“Мянгат, сайн малчин” цолын шалгуурыг өөрчилье

596

“Зууны мэдээ” сонин “Хүйтний хөндийн доройтол Хурхад бүү давтагдаасай” цуврал гурван нийтлэлийг өмнөх дугааруудад хүргэсэн. Дэлхий даяар тоо толгой нь 7000, манай улсад 1000 орчим үлдсэн нэн ховордсон цэн тогорууг хамгаалах, тэдний амьдрах таатай нутаг болсон ус намгархаг газрын экосистемийг хэвээр хадгалах асуудал тулгараад байгааг энэхүү цуврал нийтлэлээр хөндсөн юм. Ус намгархаг газрын эксосистемийг хамгаалах, цаашлаад нийт газар нутгийн хувьд асуудал болж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хуурайшилтын томоохон шалтгаан нь менежмент дутагдаж байгаа мал аж ахуйн салбар болоод байгааг дурьдсан билээ. Тэгвэл энэхүү цуврал нийтлэлээ Үндсэн хуулиар хамгаалагдаж, хүн амын хүнсний хэрэглээнд онц чухал ач холбогдолтой мал аж ахуйн салбарынхаа эсрэг эсэргүү ч гэмээр ийм гарчиг өгч байгаад энэхүү нийтлэлээр үргэлжлүүлж байгаа юм.
 
Манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар томоохон байр суурь эзэлдэг. Монгол Улс Үндсэн хуульдаа “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. 1992 онд манай улс 25.7 сая мал тоолж байсан бол 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 71 сая толгой мал тоологдлоо. Тодруулбал бид 32.3 сая хонь, 29.3 сая ямаа, 4.2 сая адуу, 4.8 сая үхэр, 472.4 мянган тэмээтэй болжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 4509 мянган толгойгоор буюу 6.8 хувиар өссөн дүн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна. Тэгвэл 71 сая малаа бэлчээх бэлчээрийн даац ямар байгааг статистикийг үзье.
 
ЗАРИМ АЙМАГТ УЛСЫН ДУНДЖААС ТАВ ДАХИН ӨНДӨР ДААЦ НОГДОЖ БАЙНА
 
 
♦ Манай улс 32.3 сая хонь, 29.3 сая ямаа, 4.2 сая адуу, 4.8 сая үхэр, 472.4 мянган тэмээтэй болжээ. 
♦ Бэлчээрийн талбай 113.1-112.0 сая га болж 1.1 сая га-гаар багасаж, малын тоо 2.6 дахин өсчээ.
♦ Хөдөөд малтай өрхийн 100 хүн тутмын 29 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна.
 
 
Сүүлийн 16 жилд буюу 2003-2019 онд хадлан, бэлчээрийн талбай 113.1-112.0 сая га болж 1.1 сая га-гаар багасаж, хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 46.2-119 сая толгой болж 72.8 саяар буюу 2.6 дахин өсчээ. 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо Увс, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Орхон аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 4.9 дахин өндөр байна. Харин Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Баянхонгор, Сүхбаатар, Завхан, Ховд, Баян-Өлгийн аймагт улсын дунджаас доогуур байна.
Дээрх байдлаас үзэхэд төвлөрсөн хот, суурин газар, мал ихтэй бүс нутаг, аймагт бэлчээрийн даац хэтэрсэн байна гэсэн дүгнэлтийг статистикийн байгууллага хийсэн байгаа юм. Энэ нь бэлчээрийг сэлгэн ашиглах, отор нүүдлийг зайлшгүй хийдэг болгох хөшүүрэг бүхий механизмыг малчдын дунд бий болгох шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Бэлчээрийн доройтол, хуурайшилт, цөлжилт нь малын тоо толгойг хязгаартай байлгахыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, малын тоо биш чанарт анхаарах нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Ялангуяа бэлчээрт халтай ямаан сүргийн тоо толгойг хязгаарлах, бог малын хувьд өсгөж үржүүлж ирсэн уламжлалт харьцаа 75:25 хувь буюу гурван хонь, нэг ямаа гэсэн харьцааг бариулахын тулд яаралтай бодлого хэрэгжүүлэхээс аргагүй болоод байна.
 
САЛБАРЫН АШИГ МАЛЫН ТООНООС ХАМААРАЛТАЙ БАЙНА
 
 
Тэгвэл мал аж ахуйн салбарын эдийн засгийн үзүүлэлт ямар байна вэ. Үнэхээр тоо дагасан ашиг, шимийг өгч чадаж байна уу. Харамсалтай нь тийм биш. Мах, сүүн бүтээгдэхүүнийг орон нутагт үндсэндээ гар аргаар боловсруулсан хэвээр байна. Харин арьс, шир, ноос, ноолуурын маш багахан хувийг дотоодын үйлдвэрт боловсруулж, ихэнх хэсэг нь нэмэгдсэн өртөг шингээгүй, боловсруулалт хийлгүйгээр угаасан, самнасан байдлаар гадаад зах зээлд гаргаж байна. Мал аж ахуйн түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах асуудал олон жил зорилт хэвээр байсаар ирлээ. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 5.2 их наяд төгрөг болж 18 орчим хувиар өсчээ. Гэхдээ энэ өсөлт нь чанар биш үндсэндээ малын тооноос хамаарч байгаа бөгөөд цаашид нэг малын ашиг шим, чанарын үзүүлэлтэд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр үе шаттайгаар үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарласан байна. Үүний тулд  малын тоо толгойг газар тариалангийн үйлдвэрлэлтэй зөв харьцаатай хөгжүүлэх,  газар тариалангийн бүс нутагт ашиг шим өндөртэй мал өсгөж үржүүлэх,  малыг чанаржуулахад чиглэсэн үржлийн бодлогыг эрчимтэй явуулах,  малчдын хөдөлмөрийг хоршуулах, бэлчээрийг усжуулахад чиглэсэн арга хэмжээ ихээхэн чухал байгааг онцолжээ.
 
МАЛЧДЫН 40 ХУВЬ НЬ ЗЭЭЛТЭЙ
 
 
Халуунд халж, хүйтэнд хөрж мал аж ахуйн салбарыг нуруун дээрээ авч явж байгаа хүмүүс бол малчид. Тэгвэл малчдын амжиргаа ямар байна вэ.  2019 оны жилийн эцсийн дүнгээр манай улсад малтай 233.3 мянган өрх байгаагийн 171.6 мянга нь малчин өрх байна. Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй болсон малчин өрхийн эзэмшилд нийт малын 89.4 хувь буюу 63.4 сая толгой мал байгаа бөгөөд нэг малчин өрхөд дунджаар 370 мал, бодод шилжүүлвэл 96 бод ноогдож байдаг аж.
 
 
Малын тоо толгойгоор нь тооцож үзвэл малчин өрхүүдийн 21.3 хувь нь 100 хүртэл малтай, 19.2 хувь нь 101-200 хүртэл малтай, 34 хувь нь 201-500 малтай, 18.5 хувь нь 501-999 малтай, 7.1 хувь нь мянгаас дээш малтай байна.
Нийт малчдын 40.2 хувь нь буюу 114.6 мянган малчин 2019 оны байдлаар зээлтэй байгаа. Зээлтэй малчдын 79.8 хувь буюу ихэнх хувийг 25-54 насны малчид эзэлж байгаа аж. Харин мал аж ахуй эрхлэлт болон амьжиргааны түвшний хооронд ямар хамаарал байгааг авч үзье. Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутам явуулдаг “Ядуурлын дүр төрх” судалгааны 2018 оны дүнгээр ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг малтай өрхүүдээр, хот, хөдөөгөөр харьцуулж үзвэл, улсын дунджаар малтай өрх малгүй өрхөөс илүү ядууралд өртсөн байна гэж дүгнэжээ. Хөдөөд малтай өрхийн 100 хүн тутмын 29 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа юм.  Өвөрхангай, Орхон, Дорноговь, Төв, Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар, Дундговь аймгууд болон Улаанбаатар хотын малтай өрхийн сарын дундаж орлого улсын дунджаас их буюу 1.1-1.6 сая төгрөг байгаа бол
Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Увс, Говьсүмбэр, Булган, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Завхан, Дорнод, Баянхонгор аймгийн малтай өрхийн сарын мөнгөн орлого улсын дунджаас бага буюу 617- 916 мянган төгрөг байдаг аж.
Харин малтай өрхийн сарын нийт зарлага  Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Төв, Өмнөговь, Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар, аймгууд болон Улаанбаатар хотын малтай өрхийн сарын дундаж зарлага улсын дунджаас их буюу 1.2-1.7 сая төгрөг байна гэсэн статистик мэдээлэл байна.
Энэ бүх тооцооллоос харахад малын тоо  бол байгаль орчин, улсын эдийн засаг, малчдын амжиргаа, амьдралд үзүүлж байгаа аль ч талын нөлөөгөөр эерэг үзүүлэлт харуулахгүй хэвээр, улам буурсаар байх бололтой. Тиймээс тоо биш чанар, мал аж ахуйн салбарт зориулсан шинэлэг бодлого яаралтай хэрэгжүүлэх чухал шаардлагатай байгааг дахин хэлье. Дээрээс нь “Мянгат малчин”, “Улс, аймаг, сумын сайн малчин” гэж малын тоог шалгуур үзүүлэлт болгосон цол, шагналуудыг өнөөдрийн нөхцөл байдалд тааруулан өөрчлөхөөс аргагүй болсон санагдана.
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>