ИНЕГ, МИАТ-ийн удирдлага хариуцлагаас мултрахын тулд ослын буултыг нуув уу
-Яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудынхаа толгойг илсээр байна-
Сонгуулийн өмнөхөн "Скай жет” хэмээх нисэхийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийнхан өдөр тутмын сонинуудад төлбөртэй нийтлэл, зар гаргаж Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын удирдлагын тодруулбал, дарга Л.Бямбасүрэнгийнх нь хууль бус үйлдлийг олонд ил болгохыг зорьсон. Гэвч өдгөө шүүхэд иргэний, цагдаад эрүүгийн хэрэг үүсгэсэн учир нисэхийн салбарын үйл ажиллагааг удирдан зохицуулж байдаг агентлагийн удирдлагын хууль бус үйлдлийг ил гаргах гэсэн дээрх хувийн компанийнхны оролдлого талаар болж байх шиг.
Гэхдээ иргэний нисэхийн салбарт хууль зөрчсөн олон үйл ажиллагаа болж, түүгээр ч зогсохгүй хүний амь, эрүүл мэндэд ч хохирол учруулж болзошгүй байдалд хүрээд байхад ИНЕГ-ын удирдлага албан тушаалтайгаа үлдэхийн тулд ихэд нууцалж байгаа нь илт болов. Албан тушаалаасаа салахгүй үлдэхийн тулд гэж тодотгосны учир юу гэвэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин Засгийн газрын тэргүүнээр томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганы танхимд "Ард түмний хамгийн ихээр хүсэмжилж буй зүйл нь нийгэмд шударга ёс тогтоох асуудал байлаа. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль бий, төр, засаг байгаа, ард түмэн ямагт харж байдаг гэдгийг цаашид ч мэдрүүлэх болно. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтооход онцгойлон анхаарч ажиллах болно. Нэн ялангуяа ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль, хүчний байгууллагынхан, авлига албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллана” хэмээн мэдэгдсэн билээ.
Үүнээс болсон уу, хариуцлага алдсан албан тушаалтнууд түүнийгээ нуухын тулд тусгай үүргийн онгоц энэ сарын 2-нд Бээжинд саатсаныг олон нийтэд мэдээлэхдээ техникийн буулт хийсэн гэж байсан билээ. Тодруулбал, МИАТ компанийнхан албан ёсны цахим хуудсандаа "Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13.23 цагт техникийн буулт хийгээд байна. Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14.00 цагт хөөрөхөд бэлэн болсон байна” гэсэн байв.
Тэгвэл Бээжин хотын нисэх буудлынхан олон улсад түгшүүр зарлаж, хүлээн авч байсан нислэгүүдээ зогсоон МИАТ компанийн "Боинг 737-800” агаарын хөлгийг цаг гаруй агаарт эргэлдүүлсний эцэст буулгасан. Үүнийг нисэхийн мэргэжилтнүүд мэдэхийн дээдээр мэдэж буй ч үнэнийг ярихыг хүсэхгүй байна.
Улсын чухал объектын нэгэнд тооцогдож буй "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хориотой бүсэд энэ оны зургадугаар сарын 4-нд жирийн нэг иргэн чөлөөтэй нэвтрэн орж, үйлчилгээ хийж байсан МИАТ ХК-ийн агаарын хөлөгт орчихсон зугаалж явжээ. Энэ зөрчил, дутагдлыг ИНЕГ-ын удирдлагууд тас нуусаар өнөөдрийг хүргэв. Хэрэв тухайн хүн ямар нэг байдлаар хорлон сүйтгэх үйл ажиллагаа хийсэн бол, эсвэл "Ковид-19”-ийн халдвар авсан этгээд зугаалж байсан бол ИНЕГ-ын дарга нар яах байсан юм бол оо. Нисэхийн харуул хамгаалалтыг нь 2018 оны наймдугаар сарын 1-нд олон улсын нисэх буудлын мэдлээс тусад нь гаргаж Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяанд өгч, нисэхийн салбарын талаар ямар ч боловсролгүй хүнийг хамгаалалт хариуцсан даргаар нь томилон ажиллуулж байгаа юм билээ. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр тусдаа бие даасан төвийнхөн харуул хамгаалалтыг эрхэлж, тагнуулын байгууллагад ажиллаж байсан нэгнээр түүнийгээ хариуцуулсан биш дахиад л "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хориотой бүс болох "А-13” хяналтын цэгээр дахиад нэг иргэн нэвтрэн орчихсон гэнэ.
ОНГОЦНЫ ХӨДӨЛГҮҮРИЙГ ХАА ХОЛЫН БРАЗИЛ УЛСАД АВААЧИН ЗАСУУЛНА ГЭВ ҮҮ
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохтой зэрэгцээд МИАТ ХК-ийн онгоц Бээжинд гэнэт буусан дуулиан энэ оны долдугаар сарын 2-нд олны анхааралд өртсөн. Гэвч МИАТ техникийн буулт гэж олныг төөрөгдүүлсэн мэдэгдэл гаргаснаар тэгсхийгээд намжсан билээ. Сөүлээс 170 иргэнээ эх оронд нь авчрахаар явсан уг агаарын хөлөг Инчеоны нисэх буудлаас хөөрснөөс хойш агаарт 30 гаруй минутын дараа нэг хөдөлгүүр нь "зогсжээ”. Ингээд хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон онгоцны нисэх багийхан олон улсад "Авраарай” түгшүүр буюу "SOS” тусламж дуудан ниссээр Улаанбаатарт биш, БНХАУ-ын Бээжин хотын нисэх буудлын орчимд 12 удаа эргэлт агаарт хийж, онгоцоо аюулгүй буулгахын тулд түлшээ нэг цаг шахам шатаан, 13.23 цагт "Капитоль” нисэх буудалд ослын буулт хийсэн байна.
Өмнөд хөршийн хэвлэл мэдээллийнхний нийтэлснээс үзвэл манай агаарын хөлөг олон улсын нисэхийн салбарт мөрддөг "код 7700” аюулын дохио илгээсэн нь яаралтай арга хэмжээ авах үндэслэл болсон аж. Уг код нь онгоцонд онцгой байдал үүссэн үед буюу энэ тохиолдолд агаарын хөлгийн зүүн хөдөлгүүр ажиллагаагүй болсноос үүдэн дамжуулсан дохио байжээ. Гэтэл МИАТ компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр "Сөүлээс Улаанбаатарын чиглэлд нисэж байсан манай "Боинг-737” онгоцонд техникийн дутагдал гарлаа гэсэн гэрэл ассан учир аюулгүй байдлын үүднээс ойрхон явсан Бээжин хотын нисэх буудалд газардсан. Онгоцны нэг хөдөлгүүр дээр бензиний шүүлтүүрийн гэрэл ассан. Тиймээс зайлшгүй бууж үзэх шаардлагатай байсан. Буухын өмнө дүрэм журам ёсоор жингээ багасгахын тулд Бээжин хотын дээгүүр тойрч цаг гаруй нисэж, ямар нэг алдаа дутагдалгүй газардлаа. Техникийн дутагдал гарсан учир шинжлэн шалгах байцаагч очсон. Мөн Хятадын Иргэний агаарын тээврийн мэргэжилтнүүд мөн тэнд ажиллаж байгаа” хэмээн тухайн үед олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн юм.
Энэ талаар уг онгоцоор ирсэн зорчигч А.Наранчимэг "isee.mn” цахим хуудсанд өгсөн тодруулгадаа "Замынхаа талд нь ч хүрээгүй гэмтэл гарсан. Бээжин хотын дээгүүр нэг цаг хайрцаг хийж ниссэн. Хөдөлгүүрт гэмтэл гарч, ослын буулт хийнэ гэж зарласанаас хойш хүн бүхэн айдаст автсан” гэсэн бол, иргэн Б.Жаргал "Нисэж байснаа гэнэт нэг хөдөлгүүрт нь асуудал гарсан юм шиг байна лээ. Онгоцны үйлчлэгч нар нь сандарч гүйлдээд л, тэр үед юм, юм л бодогдож байсан шүү. Бээжингийн дээгүүр цаг гаруй хугацаанд тойрч шатахуунаа шатаасан. Ингээд дуусахын алдад ослын буулт хийж амжилттай газардсан” хэмээн ярьсан нь бий. Тэгвэл өөр нэг зорчигч хэвлэлийнхэнд яриагүй ч найз нөхдөдөө "Хөөрөөд удаагүй байтал зүүн талын хөдөлгүүрт нь их дуу чимээ гарсан. Түүнээс хойш цаг орчим болоод Бээжинд ослын буулт хийхээр болсон” гэж ярьсан байв. МИАТ ТӨХК-ийн удирдлага ийнхүү иргэдийг айж цочирдуулж, ая тухгүй үйлчилснийхээ төлөө ард түмнээс уучлал гуйх ёстой атал хэнэг ч үгүй худлаа хэлж суугаа нь гайхаш төрүүлснийг олон зорчигч нь өгүүлж байна. Хэрэв нисгэгч Ц.Ууганбаяр даргатай нисэх багийнхан шуурхай арга хэмжээ авч, нөхцөл байдлыг зөв үнэлж, хөлгийг аюулгүй газардуулаагүй байсан бол МИАТ компанийн удирдлага юу хэлж суух байсан бол.
Бээжингийн нисэх буудалд олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагад бүртгэгдэн, ослын буулт хийчихээд байхад яагаад МИАТ ХК-ийнхан ч, ИНЕГ-ынхан ч олон нийтийг төөрөгдүүлж, "техникийн буулт” хэмээн худлаа мэдээлэл тарааж байна вэ. Энэ нь магадгүй өөрсдийгөө хариуцлагаас мултлах, цаашлаад нисэхийн салбарын мэргэжил эзэмшээгүй гэдгээ нотолж байгаа хэрэг бус уу.
Бээжинд долдугаар сарын 2-нд ослын буулт хийсэн МИАТ-ын 170 зорчигчтой агаарын хөлгийн гэмтлийн шалтгааныг тодруулахаар ЗТХЯ-ны харьяа Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас хүн өмнөд хөршийг зориогүйг хэд хэдэн эх сурвалж баталж байгаа. Уг нь тус алба Чикагогийн конвенц, Иргэний нисэхийн тухай хуулийн дагуу агаарын хөлөг, түүнтэй холбогдсон осол, зөрчлийг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх үйл ажиллагааг явуулах ёстой. Магадгүй дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж хүн явуулж шалгуулах боломжгүй байгааг үгүйсгэхгүй. Эсвэл өөр учир шалтгаантай ч байж болох юм билээ. ИНЕГ-ын зарим эх сурвалжийн өгүүлснээр уг албанаас хүн заавал очиж шалгах ёстой аж. Энэ онгоцны хөдөлгүүрийг хаа холын, далайн чанадын Бразил улсад аваачин засвар үйлчилгээ хийлгэх гэж буй гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Ази тивдээ онгоцны хөдөлгүүрийг засдаг, үйлчилгээ хийдэг өчнөөн улс байсаар байтал тэнд нь захиалж засварлуулах боломжтой л баймаар. Магадгүй ИНЕГ, МИАТ компанийн удирдах албан тушаалтнуудын мөнгө завших нэг арга нь энэ юм болов уу.
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА НЬ ДУУССАН ХӨЛГӨӨР ИРГЭДЭЭ АВЧРАХААР ИЛГЭЭСЭН БОЛОЛТОЙ
Мэдээж газар орон дээр нь ажилласан БНХАУ-ын иргэний нисэхийн холбогдох албаныхан долдугаар сарын 2-нд БНСУ-аас иргэдээ авчирч явахдаа Бээжинд ослын буулт хийсэн МИАТ ХК-ийн ОМ302 нислэгийн дугаартай "Боинг 737-800” агаарын хөлгийн хөдөлгүүрийг шалгаж байгаа нь гарцаагүй. Тэд уг хөдөлгүүрийг хэзээ угсарсан, засвар, үйлчилгээ хэдийд хийсэн, хаанаас худалдан авсан гээд бүх л мэдээлэлд хариулт өгөх нь тодорхой. Харин МИАТ, ИНЕГ-ынхан уг тайланг нь үнэнээр нь олон нийтэд мэдээлж, алдаа, дутагдалаа засах, эсэхийг харах л үлдэж байна. Яагаад ийн бичих болов гэхээр Бээжингийн нисэх буудалд манай агаарын хөлөг ослын буулт хийсэн хоёр дахь тохиолдол нь энэ аж. Одоогоос 10-аад жилийн өмнө хуурамч дипломтой нисгэгчтэй агаарын хөлөг өмнөд хөршийн нийслэлд ийнхүү буусан бөгөөд нисэхийн талаар "А” ч үгүй, ИНЕГ-ын тухайн үеийн эрх бүхий албан тушаалтны хүү нь хуурамчаар нисгэгчийн диплом өвөртлөн агаарын хөлөг жолоодож байсныг Хятадын талын мэргэжилтнүүд илрүүлэн дүгнэлтээ манайд ирүүлсэн юм билээ. Харамсалтай нь, манай ИНЕГ болон МИАТ компанийнхан уг дүгнэлтийг нь дарагдуулсан аж. Манай иргэний нисэх салбарын нэгдэн орсон Олон улсын нисэхийн дүрэм журамд аливаа осол, зөрчлийг нууцалж болохгүй, үнэнээр нь мэдээлж байхыг заасан хэдий ч Монгол Улсын агаарын тээврийн салбарынхан ард түмнээс гарцаагүй нууцалж байсан нь ийнхүү ил болж байна.
Эдгээрээс гадна хамгийн ноцтой нэг зүйлийг энд тодруулъя. Монгол Улсад үйлчилж байгаа Иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын конвенцын дагуу ИНЕГ-аас агаарын хөлгийг хянан шалгаж, гэрчилгээ олгодог. Үүний нэг нь Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ аж. Тэгвэл тусгай үүргийн үйлчилгээнд долдугаар сарын 2-нд яваад Бээжинд ослын буулт хийсэн EL-CXV бүртгэлийн дугаартай "Боинг 737-800” агаарын хөлгийн дээрх гэрчилгээний хугацаа тухайн өдөр дууссан байжээ. Тодруулбал, ИНЕГ-ын https://www.mcaa.gov.mn/?p=178... цахим хуудсанд энэ тухай тодорхой харуулсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх агаарын хөлгийн I хөдөлгүүрийн турбины хэсэгт шаталт үүсэж, эвдэрсэн гэсэн урьдчилсан онош өмнөд хөршийн холбогдох албаныхан тавиад байгаа гэх. Уг хөдөлгүүр нь 2016 оны тавдугаар сард Ховдоос Улаанбаатар руу хөөрөх үедээ гэмтсэнийг их засвар хийсэн гэсэн ам дамжсан яриа ИНЕГ-ынхны дунд байна. 2016 оны тавдугаар сарын 3-ны 16.59 цагт МИАТ компанийн "Боинг 737-800” агаарын хөлөг Ховдын нисэх буудлаас хөөрөхөөр нисэх, буух зурвас дээгүүр гүйж байхдаа чиг алдан, зурвасаас гарч, хоёр хөдөлгүүрээ гэмтээсэн осол, зөрчил гаргаж байжээ. Зүүн хөдөлгүүр буюу I хөдөлгүүр нь ашиглагдах боломжгүй болж, сольсон бөгөөд тэр нь ийнхүү дахиад ослын буулт хийх шалтгаан болов уу. Дөрвөн жил гаруйн өмнө болсон энэ ослын буултын талаар өнөөдөр хэн ч ярихгүй, буруутай албан тушаалтанд нь ч хариуцлага тооцохгүй өдий хүрч байгаа нь хачирхалтай бөгөөд ямар үр дүнд хүргэж байгааг хууль, хяналтын байгууллагынхан сайн ойлгоосой билээ.
ИНЕГ-ЫН ДАРГЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ШҮҮХ ХЭРЭГССЭНГҮЙ
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг хэд хэдэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор хэрэгт хяналт тавьж буй юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан "Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа билээ. Түүнийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, 20 сая төгрөг түүний данс руу шилжүүлсэн, ЗТХЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн эрхэм өмнө нь 20 сая төгрөгийн дээрх дэмжлэг авчихаад байхад 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь шилжүүлсэн хэрэгт яллагдагчаар тооцоод байгаа аж.
Улмаар яллагдагч Л.Бямбасүрэнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд буюу ИНЕГ-ын даргаар ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар, өөрөөр хэлбэл уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэх, улсын хилээр гарах, ЗТХЯ, ИНЕГ-ын албан тушаалтнуудтай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах санал НПГ-аас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн гуравдугаар сард хүргүүлсэн юм байна. Гэвч тус шүүхийнхэн прокурорын саналыг хэрэгсэхгүй болгосноор тэрбээр өнөөг хүртэл албан тушаалаа хэрэгжүүлсээр байгаа аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чуулганы танхимд хэлсэн "Ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль, хүчний байгууллагынхан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллана” хэмээсэн үг, дээрх албан тушаалтны холбогдсон хэргийг шийдвэрлэж чадахгүй, албан тушаалд нь өнөөг хүртэл байлгаж буй явдал нь хоорондоо зөрчилдөөд байх шиг. Уг нь нисэхийн салбарын олон хүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн шударга бусын эсрэг тэмцэнэ гэсэн үгийг дэмжиж, үйл хэрэг нь үр дүнд хүрч, ИНЕГ-т 2016 оны есдүгээр сараас хойш бугшсан нисэхийн мэргэжлийн бус удирдлага, албан тушаалтнуудын авлига, албан тушаалын сүлжээ, хууль тогтоомжийг алхам тутамдаа зөрчиж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоогоосой гэж хүсэж буй юм билээ.
Бид цаашид ИНЕГ-ын будилаантай сонгон шалгаруулалтын тухай болон хууль зөрчсөн бусад үйл ажиллагааны тухай дэлгэрүүлэн мэдээлэх болно.
Бэлтгэсэн: Г.Равжаа