Назгайрал аюул дагуулна

43

Туул голын эргээр тодруулбал, “Уулын зам”-ын ар, Туул голын эрэг дагуу автомашинууд ёстой л ёоз ёозоороо эгнээд зогсчихож. Автомашинуудаа зогсоосон нь дэгтэй гэж жигтэйхэн. Харин голын эргээр хөлхөлдөх хүмүүст ёстой дэг журам, эрүүл мэндийн заавар зөвлөмжийг мөрдөж байгаа юм алга. Хүүхдүүдээ дагуулсан залуухан сайхан аав ээжүүд, хий нь гарсан насандаа  яваа ээж аав, эмээ, өвөө бүгд л амны хаалт зүүгээгүй байгааг хараад “Юу билээ, хорио энэ тэр тавигдчихсан бил үү” гэж бодогдов.

Яагаад ч юм тэдний хажуугаар явж өнгөрөхдөө зээ нартаа “Цонхоо хаагаарай. Ер нь цонхоо онгойлгосон тохиолдолд маскаа зүүж байгаарай. Цонх онгойлгосныхоо дараа цонхоо хаахдаа ариутгалын бодисоо шүршиж байгаарай” гэж захив. 

Хүүхдүүд “Энэ хүмүүс яагаад маскгүй, тэгсэн хэрнээ голын эрэг дээр тоглоод байгаа юм бэ. Хоорондоо зөндөө ойрхон байна шүү дээ” гэж бяцхан зорчигчид маань “атаархав”.

Тун удахгүй хорио тавигдана гэж их яарч байна. Тийм дээ ч одоо бүр амны хаалт бээлийн зүүгээгүй иргэд олноор зорчих болж. Дэлгүүрүүд ч “Амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй” гэдэг байсан нь больж хамаа намаагүй, зах замбараагүй болж байна.

Төв аймгийн Ээж хадыг зорих автомашины цуваа ч тасрахаа больж. Тухайн орчимд оршин суугчид “Халдвар гарахгүй гэх баталгаа алга” гэж гомдоллож байгаа сурагтай. 

Хэдийгээр “дотоодоосоо халдварлаагүй, ганц ч хүн үхүүлээгүй цор ганц улс” гэж  магтуулж байгаа ч болгоомж илүүдэхгүй.

Ээж хадыг өдөртөө 100 илүү автомашинтай иргэд зорьж очиж байгаа бөгөөд ил тавьсан идээ будаанаас нь эрээлхэж цээрлэхгүй идэж ууж байгаа сурагтай. Залбирал үйлдэхээр дараалсан хүмүүс юуных нь 1,5-2.0 метрийн зай барих. Харин ч бүр бие биенийхээ мөрөн дээр дараад хэд дахин дугуйрч мушгиран дугаарлаж байна гэнэ.

Гаднаас ирэгсдийн тоо өдрөөс өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж, коронавирусын нууц үе нь 14-28 орчим хоног гэж байгаа энэ үед сонор сэрэмж алдаж боломгүй. Иймд дор бүрнээ тэвчээртэй, хүлээцтэй байж, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдсөнөөр аюулт өвчнөөс сэргийлж чадна. Бид назгайрах тусам аюул ирнэ гэдгийг мартах учиргүй. Иймд бэлэн байдлын үед ямар байх ёстойг ядаж л үлдсэн энэ хэдэн хоногт анхаарчихад илүүдэх юун.  

С.Туул

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.