Дорнодын Ардчилал арай биш ээ

651

Дорнодын Ардчилал арай биш ээДорнод аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд ний нуугүй хэлэхэд ийм байна. Тэртээ 2012 оны Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн цагт хэдэн нөхөд тухайн үед байсан намын даргаа арай бишээ, өөрчлөхгүй бол сонгуульд уналаа гэцгээн халаглацгааж, ёстой л "нам нийлж, сэм хуйвалдана” гээчийн үлгэрээр энд тэнд уулзалдацгааж, "Шинэ даргын эрэлд” сэмхэн гарцгаасан юм байх.

 

Тус намын Зөвлөлдөх зөвлөлийн нэр бүхий эрхмүүд, нутаг усны нөлөө бүхий "том гар”-уудтай "сэм зөвшилцөж”, МоАХ-ны анхдагч хэмээгддэг Д.Цэрэнчимэг гээчийг олж авчран, "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, тэр ч сайд дэмжиж байгаа”, энэ ч сайдын "дэмжлэгтэй” хүн гэсээр намын хорооны дийлэнх олонхын "тархийг угаан” хэрвээ намын дарга болвол "АНУ явуулна, саналаа өгвөл сая төгрөг” өгнө хэмээлдсээр "жор тунг нь тааруулан найруулсаар” намын даргаараа залсан түүхтэй.

 

Шинэхэн намын дарга бүсгүй болсныхоо оройноос л эхлэн АН-ын Зөвлөлдөх зөвлөлийн хуралд шилжүүлсэн "Нэр дэвшүүлэх эрх” гээчийг дур зоргоороо өөрчлөн, ийм тийм гэж өө шалтаг хайсаар, анхнаасаа төлөвлөж, хуваарилсан тойрог, листүүдээ хөдөлгөсөөр Орон нутгийн сонгуульд ялагдах эх үүсвэрээ тавилаа. Анхнаасаа дарга болно гэж, нам шиг нам, жинхэнэ утгаар нь ялуулна гэж гоё ярьсаар эрх мэдэлд хүрмэгцээ суурин дээрээ 180 градус эргэснээр Дорнодын ардчилал уруудан доройтох эхний гишгэдлээ олох нь тэр.

 

Зөвлөлдөх зөвлөл, дэд дарга нараа талцуулан уралцуулсаар, цагдаа шүүхээр гомдол тасралгүй, хэл ам хэрүүл тэмцэлтэй чигээрээ Орон нутгийн сонгуультай золгосоор навс ялагдлаа. Хулгай хийсэн, хийгээгүй, намын жагсаалтаас татна татахгүй гэж шүүхдэлцсээр бүтэн хоёр жилийг ардаа орхив. Хүрд эргүүлэх боломжийг олж харснаар Ерөнхий сайдтан нь хууль зөрчин байж, аймгийнхаа АН-ын даргыг "үүргийг түр орлон гүйцэтгэгч” хэмээх хуулинд байхгүй нэр томъёогоор томилж боломж олголоо. Гэтэл боломжийг буруугаар ашиглах, шударга иргэд Үндсэн хуулийн Цэцэд өгөх зэргээс шалтгаалан Ерөнхий сайд хууль бус захирамж гаргаснаа хүлээн зөвшөөрч, томилсон шийдвэрээ цуцаллаа.

Ийнхүү дотогшоо гадагшаа зөрчилдөн тэмцэлдсээр, жагсаал цуглаан зохион байгуулалцсаар, үүнийхээ үр дүнд "үүр овоохой” болсон намынхаа байранд халдан хэмхчсээр хоёр жилийн нүүртэйгээ золгож байна, Дорнодын ардчилагчид.

 

Намын байрныхаа цонх, хаалгыг эвдэж хагалахаасаа хальж, дотор нь байр түрээслэн сууж, үйл ажиллагаагаа явуулдаг орон нутгийн хувийн телевиз рүү дайран орж, сүлжээний утас, тэжээлийн залгуур, процессор зэрэг 3,0 сая гаруй төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг нь эвдлэн сүйтгэсэн байна. Энэ бүхний гол турхирагч нь жагсаалын хэнээрхэлдээ халуурсан Хэрлэн сумын 6 дугаар багийн засаг дарга С.Цэнгэлжаргал гэгч авгай гэнэ. Үсчиж очин гарт тааралдсан бүхнээ зууран чангааж, тасчин хэмхчиж байсан талаар тус телевизийн оператор залуу дараахан нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан. Төрийн үйлчилгээг анхан шатанд ард түмэндээ хүргэдэг, иргэдээсээ сонгогдсон багийн дарга нь иргэдийхээ дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийг эвдлэн сүйтгэх үйлсэд гар бие оролцон, турхиран өдөөж байсан нь дэндүү харамсалтай. Хэвлэл мэдээллийн байгууллагад халдаж, эд хөрөнгийг нь эвдлэн сүйтгэхээр дайрсан нь үнэхээр эмгэнэл биш гэж үү? Тэр тусмаа "эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс” уриаг эрхэмлэдэг "АРДЧИЛАГЧИД” шүү дээ.

 

Орон нутгийн нөхцөл байдал хүнд, цаг үеийн яаралтай шийдвэрлэх асуудлууд хуримтлагдсаар, төсвийн ерөнхийлөн захирагч нь томилогдоогүй жил шахам болсноос хөрөнгө оруулалт, төсөв санхүүжилт үндсэндээ зогсонги байгааг ойлгож тал талаасаа ярилцаж, удтал зөвшилцсөн Аймгийн ИТХ-д суудал бүхий намын бүлгүүд, бие даагчид хамтран Ардчилсан Намын бүлгээс нэр дэвшигчийг аймгийн Засаг даргаар сонгож томилуулахаар Ерөнхий сайдад уламжилж, тухайн аймаг орон нутгийн байдал нь бүтэн жил "хэцүүдсэн” байдлыг ойлгосон Сайдтан ч томилсон захирамжаа гарган, аймаг орон нутаг эзэнтэй болж, алдагдсан жилийнхээ ажилтай хамтатгасан Их бүтээн байгуулалтын ажил өрнөж, "Хамтарсан засаглал” аймаг орон нутгийн ажлыг хичнээн өнгөтэй өөдтэй авч явж чадаж байгааг харуулан ажилласаар. Гэтэл "гүйх нохойд гүйхгүй ноход саад” гэдэг утгаа олж, Цэрэнчимэг тэргүүтэй Ардчилсан нам хэмээсэн хэсэг нөхөд байнга л хэл ам таталж, шүүх цагдаагаар дуудуулж, жагсч цуглан, аймаг орон нутгийн хөгжүүлэхэд гарсан шийдвэрүүдийг хууль бус гэж иргэд олон нийтийг төөрөгдүүлэн байсаар өдийг хүрлээ.

 

Намынх нь шударга журмын нөхөд энэ байдлыг жил тойрон тэвчсээр, намын хорооны хурлаа хийж, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, санхүүгийн тайлан, ялсан баг, сумдад олгогдоогүй урамшуулал хэрхэн яагаад олгогдоогүй шалтгаан зэргийг нэхсээр хариуцлага ярьсаар бүтэн хоёр жилийг ардаа орхив. Энэ хооронд Орон нутгийн сонгуульд бүрэн ялах боломжтой байсан намыг ялагдуулсан, сар тутамд болдог Зөвлөлдөх зөвлөлийн хурлаараа санхүүгийн тайлангаа тавьдаг байсан нам, хаалттай, хурлаа огт хийгээгүйгээр барахгүй Цэрэнчимэг өөрөө хурлаа зарлан хуралдуулах тов гаргасан тушаал гаргачихаад, тухайн хуралд ирсэн АН-ын хорооны гишүүдийн дийлэнх олонхийн саналаа огцорчихоод би тушаал гаргаагүй, би огцроогүй, би дарга гэж улайран зүтгэсээр хоёр жил гаруй боллоо.

 

Намынх нь нөхөд ч хариуцлага нэхсээр гурвантаа "намын даргаа өвдөг шороодуулсан” байдаг. "Ноёны бөх өвдгөндөө шороотой” ч тахимаа өгөх дургүйн үлгэрээр "сандал ширээнээсээ тас зууралдсаар”.

 

Аймаг орон нутгийн эрх ашгийг бодолцон зөвшилцөж, аймгийн Засаг даргаа авч чадсан намын бүлгийнхээ шийдвэрийг энэ бол намын байр суурь биш, би дэвших ёстой байсан, би Засаг дарга болно гэж цамнасаар, нэрийг нь оруулж ирсэн Ч.Энхболд тэргүүтэй 4 төлөөлөгчөө хуралдаанд суухыг нь хориглож, нэр дэвшүүлэх ажиллагаа дуусч, асуулт хариулт, санал хураалтандаа орж буй аймгийн ИТХ-ын хуралдааныг ч үл хүндэтгэн хүрэлцэн ирээгүйгээр үл барам, гарсан шийдвэрийг нь хэзээ хойно он дамнасны дараа "хууль бус, шударга бус” хэмээсээр цагдаа шүүхэд хандана хэмээсээр 4 шатны шүүхэд дараалан ялагдсаар Монголын шүүх шударга бус, өөрийн гэсэн шүүгч, цагдаагийн газрын дарга томилуулна хэмээн Улаанбаатар хотоор дарга даамлын "үүдийг сахин” намаржсан сурагтай.

 

Засаг огцорсон эгзэгтэй цаг үед хуралдаж буй ҮЗХ-ны хурлын үеэр "манайхаас ҮЗХ-д ийм ийм улсууд байдаггүй, удахгүй би ҮЗХ болох учраас орж сууна” гэж төв намын байгууллагынхаа дотоод хэрэгт хүртэл хутгалдчихсан тууж явах юм аа. Ротаци гэснээс одоо Ардчилсан намд орон даяар ротаци болж байгаа, төрийн албан хаагч болсон, нас барсан гэсэн шалтгаанаар төв нам 43 суудал дээр ротаци зарлачихсан байгаа. Мань "дарга авгай” ч яаж зүгээр байхав. Жинхэнэ "аазгайг нь хөдөлгөв” гээч нь болж байна.

 

Аймгийн АН-ын байрыг хөлчүүрхсэн, хөөрөлд автсан хэсэг бусаг улсуудыг турхирч, бахь, таслагч, цүүц зэргээр зэвсэглэн дайрч, хаалганы нугас, цонхны шил хагачин байж булаан эзэлсэн намын байрандаа тойрон хүрээлэгчдээрээ цуглан хуралдан, аймгийн АН-ын Хорооны нийт 91 суудлаас 49 гишүүнийг нь ямар ч шалтгаангүй Намын хорооны жагсаалтаас "хасч” ротаци явуулж байгаа юм байна. Уг нь 93 суудалтай, Матад сумын нэг төлөөлөгч нь нас барж, Чулуунхороот сумын нэг суудал маргаантай сонгууль болсон зэргээс шалтгаалан 2011 оноос хойш хоосон орон зайтай, 2012 оны сонгуулийн жилээс эхлэн Ардчилсан нам орон даяар ротаци зарлахыг хориглосонтой холбоотойгоор тус намын хороо 91 гишүүнтэй байж. Одоо аймгийн ИТХ нь 35 суудалтай болсноор түүнийг гурав дахин ихэсгэсэн буюу 105 суудалтай байх ёстой. "Гурвантаа өвдөг шороодсон дарга” маань ХЭГ-ын даргадаа үүрэг болгож хугацаанд нь багтаан ротациа хийгээдэх хэмээж. 91 гишүүнээсээ 49-ыг нь шалтгаангүй "хасч” 105 болгож нэмэгдүүлэх суудалтайгаа бүгд нийлээд 63 суудал дээр ротаци зарлаж буй сурагтай.

 

Тэднийхний "өнгө үзэмжид нийцэх” хүн ч олдохгүй байгаа сурагтай. Өөрсдийнх нь нэрийддэгээр "эсэргүүнүүд” гэгчдийн нэг нь "Би намын хорооны гишүүнд нэр дэвшье, анкет авч бөглөөд материалаа өгмөөр байна " гэж хандтал чам шиг муу эсэргүүгээр яадгийм гээд өшиглөх шахам хөөж гаргасан гэдэг. Хүн ирэхгүй, ирсэн нэгийг нь хөөж гаргадаг. Хурлаа зарлаад ротациа явуул гэхээр хурал ч зарласан юмгүй, дээрээс мэднэ, дарга мэдэж байгаа, бүү мэд гэж мөрөө хавчсан хэдхэн нөхөд өдөржингөө сууж байдаг сурагтай. Харин гэнэт 12-ны шөнө "ротаци явагдах хугацаа дуусч байгаа тул, хурлуудаа амжилттай зохион байгуулж дууссан, шинээр сонгогдсон намын хорооны гишүүдийн нэрс” хэмээн 27 орчим хүний нэр, товч мэдээлэл, анкет бүхий хүснэгтэлсэн маягттай, нилээдгүй олон хуралдааны материалуудыг яаралтай Улаанбаатар хот руу төв нам руугаа явууллаа, огт хурал зохион байгуулаагүй байж, хэдхэн хүн суугаад бичээд явуулдаг хурал, ротацийн сонгууль гэж юу байсан юм хэмээсэн яриа өвсөнд ассан түймэр аятай аймаг даяар тархлаа.

 

Намын дотоод сонгуулийг жинхэнэ утгаар нь "гурилдаж байна даа” гэж халаглах жирийн АН-ын гишүүд Дорнодоор дүүрэн. 2010 онд шинээр эмхлэгдэн байгуулагдсан аймгийн АН-ын Сонгуулийн Нутаг дэвсгэрийн хорооны дарга, гишүүд гээд нэр бүхий 4 хүн СоНДХ-ноосоо татгалзаагүй, төв намын ДСоХороо нь ч цуцлаагүй хэвээр байтал, хэн нь хаанаасаа ямар бичиг баримтаа бүрдүүлээд илгээсэн нь ойлгомжгүй. Тухайн АН-ын хорооны тамга гээчийн хувьд асуудалтай. 2012 оны хавар модон материалтай тамга нь эмтэрч, дардас нь дарагдахдаа тод гардаггүй шалтгаанаар яаралтай солихыг тухайн үеийн намын дарга нь ХЭГ-ын даргадаа үүрэг болгосон байдаг.

 

Тэр дор нь яаралтай солиулахаар шийдсэн ХЭГ-ын дарга Улаанбаатар явуулж солиулахад асуудалтай бөгөөд цаг алдсан хэрэг болно. Дорнодод тамга хийдэг залуу байдаг гэнэ гэж дуулсан гээд "олж” ирэхийг доод ажилтандаа "үүрэгдснээр” тамга тэмдэг хийдэг боловч тусгай зөвшөөрөлгүй нэгэн залууг олж ирэн хийлгэсэн байдаг. Нөгөө "алдарт” хулгайлагдсан, хулгайд сэрдэгдүүлдэг "Дорнодын АН-ын тамга” шүү дээ. Уг нь бол "хууль бус” тамга л даа. Түүгээрээ "Намын дүрмийн бус” аргаар зохион байгуулсан гэгч "ротацийн сонгуулийн материал”-аа баталгаажуулаад төв нам руугаа илгээсэн гэж байгаа.

 

Харин ч төв нам нь ч гэдэг юм уу, тухайн Цэрэнчимэг даргатай "Дорнод аймгийн АН” гээч хэсэг нөхдийн "хүчингүй, хууль бус” гэгдээд байгаа "УХ31791” дугаартай Ардчилсан Нам Дорнод аймаг гэсэн тамгыг, "Орон нутгийн сонгуульд намаа ялагдуулсан, санхүүгийн тайлангаа хоёр жил тайлагнаагүй, намын гишүүдийг талцуулан эв нэгдлийг хагалган буталгасан, намаасаа сонгогдсон Засаг даргын эсэргүүцэж удаа дараа шүүхэд хандсан гэсэн” үндэслэлүүдээр огцруулаад байгаа тус намын хорооны гишүүдийн дийлэнх олонхийн төлөөлөл болсон "Дорнод аймгийн АН-ын үйл ажиллагааг зохицуулах түр зөвлөл”-өөс 2013 онд хууль ёсны дагуу зөвшөөрөл авч, шинээр хийлгэсэн тамга бөгөөд, мөн ондоо банкинд намын данс гэж энэ тамгаараа нээлгэж, тухайн намынхаа гүйлгээг тухай бүр хийлгээд банк нь ч хүлээн зөвшөөрөөд байгаа тамгыг хуурамч гэх үү? Хүчингүй гэх үү?

Хэн нэгэн нь дур зоргоороо улс төрийн намыг "хүссэн ч эс хүссэн зайдагнаж суусаар” өөрийн үзэмж таалалдаа нийцүүлэн байхад ёстой л "намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гээч нь болж, Ардчилсан нам нэрийг уландаа гишгэж, "Ардчиллыг үнэгүйдүүлж” байна. Мөн Д Ньюс  сайтын эзэмших эрх, админыг худалдан авсан гэх бөгөөд "сэтгүүлч” гэх Н.Мөнхсайхан нь сайтаараа дамжуулан аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудыг үгүйсгэн, өөрт таалагдаагүй хэн бүхнийг "захиалгаар буудан намнаж” ХЭГ-ын ажилтнууд гэх "хийх ажлаа олохгүй, учир тоймоо хэрхэхгүй” хэдэн охидоор сэтгэгдэл хэсэгт нь "өмхий бохир үгээр утуулан” шударга үнэний дуу хоолой болж тэмцэж буй "Тэмцэгчийн дүр”-ийг эсгэн Дорнодод чухамхүү "Цэрэнчимэг шиг чадварлаг, дайчин, манлай” өөр юу юу ч гэнэв гуншинтай шилдэг улстөрч хүүхэн өөрөөс нь өөр хэн ч үгүй, бусад нь шагайнд нь ч хүрдэггүй мэтээр магтан дуулуулсаар, намынхаа гишүүд дэмжигчдийг баярлаж цэнгэхэд нь хүртэл талцуулан "Сэрэмжлүүлэг: АН-ын эсрэг үйл ажиллагаа явуулж буй хэдэн нөхдийн зохион байгуулж байгаа АН-ын шинэ жил гээчид очихгүй байхын "эелдгээр сануулж” хэрэвзээ очиж оролцвол урвагч болсонд тооцох тухай” мессежийг Намын хорооныхоо гишүүд, хөдөөгийн сумдын намын дарга нар луугаа илгээж, оролцоно гэснийг нь өөрийн биеэр утасдан, оролцохгүй байх талаар ятгаж гуйх, сүрдүүлж дарамтлах зэргээр элдэвлэсэн гэж байгаа.

 

Хагалган бутлах, шүүх цагдаагаар дарамтлах, АТГ-т мэдээлнэ гэж сүрдүүлэх зэргээр өөрийн намын байтугай өрөөлийн намынхныг айлгаж ичээх, хэл амаар доромжлох гэх зэрэг үйлдлээрээ Дорнодынхныг үнэндээ туйлдуулж байна, энэ даварсан авгай. Дорнод аймгийн Ардчилсан нам, Дорнодын Ардчилал ёстой л сүйрлийн гэх үү, дампуурлын гэх үү ирмэгт тулчихаад байна даа.

 

Энэ бүхнийг нь болиулах, хазаарлах гэж тэмцсэн журмын нөхдөө намын хорооноос нь хасч байгаа, эсэргүүнүүд мэтээр цоллон, сав л хийвэл Улаанбаатар орж, өөрийн үй зайгүй найз гэх экс генсек авгай Ц.Оюундарьтайгаа үгсэн, үнэхээрийн болж бүтэхгүй нөхөд л хий дэмий хэрүүл шуугиан дэгдээгээд байгаагаас бус, "албан ёсны дарга нь, манлайлагч нь Цэрэнчимэг болой” гэж төв намдаа бат нот итгүүлснээс төв намынхны нь Дорнод аймгийн АН-д хандах хандлага үүгээр тогтсныг нь дуулсан Ардчиллын төлөө сэтгэл зүртхтэй, ардчиллыг тууштай дэмждэг эгэл жирийн Дорнодчууд харамсаад ч баршгүй.

 

 

Сэтгүүлч Х.Батбаатар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>