ОХУ шатахуун экспортын хоригоо үргэлжлүүлэх үү?

269

ОХУ шатахуун экспортын хоригоо үргэлжлүүлэх үү?

 

Оросын засгийн газар дотоодын шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор бензиний экспортод илүү хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ талаар Ройтерс агентлаг Пүрэв гаригт (2025.07.24) тухайн салбарын гурван эх сурвалжийн мэдээллийг иш татан мэдээлжээ.

“Хоригтой холбоотой бүх зүйл шийдэгдсэн. Одоогоор найм, есдүгээр саруудад хэрэгжинэ” гэж нэгэн эх сурвалж нэрээ нууцлан хэлсэн байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, уг тушаал энэ сарын сүүлчээс өмнө гарч болзошгүй байгаа аж. Харин Ерөнхий сайдын орлогч Александр Новакийн алба уг төлөвлөж буй хязгаарлалтуудын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Эрх баригчид бензиний экспортыг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа ч эцсийн шийдвэрийг хараахан гаргах болоогүй гэж энэ сарын эхээр Новак мэдэгдэж байв.

Мөн  хэлэлцүүлэгт оролцсон эх сурвалжууд хэлэхдээ, эцсийн шийдвэрийг гаргахаас өмнө нэг долоо хоногийн турш зах зээлийн нөхцөл байдлыг ажиглахаар болсон гэж мэдээлсэн байна.

Орос улс энэ онд аль хэдийн бензиний экспортод хэд хэдэн хязгаарлалт тогтоосон. Үүнд гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг хүртэл зарим пүүс, нефтийн агуулах болон жилд нэг сая тонноос бага үйлдвэрлэл хийдэг компаниудад хамаарах экспортын хориг орсон. Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн бирж дээрх бензиний бөөний үнэ өнгөрсөн долоо хоногоос хойш тасралтгүй өсч байна. АИ-95 төрлийн бензиний бөөний үнэ Пүрэв гаригт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Тиймээс дотоодынхоо бензиний үнийг тогтворжуулахын тулд хоригийг дахин сунгах бололтой.

Ройтерс агентлагийн тооцооллоор, ОХУ 2025 оны нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл 18.6 сая тонн бензин үйлдвэрлэж, үүнээс 15.8 сая тонныг дотоодын зах зээлд нийлүүлжээ. 

М.НАМУУН

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>