Улсын хэмжээнд хэд, хэдэн газарт галзуу өвчин гараад байна

463
 Улсын хэмжээнд хэд, хэдэн газарт галзуу өвчин гараад байна2015 он гарсаар Увс, Төв, Булган, Өвөрхангай, Хэнтий аймагт галзуу өвчин  гараад байна.

Тухайлбал :

1.
2015 оны нэгдүгээр сарын гуравны өдөр Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг, "Хусны халх” хэмээх газар малчин Ж.Батаагийн хотонд үнэг орж ирсэнийг өөрсдөө алсан. Мөн 2014 оны 12 дугаарсарын 31-нд иргэн Л.Сономын нохой чононд бариулсан байж болзошгүй гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Энэ  дагуу аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал зэрэг байгууллагын ажилтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг газар дээр очиж ажилласан байна. Тэд нохойг устган хашаа хороонд нь ариутгал хийн, хоёр малчин айлын нохойнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлах вакцин хийжээ.

2.
Төв аймгийн Алтанбулаг сумын Дунд хавтгайд өвөлжиж буй малчин С. Ганзоригийн нохой гурван хүн урсан байна. Нохойг устгаж, дээж авч шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн гэсэн урьдчилсан онош гарчээ. Хазуулсан хүмүүсийг вакцинжуулсан байна. Сумын Засаг даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын гуравнаас эхлэн 14 хоногийн хорио цээр тогтоож, 150 үхэр, 820 бог малыг вакцинжуулжээ. Мөн өвчнөөсурьдчилан сэргийлэх зорилгоор ойролцоо айлын 10 нохойг устгаж, булшлан ариутган өвчний сэжиг илэрсэн айлын хашаа хороог ариутгаж халдваргүйжүүлсэн байна.

3.
Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр баг "Бага хааны энгэр” гэдэг газарт малчин Г.Ганболдын адуу галзуу өвчнөөр үхсэн байна. Малын эмч, Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар голомт болон ойролцоох өрхийн малд үзлэг, тандалт хийж малчдад зөвлөгөө өгчээ. Үхсэн адууны сэг зэмийг булж, устган шатааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Сумын Засаг даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын тавны өдрөөс 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 242 үхэр, 3231 бог малыг вакцинжуулсан байна.

4.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт нэг үхэр галзуугаар өвчилсөн учир устгаж, халдваргүйтгэл хийсэн байна. Ойр орчимд байсан 100 үхэрт галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьжээ. Одоогоор мал нэмж өвчлөөгүй байна. Арвайхээр сумын Засаг даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.  

5. Хэнтий  аймгийн  Батноров сумаас зүүн хойш 30 км "Булдрууны энгэрт” гэдэг газар өвөлжиж буй Баянбулаг багийн малчин Ш.Ренчиндоржийн үхэр өвчилсөн тухай дуудлага 12 сарын 27-ны өдөр ирсэн байна. Шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон учир сумын Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр захирамж хорио цээрийн дэглэм тогтоожээ. Голомтод байгаа 196 үхэрт вакцин тарьсан. Одоогоор нэмж өвчилсөн, өвчний сэжигтэй мал байхгүй байна.

6. Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн малчин Д. Мягмарын хотонд нэг бяруу галзуу өвчнөөр өвчилж үхсэн. Сумын Засаг даргын 2015 оны нэгдүгээр сарын зургааны өдрийн захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Голомтын бүсэд 13 өрхийн 1800 малыг вакцинжуулж байна.

7. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн нутаг "Түмт” гэх газар өвөлжиж буй малчин З. Хурцбилэгийн хотонд 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдөр үхэр өвчилсөн байна. Галзуугаар өвчилсөн нь тогтоогдсон учир үхрийг устгаж, халдваргүйжүүлэлт хийжээ. Сумын Засаг дарга захирамж гарган 2015 оны нэгдүгээр сарын гуравны өдрөөс 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Голомтод болон сэжигтэй бүсэд байгаа 3600 мал, амьтанд вакцин хийж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.