Германы прокуророос Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ

634

ХБНГУ-ын Дрезден хотын Прокурорын газраас хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилтан Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбаяр нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Дрезден хотын тойргийн шүүхэд тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн юм. Тэдэнд эхний удаад есөн жилийн хорих ял төлөвлөж байсан ч Герман улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсан, хууль бусаар хар тамхи тээвэрлэсэн зэрэг хэрэгт нь давхар ял төлөвлөжээ. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Улсын яллагчийн зүгээс 11 жилийн хорих ял төлөвлөсөн байна. Хэргийг сануулахад, 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу нэвтрэх А17 хурдны зам дээр Дрезден хотын нутагт дипломат албаны дугаартай автомашиныг шалгасан юм. 

Шалгахад тус бүрийг нь 500 граммаар савласан 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи илрүүлсэн. Тухайн үед автомашинд Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар зорчиж явсан бөгөөд тэр даруй саатуулагдсан билээ. Цагдаагийн газраас дипломат дугаар уг автомашиныг шалгуулахад ХБНГУ-ын Гадаад харилцааны яаманд бүртгүүлээгүй гэдгийг нь тогтоосон юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон шүүх хуралдааны үеэр яллагдагч Б.Баттүшиг нь өөрийгөө “Монголын нууц ажилтан” гэж мэдээлсэн нь хэргийг хүндрүүлэх нэгэн хүчин зүйл болсон байна.  

Б.Аззаяа 

Эх сурвалж: Tag 24

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>