. Цаашлаад гэртээ дахин 14 хоног өөрсдийгөө тусгаарлах үүрэг хүлээж байгааг санаарай.

Н.Энхлэн

 
Shuud.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>