Таван жил хуралдаагүй байсан МЗХ шинэ Ерөнхийлөгчөө сонголоо

360

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ны VI Их хурал “Шинэчлэл-Шийдэл” уриан дор 2020-05-08-нд Улаанбаатар хотноо анх удаа цахимаар зохион байгуулагдаж, удирдлага, дүрмээ шинэчлэн баталлаа.
Хуралдаанд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын залуучуудын нийт 300 орчим төлөөлөгч оролцсон байна. Дэлхий даяар дэгдэж, өндөр эрсдэл дагуулж буй Ковид-19 цар тахлын энэ үед, тус хурлыг зохион байгуулагчдын зүгээс амны хаалт, бээлий, гар ариутгагч шингэн зэргийг бэлтгэн, танхим тус бүрт суух хүн хоорондын зайг харгалзан үзэж, Онцгой комиссын шийдвэрийн дагуу зохицуулалт хийн ажиллажээ.


МЗХ-ны V Их хурал 2015 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хуралдсанаас хойш өнөөдрийг хүртэл үндсэндээ залуучуудын төлөөх үйл ажиллагаа нь зогссон гэж хэлж болохоор болсон. Тиймээс Монгол залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд төлөөллийн байгууллагын хэвийн ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Энэ шаардлагын хүрээнд МЗХ-ны Хариуцлагын хороо 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, ээлжит бус VI Их хурлыг энэ өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн энэ хуралдаанаар МЗХ-ны Үндсэн дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээс гадна дотоод сонгууль явуулахаар төлөвлөсөн аж.

МЗХ-ны Үндсэн дүрмийн таван зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа

МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх, МЗХ-ны Хариуцлагын хорооны дарга, МЗХ-ны Хариуцлагын хорооны гишүүн М.Эрдэнэжаргал нар өмнөх V Их хурлаар холбооны Үндсэн дүрмийг боловсруулжээ. Улмаар Үндсэн дүрэмтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч ажиллаад, тодорхой хэмжээгээр нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар “Арга билэг” хууль зүйн фирмийн хуульч, өмгөөлөгч н.Бат-Эрдэнэ тайлбарлахдаа “Дүрэмд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь нэгдүгээрт, МЗХ-нд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал ээлжит болон ээлжит бус чуулган хуралдалгүй багагүй хугацаа өнгөрснөөс үүсч байгаа юм. Хоёрдугаарт, МЗХ-ны Үндсэн дүрмийн дагуу ээлжит бус чуулганыг хуралдуулах саналыг Хариуцлагын хороо болон Ерөнхийлөгч Үндэсний залуучуудын зөвлөл /ҮЗЗ/-д оруулах процесс байгаа ч хэрэгжих боломжгүй болсон. Яагаад гэвэл, Их хурлын дараагийн шатны байгууллага болох ҮЗЗ сүүлийн дөрвөн жилд багадаа найман удаа хуралдсан байх ёстой. Гэтэл ҮЗЗ дөрвөн жил хуралдаагүй учраас шийдвэрлэх асуудал маш их болсон. Хариуцлагын хороо ҮЗЗ-д болон МЗХ-ны Ерөнхийлөгчид удаа дараа санал оруулсан ч ҮЗЗ-ийг хуралдуулахгүй, мөн ээлжит бус Их хурлыг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэхгүй байсан учраас Үндсэн дүрэмд болон Хариуцлагын хорооны тогтоолдоо нийцүүлээд 4-р сарын 24-ний өдрийн тогтоол болон Үндсэн дүрэм тайлбарласан тухай 2019 оны 12-р сарын 7-ны өдрийн шийдвэрүүдэд үндэслэн Хариуцлагын хороо өөрөө ээлжит бус Их хурлаа зарлан хуралдуулж байгаа юм. Хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхийн тулд ээлжит бус хурлаар дүрмийн өөрчлөлтийг оруулах шаардлагатай болж байна” гэсэн юм.


Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр Дорнод аймгийн Залуучуудын холбооны дарга Амартүвшин “Үндсэн дүрмийн 8.4-т, МЗХ-ны Дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Нэг удаа улиран сонгогдож болно гэсэн заалт байна. Гэтэл дүрмээрээ Их хурал дөрвөн жилд нэг удаа хуралдах ёстой байдаг. Тэгэхээр Дэд ерөнхийлөгчийн хугацаа дуусахаар шууд Дэд Ерөнхийлөгчгүй болох юм уу, эсвэл хоёр жил тутамд Их хурал хуралдах юм уу гэдгийг томъёолох хэрэгтэй байна” гэсэн саналыг хэлж байлаа. Үүнд н.Бат-Эрдэнэ хуульч хариулахдаа, өмнө нь сонгогдсон Дэд Ерөнхийлөгчдийн хугацаа 2017 онд дуусчихсан. Дүрэмд зааснаар таван Дэд Ерөнхийлөгч байж болно гэж байгаа. Байж болно гэдэг нь Дэд Ерөнхийлөгчийг томилж болно, томилохгүй ч байж болно. Тав хүртэлх гэдэг нь нэг ч байж болно, тав ч байж болно гэсэн ойлголт юм гэлээ.

Ингээд Үндсэн дүрмийн таван зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Хариуцлагын хорооноос санал гаргасныг хуралд оролцогчдын 100 хувийн саналаар баталсан юм.

 

 

Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тоймлон товч дурьдвал:

1/Орон тооны бус таван Дэд ерөнхийлөгчийг насны 5 ангиллаар сонгон томилдог байсныг өөрчилж таван салбар чиглэлээр сонгон томилохоор боллоо. МЗХ-ны үйл ажиллагаанд нийцүүлэн энэхүү санал гарчээ. /Үндсэн дүрмийн 8.1/

2/Насны ангилал үгүй болсонтой холбоотойгоор; Дэд Ерөнхийлөгч нар нь ҮЗЗ болон УХ-ны хурлын хооронд МЗХ-ны Ерөнхийлөгчийн цаг үеийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг төлөөлөх “насны” хүрээнд гэснийг “салбар чиглэлийн” хүрээнд болгон өөрчиллөө. /Үндсэн дүрмийн 8.5/

3/Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч нь МЗХ-ны орон тооны бус Тэргүүн дэд Ерөнхийлөгч байна гэдэг заалтыг бүхэлд нь хаслаа. Учир нь хоёр өөр байгууллага гэрээний үндсэн дээр л хамтарч ажиллах хууль эрх зүйн орчин байж болох юм, МЗХ-ны бүтцэд Тэргүүн дэд Ерөнхийлөгч гэж байх шаардлагагүй гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор Үндсэн дүрмийн бусад заалтад дурьдагдаж буй “Тэргүүн Дэд Ерөнхийлөгч” гэдэг үгийг бүгдийг нь хасахаар болж байгаа юм байна.

4/Ерөнхийлөгч солигдох тохиолдолд зөвхөн Дэд Ерөнхийлөгчөөр хариуцлагатай ажиллаж байсан хүнийг Ерөнхийлөгчөөр сонгоно гэсэн утга бүхий заалтыг мөн хасахаар болов. Учир нь тус заалт нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчихөөс гадна МЗХ-ны гишүүн хэн боловч өөрийгөө болон бусдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжийг хязгаарлаж байна гэж үзжээ.

5/Дэд Ерөнхийлөгчийг ҮЗЗ сонгодог байсан аж. Тэгвэл энэ бүрэн эрхийг Их хуралд олгож байгаа юм байна /Үндсэн дүрмийн 6.13/. Ингэхдээ

МЗХ-ны Ерөнхийлөгчийн санал болгосноор Дэд Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх гэдэг заалтыг 5.3.12-т нэмж оруулахаар тусгажээ.

Үндсэн дүрмээ баталсны дараа МЗХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болов. Төлөөлөгчдөөс нэг л хүн Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь О.Гэрэлт-Од байлаа.


“Монголын бүх залуучууд МЗХ гэдэг малгайн дор нэгдэх учиртай”

Нэр дэвшигч Отгоны Гэрэлт-Од нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрж өссөн. Нийгмийн халамжийн чиглэлээр төгссөн. Солонгост магистр хамгаалсан. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд 13 жил ажилласан гэж тэрээр өөрийгөө танилцууллаа.

Мөн цааш хэлсэн үгэндээ “МЗХ-г залуу хүн бүрийг манлайлах, үлгэрлэн дагуулах, Монголын ирээдүйг бий болгох, залуучуудын нэгдэл болсон байгууллага байгаасай гэж би та бүхний адил хүсч мөрөөдөж явдаг хүн. Хийж бүтээх хүсэл зориг байгаа энэ залуу насандаа залуучууддаа, нийгэмдээ хэрэгтэй зүйл ихийг хийх хүсэл зорилготой байсан энэ цаг үед МЗХ-ны VI Их хурал хуралдаж байгаад туйлын билгэшээлтэй, бас талархан оролцож байна. МЗХ-ны VI Их хурлын индэр дээрээс МЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Хэрвээ би МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монголын залуу хүн бүрийн төлөө юу хийж чадах вэ гэдгээ товч танилцуулъя. Нэгдүгээрт, улс төрийн болоод төрийн байгууллагатай эн зэрэгцэн найрсаг харилцаатай хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж ажиллана. Хоёрт, шашин, үзэл суртлаас ангид байж Үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх, эс шүтэх үзлийг дэмжин ажиллах болно. Гуравт, салбар нэгж, хороодын чадавхийг дэмжих, тэдний ажиллах боломжийг бүрэн ханган ажиллана. Дөрөвт, гадаад харилцааг нэн тэргүүнд анхаарч, бусад орны залуучуудын байгууллагуудын харилцааг сэргээн хөгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Бүх шатны байгууллагын удирдлагуудыг өөрт оногдсон үүргээ Үндсэн дүрмийн хүрээнд гүйцэтгэж, хариуцлагатай ажиллахыг шаардах болно. Иймд та бүхэн надад их итгэл даалгавал илүү их зүтгэл гарган хариулах болно. Баярлалаа” гэлээ.Ийнхүү нэг хүн нэр дэвшсэн учраас илээр санал хурааж, 100 хувийн саналаар О.Гэрэлт-Од МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул МЗХ-ны ээлжит бус VI Их хурлын 006 дугаар тогтоолыг батлав.

Энэ үеэр шинэхэн Ерөнхийлөгчийн сэтгэгдлийг хуваалцлаа.

-Та дөнгөж сая залуучуудын төв байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Яг энэ цаг мөчид төрж буй сэтгэгдлээсээ хуваалцаач.

-Монголынхоо залуучуудын итгэлийг хүлээгээд 100 хувийн саналаар МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсондоо маш их баяртай байна. Энэ их итгэлийг ажлаар, зүтгэлээр хариулна.

-Залуучуудынхаа төлөө Та нэн тэргүүнд хаанаас, юунаас ажлаа эхлэе гэж бодож байна вэ?

-Ажлыг МЗХ-г өөрчлөн шинэчлэх, дотоод зохион байгуулалтын асуудлуудаас эхэлнэ. Сүүлийн хэдэн жил холбооны маань үйл ажиллагаа зогсонги байгаа учраас үйл ажиллагаагаа сэргээхээс ажлаа эхэлнэ. Мэдээж залуучуудынхаа манлайлал болж, залуучуудынхаа төлөө бодлогын түвшинд ажиллана. Залуучуудын байгууллага гэдэг бол аль нэг нам, шашин шүтлэгээр залуучуудаа ялгаварладаг байгууллага биш. Монголын бүх залуучууд энэ МЗХ гэдэг малгайн дор нэгдэх учиртай. Бид тэдний өмнөөс ажиллах ёстой. Залуучуудынхаа төлөө ажиллана.

-Амжилт хүсье.

-Баярлалаа.

МЗХ-ны VI Их хурал хүчин төгөлдөр болсныг батлав

Мөн хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар Аюушийн Мөнхбатыг МЗХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх 007 дугаар тогтоолыг баталсан юм.

 

Дараа нь МЗХ-ны шинэ Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Дэд Ерөнхийлөгчдийг санал болгож, улмаар төлөөлөгчид санал нэгтэй дэмжин, 008 дугаар тогтоолыг баталлаа.

Үүнд:

Хөгжлийн бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч-Булган аймгийн Улаанбаатар хот дахь залуучуудын холбооны тэргүүн Г.Чойжамц

Нийгмийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч-Бизнесийн салбарын төлөөлөл Ж.Нямаа

Салбар хороод хариуцсан Дэд Ерөнхийлөгч-Төв аймгийн залуучуудын холбооны тэргүүн н.Дөл

Эдийн засаг, төсөл хөтөлбөр хариуцсан Дэд Ерөнхийлөгч-Орон сууцны байнгын хорооны дарга П.Анхбаяр

Үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч-А.Анхбат

МЗХ-ны VI Их хурлыг хүчин төгөлдөр болсныг төлөөлөгчид 100 хувь баталлаа.

МЗХ-ны Хөдөлмөр эрхлэлтийн байнгын хорооны дарга Б.Эрдэнэбат хуралдааны төгсгөлд оролцогчдод талархал илэрхийлээд “МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг Удирдах хороо оруулж, томилж, чөлөөлөх дүрмийн заалттай байдаг учраас энэ дагуу үйл ажиллагаа явагдана. Чуулганд оролцсон төлөөлөгчдөд баярлалаа. Чуулган хаасныг мэдэгдэж байна” гэснээр энэ удаагийн ээлжит бус Их хурал өндөрлөлөө.

Улс орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэм цуцлагдсаны дараа дүрмийн болон богино, урт стратеги төлөвлөгөөнүүдээ албан ёсоор 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хэлэлцүүлэх юм байна.

Ийнхүү 100 насны ойн босгон дээрээ Монголын залуучуудын холбоо бас нэгэн түүхийн шинэ хуудсаа энэ өдрөөс нээн эхлүүллээ.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>