Заавал ноёны бөх түрүүлэх ёстой юм уу?

56

УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө ганцхан сар үлдлээ. Намууд нэр дэвшигчээ саяхан тодруулж нэр дэвшигчид үнэмлэхээ гардах гэж байна. Энэ цаг үед хаа сайгүй нэр дэвшсэн нөхдийн тухай л ярьж, хэлэлцэж байх юм.

Арга ч үгүй л байх. Хэн хэнийг төлөөлөн төрийн түшээ болж тэр өндөр суудалд суух нь хүн бүхэнд хамаатай болохоор тунгаан ярих нь зүйн хэрэг. Сонин, хэвлэл мэдээллээр ч янз бүрийн санаа, хэл үг гарч байх л...

Та бүхнийг сонсож гунгаан бодоход намууд нэр дэвшигчдээ тодруулахдаа тийм хариуцлагатай хандсангүйг анзаарч болохоор байна биш үү. Намуудад лидер үгүйлэгдэж байна уу гэвэл тийм биш байх. Харин хэргээр үгүйлсэн мэт дүр эсгэж яг цагтаа нэгийг хасч оронд нь хэн нэгнийг "хулгайгаар” шургуулах маягаар ханддаг болжээ. Ер нь ч улстөр тогтворжоогүй цагт жинхэнэ лидерийн тухайд найдаад хэрэггүй гэдгийг саяын нэр дэвшүүлсэн байдлаас харагдлаа.

Намууд сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийн цаана сайн төр, засагтай больё гэсэн санаа байх учиртай. Гэтэл улстөрийн гэх тодотголтой намууд төлөвшөөгүйн улмаас зөвхөн өөрийнхөө эрх ашигт нийцсэн ямар нэг аргаар бусдаас илүү санал аваад гарч ирэх байх гэсэн нөхдийг дэвшүүлжээ.

МАН-ын дарга нь бид ирэх сонгуульд ёс зүйтэй, хариуцлага сахилга сайтай хүмүүсээ сонгоно гэж жилийн бүр эхэнд хэлж байсан. Тэгэхнээ гэж бодсон. Гэтэл яав. Нөгөө л Монголоо саарал, хар жагсаалт руу чирсэн хуучинсаг бас ЖДҮ-чин, концессчин нөхдөө л дахин оруулаад ирж. Олон дахин сонгогдсон ч тойрогтоо гологдсон нөхдийг тойргийг нь сольж өгөөд явуулсан харагдана. Ц.Нямдоржийг Орхонд, Ц.Цогзолмааг Ховдод, Сү.Батболдыг Дундговьд, Б.Энх-Амгаланг Говь-Алтайд гэх мэтээр. Ардчилсан Намын хувьд нэлээд шүүмжлэл хүлээж байх шиг. Яагаад гэхээр эдний намд ардчилал гэдэг юм бүр мартагдсан гэж болохоор. Хэвлэлээр гараад байгаагаас харахад, тус намд орших гурван бүлэглэлийн шахаа хийсэн хүмүүс л нэр дэвшчихэж гэж. Тэр дүр зургийг анзаараад үзэхэд бүлэглэл бүхэн өөрийн гэсэн хүнээ ямар ч цензүүргүйгээр авч байна.

Намын дарга С.Эрдэнэ, зөвлөх З.Энхболд нарын бүлэг (ер нь бүлэг гэдгийг онцгой эрхэт комисс гэж бичээд байгаа) ялагдангуй хандаж уу дээ гэмээр. Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бүлэглэлээс тун итгэлгүй нөхөд нэр дэвшжээ гэж. Итгэлгүй гэдгээ тайлбарлавал, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Батбаяр нарын хууль шүүхээр шалгагдаж байгаа нөхөд буй. Тиймээс гэмтнүүд гэмтнээ өмөөрдөг юм байна л даа гэж ойлгогдоно. Тус нам дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүлгийн тодруулсан гэх нэрийг сонирхлоо. Нээрээ л тэднийхэн гэхээр. Б.Пүрэвдаваа, Г.Уянга, Д.Үүрийнтуяа, А.Адьяасүрэн гээд Ерөнхийлөгчийн хэдэн зөвлөх бүгд. Зөвлөх нэртэйгээс нь Ц.Хулан л үлдэж гэхээр. Бас АН-ын гишүүний батлахын оронд тойрог бэлэглэсэн байх юм. О.Баасанхүү, С.Жавхлан нар нэг, хоёр хоногийн өмнөхөн энэ намд элссэн. Тэдэнд дуртай тойрогтоо нэр дэвш гэсэн эрх олгожээ. Мөн ч хялбархан байгаа биз. Намын батлах наймааны хэрэгсэл болж буй юм даа янз нь. Эдгээрээс дүгнээд үзэхэд МАН мандах нь, АН гологдох нь гэх хаашаа юм. Өнгөрсөн 30 жилд ээлжлэн төр, түшилцсэн хоёр томоохон нам нь ийм байна гэхээр харамсал төрж байна.

Өнөөгийн нэр дэвшигчдээс сонгуулийн дараахь шинэ их хурлын зургийг харах юм бол ёстой л "австракт” нэршилтэй зарим үл ойлгогдох дүр санаанд буух юм. Тэр үл ойлголт дундаас шинээр болох түшээдийн дунд улсын мөнгө хөрөнгө хумслагчид, үеэ өнгөрүүлэх гэж буй хурлынхан дундаас гардаг шиг луйварчин, хүчиндэгч, гэмт хэргийн улмаас эрхээсээ татгалзагчид байж таарах нь.

Бас улс орны амин чухал асуудал хэлэлцэж байхад юугаа ч мэдэхгүй мангар царайлж суух "амьтас” ч байж магадгүй нь. Ер нь хүн өөрийгөө мэдлэггүй, чадваргүй гэж үнэлдэггүй цаг иржээ дээ. МАН-д бол намын даргын эрх, мэдлийн хүрээнд, АН-д бүлэглэлийн шахааны дагуу нэр дэвшигчид тодорсон гэдэг нь ч үнэн л бололтой. Тиймээс кинон дээр "заавал ноёны бөх түрүүлэх ёстой юм уу, харцын хүүхэд түрүүлж болдоггүй хаашаа наадам бэ?” гэдэг шиг л юм санаанд ороод болох юм биш. 

Д.Бичээчхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.