МҮОНРТ-ийн толгой процессорт З.Энхболд “халдаж” С.Батзаяаг ажлаа өгөхөд хүргэжээ

875
МҮОНРТ-ийн толгой процессорт З.Энхболд “халдаж” С.Батзаяаг ажлаа өгөхөд хүргэжээ ММ агентлагийн захирал С.Батзаяа ажлаа өгсөн шалтгааныг хэвлэлийнхэн цаанаа ямар нэг учиртай байна гэж хардаж байгаа. Гэтэл энэ учир маш ноцтой тал руугаа хазайсан бололтой.

Уржигдар буюу С.Батзаяаг ажлаа өгөхөөс аргагүй болтол байдал үүсгэсэн тийм нэг "халдлага” МҮОНРТ-д болсон аж. Саяхныг хүртэл тусгай харуул хамгаалалттай байсан энэ обьектын мэдээллийн агентлагийн толгой процессорт Монгол улсын Үндэсний Дата төвийн захирал З.Энхболд "халдаж” архивыг нь нэгжиж, хуулах, устгахын аль алиныг хийж бужигнуулсан байна. МҮОНРТ-д "ээлгүй” хандлаа гэдэг нэр зүүгээд байгаа спикер З.Энхболдтой ойр ажиллаж байгаад Үндэсний Дата төвд очсон гэгддэг овог, нэр нь "давхцсан” нөхөр МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлд Засгийн газрын саналаар хэдхэн хоногийн өмнө томилогдсон.

З.Энхболд Үндэсний Зөвлөлийн гишүүнээр очоод эхний долоо хоногт нь МҮОНРТ-ийн захирлыг томилох, чөлөөлөх ажиллагаанд амралтын өдрийг ч үл тоон идэвхийлэн оролцсон бол 2 дахь долоо хоногтоо л тус телевизийн толгой процессорт халдаж "томилолт”-ын даалгавраа амжилттай гүйцэтгэлээ.

Тэрээр дур мэдэн аашилж байхдаа "Би Үндэсний Дата төвийн дарга, та нар намайг яах юм” гэх зэргээр бас бус бүдүүлэг, түрэмгий авир гаргасныг ч телевизийнхэн харж байжээ. МҮОНРТ-ийг тойрсон бужигнаан нэг л юмыг харуулж байна. Хаа газар, ямар ч улсад төрийн эргэлт болоход хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг, тэр дундаа толгой телевизийг гартаа оруулж авдаг. Ингэхгүйгээр тэд эрх мэдлийг авч чаддаггүй. АН-ынхан 2016 оны сонгуулийг арай л эрт "гартаа оруулчих” шиг боллоо.

А.Отгон

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>