“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

493

-“ЭТТ” ХХК-ийн хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан олгохыг шаардаж байна!-
Сонгуулийн амлалтын гол “бай”, “ЭТТ” ХК-ийн иргэдэд очих ногдол ашиг яагаад тараагдахгүй байна вэ? Байх ёстой дансандаа байна уу? Сангийн сайд Ганнам дүүрэгт үл хөдлөх хөрөнгөтэй албан тушаалтан мөн үү? Тавантолгойн ногдол ашгийн талаар улс төрийн хүрээнд хамгийн идэвхтэй маргаан өрнүүлж байсан УУХҮ-ийн сайд асанД.Сумъяабазар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “гар хүрсэн” нь үнэн үү? Яагаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтийн өмнө ил гарахгүй байна вэ? Хэрэв дээрх мэдээлэл худлаа байсан бол зэрэгцэж суугаад мэдээлэл хийх нэг сар орчмын хугацаа өнгөрлөө. Ард түмэн тэнэг, сохор, дүлий биш шүү! Энэ бүхнийг ард нийтийн амьдралд идэх талх шиг нь чухал биш юм гэж үзэхэд Тавантолгойн баялгаас иргэдэд хүртээх ногдол ашиг хаачив гэдгийг ярих цаг яах аргагүй мөн.
“ЭТТ” ХК Төрийн сангийн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн дансанд материал нь бүрдсэн 720 мянган иргэний 60 тэрбум төгрөгийг 2020 оны зургадугаар сарын эхээр хийсэн байна. Мөн энэ сард багтаж 40 тэрбум төгрөгийг нэмж тус сан дахь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн дансанд шилжүүлснээр нийт 1 сая 300 мянган иргэний хувьцааны ногдол ашиг тараагдахад хүрэлцэх мөнгийг ийнхүү төвлөрүүлжээ. Энэхүү татвар, төлбөр, хураамж яг зориулалтын дансандаа ордог. Өнөөдрийн авсан тоогоор бүрэн бүртгүүлж арилжааны дансаа холбосон иргэний тоо 921 мянгад хүрээд байгаа, тэдэнд олгогдох мөнгөн хөрөнгийн хэмжээ нь 88 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ мөнгө хэзээ тараагдахыг Засгийн газар шийдвэрлэнэ. Магадгүй Засгийн газар, тодруулбал Ерөнхий сайд, Сангийн сайд нар хүсвэл есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнөхөн иргэд өөрсдийн эзэмшдэг хувьцааны тоогоор ногдол ашиг хүртэх боломж байгаа, мөнгөн хөрөнгө нь ч асуудалгүй юмсанж.
Иргэдэд олгох уг хөрөнгийг хадгалж буй “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК-ийн Төрийн сан дахь  ногдол ашиг төвлөрүүлэх дансанд төвлөрдөг. Одоогоор 60 тэрбум төгрөг баттай байна, энэ сард 40 тэрбум төгрөг нэмж шилжинэ гэсэн үг. Энэ данснаас иргэдийн данс руу шилжинэ. Хардлага юунд байна вэ гэхээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК бол Сангийн яамны удирдлагад байдаг компани. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараагийн Засгийн газарт ганцаараа үлдэж ажиллах болсны шалтгаан нь үүнтэй холбоотой байж болох юм гэсэн хардлага байна.
Энэ дашрамд “ЭТТ” ХК мөнгийг бүгдийг нь шилжүүлээгүй учраас ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэхгүй байна гэсэн тайлбарыг хэвлэлд өгөөд байдаг. Энэ талаар сонирхоод үзэхэд ЭТТ ХК нийт 152.1 тэрбум төгрөгийг энэ оны 12 дугаар сарын 31- ний дотор “Үнэт цааснытөвлөрсөн хадгаламж төв” ХХК-ийнТөрийн сан дахь “ЭТТ” ногдол ашиг төвлөрүүлэх дансанд шилжүүлэх хуульд заасан хугацаатай юм байна. Энэ 152.1 тэрбум төгрөг ямар учиртай вэ гэхээр нийт бүртгэлтэй байх 2.512.870 хүнээс одоо бүртгэлтэй байгаа1.711.000 иргэнд олгогдох нь 152.1 тэрбум төгрөг болж байгаа юм. Угтаа 2.220.125.560 ширхэг хувьцааны 199.8 тэрбум төгрөгөөс ашгийн 10 хувийг хасаад 179.8 тэрбум төгрөгийг олгох учиртай, тэдгээрээс бүртгэлд хамрагдаагүй иргэдийг хасч тооцвол 152.1 тэрбум. Харин яагаад бүх мөнгийг төвлөрүүлэхгүй, бүртгэлтэй, бүртгэлгүй гэж ялгаад байгаа нь цаанаа бас учир шалтгаантай юм.
Гэтэл бодит байдал дээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК-ийнТөрийн сан дахь дансанд тэртээх ягаан, цэнхэр тасалбарын үеэс хойшхи ногдол ашгаа аваагүй хүмүүсийн 10 гаруй тэрбум төгрөг хуримтлагдчихсан, эзэндээ очоогүй байж байдаг учраас ЭТТ ХХК-ийн зүгээс тэгж үхмэл хөрөнгө төвлөрүүлэхгүйн тулд хувьцааны ногдол ашгаа авахаар идэвхтэй бүртгүүлж дансаа нээлгэсэн хүмүүсийн л ашгийг төвлөрүүлэх чиглэл баримтлаад байгаа байж болох юм. Тэр нь ч зөв. Гэхдээ Засгийн газрын зарим гишүүн, холбогдох албан тушаалтнуудын зүгээс ерөөсөө ногдол ашиг тараахад зарцуулагдах бүх мөнгийг уг дансанд төвлөрүүлэх сонирхол бий. Өөрөөр хэлбэл, ногдол ашгаа авах гэж бүрдүүлсэн материал, холбогдох банкны дансаа бүртгүүлээгүй бол банкинд байршуулж хууль бусаар орлого олох тэдний мэх олонд танил болсон шүү дээ. Үүн дээр нь “ЭТТ” ХК давхар хяналт тавиад байгаа нь болзошгүй гэмт үйлдэлд нь саад учруулсан зөв үйлдэл гэж хэлж болно. 
ЭТТ ХК-ийн хувьд Засгийн газрын хоёр тогтоолоор төрд өгөх ашгийг шууд төмөр зам руу буюу “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн дансанд шилжүүлээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа. 
Үүнээс гадна Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар уг сангийн мөнгийг татан авч захиран зарцуулсан, энэхүү хууль бус үйлдлээ хууль ёсны болгож харагдуулахын тулд нөхөж холбогдох хуульд өөрчлөлт оруулж болзошгүй нөхцөл үүсээд байгаа гэсэн мэдээлэл бий. Ирээдүйн өв сангийн тухай хуулиар тус санд зөвхөн ашигт малтмалын орлогоос олсон ашгийг л төвлөрүүлдэг. Тэгэхдээ 2033 он хүртэл хэн ч хүрэх аргагүй түгжигддэг, хэн ч шилжүүлэг хийх боломжгүй сан учраас хөдөлгөж болдоггүй энэ сан руу аль болох мөнгө хийхгүй байхыг Сангийн сайд эрмэлздэг бололтой нь үг, үйлдлээс нь анзаарагддаг. Баттай эх сурвалжийн мэдээлснээр одоогоор Ирээдүйн өв санд 1.3 их наяд төгрөг байгаа юм билээ. Үүнийг эдийн засгийн хүнд нөхцөлд эргэлтэд оруулж арвижуулах, оновчтой чиглэлээр зарцуулах санаа Ч.Хүрэлбаатар төдийгүй ямар ч эдийн засагч, улстөрчийн толгойд орж л таарна. Гэхдээ ганц гарц нь Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах явдал. Хэрэв энэ сангийн мөнгөнөөс зарцуулсан тохиолдол гарсан бол дур мэдэн албан тушаалаа ашигласан хэрэг төдийгүй маш том хулгай болж таарна. 
Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар бодлого баримталж байгаагаа иргэдэд яаралтай тайлбарлах шаардлага үүсээд байна.Тэр ч байтугай Ирээдүйн өв санд яг ямар хэмжээний мөнгө хуримтлагдаад байгааг олон нийтэд тайлагнах, түүнийгээ нотлох ёстой. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах сонирхол байгаа эсэх, хэрэв байгаа бол яагаад, юунд зарцуулах гэж тэр вэ гэдэг нь анхаарал татаж байна. Хэрэв Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эхлээд УИХ-ын 64 дүгээр тогтоолыг зөрчин барьж эхэлчихээд хаа байсан 2020 оны 5 дугаар сарын 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон шиг Ирээдүйн өв сангийн тухай хуулийг зөрчиж тус сангийн хөрөнгөд “гар хүрчихээд” дараа нь буюу одоо уг сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол ноцтой гэмт хэрэг болно. 
Нөгөөтэйгүүр “ЭТТ” ХК олон нийтийн хяналтад байсаар байтал тус компаниас “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК-ийн Төрийн сан дахь дансанд төвлөрүүлсэн хэргийг нууцлах ёсгүй. Олон нийт онлайнаар ороод үзэж болдог байж гэмээнэ бид Тавантолгойгоос ашиг хүртэж чадаж байгаа эсэхдээ итгэлтэй байж болох юм. 
Өнөөдрийн байдлаар Засгийн газар энэ талаарх мэдээлэлдээ хаалттай байна. Дээр нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК,Төрийн сан, Ирээдүйн өв сан корпорацийн удирдагыг атгаж буй Сангийн сайд Ганнам дүүрэгт үл хөдлөх хөрөнгө нь илэрсэн сайдын нэг байж болзошгүй байгаа нөхцөлд хардлага төрөх нь зүйн хэрэг. Иймээс “ЭТТ” ХК-ийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс дээрх сангуудад орж буй мөнгөн урсгалыг хянах эрх иргэд, олон нийтэд бий. Мөн зориулалтын дагуу зарцуулахыг хүсч байгаа бол УИХ-ын 2020 оны сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөр, амлалтуудад багтсан эдгээр компанийн төрд шилжүүлээд байгаа мөнгөхаана байгаа, хэзээ, хэнд зарцуулагдахыг ил тодоор мэдээлэхгүй бол иргэнд очих мөнгө иргэнд ирээгүй учраас “Ганнамын Монголчууд” гараа угаах вий гэсэн эргэлзээ тайлагдахгүйг анхааруулъя!
12490
НИЙТЛЭЛЧ: ОРГИЛМАА

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>