Хэрэгт холбогдсон генерал Т.Бадрал элчин сайдаар томилогдох хүн мөн үү
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд одоогийн ОБЕГ-ын дарга Т.Бадралыг томилохоор тогтсон. Энэ саналыг Ерөнхийлөгчид танилцуулж, зөвшөөрсөн тохиолдолд УИХ-аар хэлэлцэнэ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн арга хэмжээ авсан энэ үед Онцгой байдлын газар, алба хаагчид эрүүл мэндийн салбарынхантай гар нийлэн сайн ажиллаж байгааг хүн бүр мэднэ. Гэхдээ энэ үеийг ашиглан Т.Бадралыг элчин сайд болгох гэж байгаа тухай хардлага дагуулж эхэлжээ.
Т.Бадралын хувьд Элчин сайдаар томилох хэмжээнд хүрсэн хүн мөн үү гэдэг асуудал гарч байна.
Түүнтэй холбоотой авлигын хэрэгийг хэрхэн шийдсэн болоод өнөөдөр томилгооны асуудал яригдсан бэ? гэдэг нь эрхгүй анхаарал татна. Учир нь ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл нарт холбогдсон хэрэг хаана очоод ГАЦСАН бэ?
Хэргийг тодруулбал, 2019 оны 12 дугаар сард дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийсэн. Нийслэлийн Прокурорын газраас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан, уг хэргийг давтан үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн 2019 оны 12 дугаар сарын 5-нд дээрх шүүхэд шилжүүлсэн байдаг.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн гурван жил гаруй шалгасан уг хэргийг тухайн үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар хянаад хэргийн бүрдэл хангагдаагүй гэх үндэслэлээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Энэ үйлдэл нь шүүх, прокурорын хооронд шидэлцэж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах арга байсан байх магадлалтай.
АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг 17 тендер хууль бусаар шалгаруулснаар төрд хохирол учруулсан хэмээн буруутган шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад найман үйлдэл нь тогтоогдсон гэдэг. Тухайлбал, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга агсан Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй авчээ. Гэтэл өнөөдөр энэ хэргийн гол холбогдогч нь Элчин сайдаар томилогдохоор эхний “даваагаа” давчихлаа. Арай хэргээс мултлахын тулд түүнийг ийн “зугтаалгах” гэж байгаа юм биз дээ...