Статистикийн мэдээллийг сонсоод элгээ бодоорой

554
 
 

Статистикийн мэдээллийг сонсоод элгээ бодоорой

 

  • Улсын эдийн засаг 30 орчим жилийн ёроолд уначихаад байхад өрхийн орлого 20 орчим хувиар өссөнийг ойлгох ухаан хайрла
  • Төрийн байгууллагын тооцоогоор монгол өрхийн орлого энэ хугацаанд дунджаар 250 мянга орчим төгрөгөөр өсөж, 1.5 сая төгрөгийг давсан байна
  • ААН-үүд амь тавихын наагуур байхад албан мэдээллүүд нь алд дэлмийн зөрүүтэй гарсаар

Уншигч та элгээ бодоорой. COVID-19 вирусээс эмээж буй иргэддээ инээд бэлэглэж, сэтгэлийг нь сэргээхийн тулд манай статистикийн байгууллага элэг авмаар мэдээллүүдийг танилцуулж эхлээд байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн итгэхэд бэрх үзүүлэлтээс дурдвал, өнгөрсөн хэдэн сард монгол өрхүүдийн орлого өсөж, ажилгүй иргэдийн тоо буурчээ. Бас болоогүй ээ, худалдаа өсөж, рестораны орлого нэмэгдсэн байх юм. Иргэдийн хөл хөдөлгөөнийг хот, хөдөөгүй хорьж, үйлчилгээний газруудад хязгаарлалт тогтоосон өнгөрсөн гурван сард ресторануудын орлого 1.3 тэрбум төгрөгөөр өссөн гэж статистикийн байгууллага тооцсон байна. Гэтэл хотын төвд ресторан ажиллуулдаг иргэн Б "Хаана, ямар рестораны орлого өссөн юм бол. Би дөрвөн сүлжээ ресторантай. Бидний үйл ажиллагааг 22 цагаас хойш хааснаас үүдэн олдог орлогынхоо гуравны нэгийг алдсан” хэмээн өгүүлэв. Он гарсаар төмөр цоож, төрийн захирамжид хүлэгдсэн үйлчилгээний газрууд эргэлтийн хөрөнгөөр гачигдаж, амьсгал хураахын наагуур амь тэмцэн тийчилж байхад албан мэдээлэл нь үүнээс алд дэлмийн зөрүүтэй гарсаар. Хүүхдийн 100 мянган төгрөг, "Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг олгохоос өмнө буюу энэ оны эхний дөрвөн сард таны гэр бүлийн орлого өссөн үү. Төрийн байгууллагын тооцоогоор монгол өрхийн орлого энэ хугацаанд дунджаар 250 мянга орчим төгрөгөөр өсөж, 1.5 сая төгрөгийг давжээ. Улсын эдийн засаг хоёр оронтой тоогоор агшиж, 30 орчим жилийн ёроолд хүртлээ уначихаад байхад өрхүүдийн дундаж орлого 20 орчим хувиар өссөнийг ойлгох ухаан хайрла хэмээн энгийн иргэдээс эхлээд мэргэжлийн сан хүүчид, эдийн засагчид хүртэл шогширч байна. ҮСХ-ны тооцоогоор бол та, бидний амьдрал огт мэдэгдэж, мэдрэгдэхгүйгээр өсөн дэвжиж, сайжраад байгаа бололтой. Дэлхийг эзлээд буй COVID-19 вирус хөгжсөн, хөгжөөгүй, хүчтэй, сул дорой гээд аль ч улсыг үл ялган хүн төрөлхтнийг өмнөө сөхрүүлж байна. Олон арван жилийн турш аврагчийн дүрээр дэлхийг байлдан дагуулсан агуу Америк хүртэл титэмт вирусийн өмнө өвдөг сөхөрч, эдийн засаг нь элгээрээ хэвтэхэд ойртсоныг хүлээн зөвшөөрлөө. Дэлхийн хамгийн хүчирхэг энэ улсын хөдөлмөрийн зах зээл гэхэд бараг 100 жилийн ёроолд тулж, COVID-19 вирусийн улмаас ажлын байраа алдсан америкчуудын тоо сая саяар тоологдож байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл буюу энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар шинэ төрлийн коронавирусийн улмаас 20.5 сая америк хүн ажлын байраа алдсаныг тус улсын Хөдөлмөрийн яам хүлээн зөвшөөрлөө. Эдийн засгийн амин үзүүлэлт болсон ажилгүйдлийн түвшин нь нүд ирмэхийн зуур өссөнийг Америкийн албаныхан цаг алдалгүй шинжлэн тооцож, хугацаа гээлгүй аюулын харангаа нүдэн, хариу арга хэмжээ авч эхэллээ. Гэтэл манай статистикийн байгууллага бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1.8 мянгаар буурлаа гэсэн "бахархмаар” тооноос өөр тайлан танилцуулж, олон нийтэд хүргэсэнгүй.

Тав, арванхан хүнтэй жижиг бизнесээс эхлээд Монголын толгой компаниуд хүртэл зуу зуугаараа ажлын байраа цомхотгож буйгаа нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гунигтайхан зарлаж байхад яагаад өнөөг хүртэл коронавирусийн улмаас хэдэн монгол хүн ажлын байраа алдаад буй тухай мэдээлэл тодорхойгүй байна вэ. АНУ бол дотоодын үйлдвэрлэл өндөр хөгжсөн, аж үйлдвэр, инновац технологи, хөдөө аж ахуй гээд тулж түшчих олон салбартай, дэлхийн "номер 1” эдийн засагтай улс. Ийм хүчтэй хөлөг онгоц хүртэл савлаж буйгаа ил тодоор мэдээлж байхад уул уурхай гэх ганцхан суга таягтай, сул дорой Монголын эдийн засагт ийм олон өсөлт гарсан гэдэгт та итгэж байна уу. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Бидэнд ирж буй мэдээлэл бүхэлдээ сөрөг байхад ажлын байр хэвээрээ байгаа, ажилгүйдэл буурсан гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн мэдээг гаргаж буй нь тухайн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгөх боломжийг хязгаарлаж байна” хэмээн телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Статистикийн байгууллага бодит байдлыг илт гуйвуулж, тоо бодох, тооцоо хийх аргачлалаараа дамжуулан улстөрчдийн хүссэн тоог гаргаж, иргэдийн тархийг угаах ажлаа эрчимжүүлжээ. Энэ нь энгийн иргэд төдийгүй гадаадын орнуудын элэг доог болоход ойрхон байна. Харин бидний амьдралаас дэндүү хол, огт наалддаггүй эдгээр захиалгат тоог нь ирэх өдрүүдэд эрх баригчид эшлэж аваад, эдийн засгаа аварсан баатрын дүрээр баахан жүжиг тоглох нь ойлгомжтой. Ирэх өдрүүдэд цагаан цамц, улаан зангиатай дарга нарын яриаг анзаараарай. Статистикийн байгууллагынхаа сайхан тоог нэмж хачирлаад, ам уралдан сайрхаж, ядарсан биднийгээ баахан даапаалж, хүндэрсэн хувийн хэвшлийгээ хөөрхөн дооёолох биз. Хэдий ноомой ч Монголын ард түмэн тэнэг биш. Алга ташилт хүлээж байх зуур үнэн, худлыг ялгаж зааглаад алганы амт үзүүлэх вий.

Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>