Чихрийн агууламж өндөр бүтээгдэхүүнд архи, тамхитай адил онцгой албан татвар ногдуулъя

Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт, хүрээ нэмэгдэж байгааг олон судалгаагаар нотолжээ. Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болж байгаа аж.
Зохисгүй хооллолтын хамгийн том жишээ нь сахар болон чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ юм. Чихрийн хэрэглээ хэт өндөр байгаагаас амны хөндийн өвчлөл, чихрийн шижин, таргалалт зэрэг эмгэг ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Ганц жишээ дурдахад хүүхэд багачуудын дунд хэт таргалалт 2010 оноос хойш 6-7 дахин нэмэгдсэн байна.

Манайд худалдаалагдаж буй ихэнх ундааны 100 мл дэх сахарын агууламж найман грамм түүнээс ч өндөр байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн Хүн амын хоол тэжээлийн үндэсний 4 ба 5 дугаар судалгааны дүнгээс харахад хүн амын дунд чихэрлэг ундааны хэрэглээ өндөр, түүнээс шалтгаалсан өвчлөл их байгаа атлаа амин дэм, эрдсийн дутагдал буюу далд өлсгөлөн хүрээгээ тэлсэн нь тогтоогджээ.