Өмнөд Африкийн алтны уурхайд 100 орчим хүн амиа алджээ
ЙОХАННЕСБУРГ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /AP/. ӨАБНУ дахь орхигдсон нэгэн алтны уурхайд хууль бусаар олборлолт хийж байсан 100 орчим хүн газрын гүнд хэдэн сарын турш гацсаны улмаас амиа алдсан тухай уурхайчдыг төлөөлсөн бүлэг даваа гарагт мэдээлжээ.
Баасан гарагт аврагдсан уурхайчдын гар утсан дахь хоёр дүрс бичлэгт олон арван цогцсыг гялгар уутаар бүтээсэн байгаа нь харагдсан гэж “Уул уурхайн нөлөөлөлд өртсөн ард иргэдийн нэгдсэн үйл ажиллагааны бүлэг”-ийн хэвлэлийн төлөөлөгч Сабело Мнгуни “Associated Press” агентлагт мэдээлсэн байна.
Түүний ярьснаар, өнгөрсөн 11 дүгээр сард уурхайчдыг албадан гаргах ажиллагаа эхэлсэн Баруун хойд мужийн уурхайд “хамгийн цөөндөө” 100 хүн амиа алджээ. Тэд өлсөж, шингэн дутагдсаны улмаас нас барсан байж магадгүй, баасан гаргаас хойш 18 хүний цогцсыг гаргаж ирсэн гэж С.Мнгуни хэлсэн байна. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Себата Мокгвабонегийн мэдээлснээр, даваа гарагт аврах ажиллагааг дахин эхлүүлснээс хойш хэдэн хүний цогцсыг гаргасан, хэчнээн хүн эсэн мэнд байгаа талаарх мэдээллийг нягталж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг