Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад эсэргүүцэн шаардлага хүргүүллээ

101

Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд уяачид бухимдалтай байна. Учир нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооныхон эрлийз Монгол адуугаа ялгахгүй үзэмжээрээ хандаж байгаа аж. Уг нь ийм асуудал үүсгэхгүй гэж Монголын морин спорт, уяачдын холбооноос дүрэм баталж, стандарт мөрдүүлэхийг удаа дараа уриалж, уламжилж байсан. 

Гэтэл нэр бүхий цөөн хэдэн хүн олон жилийн турш наадам будлиантуулсаар байгаа юм. Тэдгээр нөхөд төр засгийн нэр барьж,  өөрсдийн явцуу сонирхолд тохируулан олон мянган уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хохироон үндэсний уламжлалт хурдан морины соёлын хөгжилд саад тотгор учруулж байна гэж ММСУХ-оос үзэн дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж. 

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ
 ЗОХИОН ХОРООНЫ ХУРДАН МОРИНЫ  САЛБАР ХОРООНД


Шаардлага хүргүүлэх тухай 

Монголын морин спорт, уяачдын холбоо нь Дэлхийн морин уралдааны холбоо, Азийн морин уралдааны холбоо, Дэлхийн үндэсний спортын холбоо, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн бөгөөд 21 аймаг, 330 сум, нийслэл түүний 6 дүүрэгт салбартай 120 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн спортын холбоо юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо нь Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулж эрлийз, монгол морьдыг ялгаж уралдуулахдаа сэрвээний өндрийг огт хэмжихгүйгээр хасч байгаа нь олон мянган уяачдын  бүтэн жилийн хөдөлмөрийг үгүйсгэж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчин, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигалын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар олон нийтийн дунд  хар мэдээ, мэдээлэл ихээр гарах боллоо. Монголын морин спорт, уяачдын холбоо нь уяачид наадамчдын дунд маргаантай байдаг  эрлийз, монгол морьдыг ялгаж  уралдуулах асуудлыг холбооны 7 дугаар их хурлаараа хэлэлцэн зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар шийдвэрлэж хурдан морины уралдааны дүрмээ баталсан юм.
Иймд хурдан морины уралдааныг олон нийтэд ил тодоор хөндлөнгийн хяналтын оролцоог хангаж зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах,  мэргэжлийн спортын холбооны дүрэм, журам,  оролцоог хангаж зохион байгуулах,  уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг хүндэтгэж холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй ажиллахыг шаардаж байна.


МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа эрийн гурван наадмын бөх, сурын харвааны комисст тухайн спортын мэргэжлийн холбооны төлөөллийг оруулдаг. Үнэн хэрэгтээ тэдгээр мэргэжлийн холбоод нь наадмын тухайлсан төрлөө зохион байгуулдаг билээ. Гэтэл ганцхан хурдан морины уралдааныг ММСУХ-г огт оролцуулахгүйгээр "Төрийн наадмыг төрийн комисс зохион байгуулна" гэх нэрээр ашиг сонирхолд хөтлөгдсөн байж болзошгүй нөхдүүд будлиантуулж байгаа нь хурдан морины соёлын хөгжилд саад тотгор учруулж байгааг анхаарууштай. 

Эх сурвалж: dorgio.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.