Ерөнхийлөгч та, Си Жиньпинтэй яриач
Үйл явдал цаашаа хэрхэн өрнөж, есдүгээр сарын 1-ний өдөр хот бүрт, хотын төв талбай бүрт хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцлийн жагсаал хийх, цэвэр монгол хэлээр ярих, монгол хэлийг үнэ төлбөргүй бие биедээ заах, энэ бодлогыг цуцлахыг хүссэн өргөдлийн дор гарын үсгийг холбогдох утас хурууны хээний хамт цуглуулах, мөн үр хүүхдээ энэ бодлогыг хэрэгжүүлсэн аль ч сургуульд явуулахаас татгалзах зэрэг зүйлсийг өвөрмонголчууд яаж уриалж тэмцсэнийг бид харсан.
Гэхдээ түүхэн талаас нь яривал Хятадад байгаа дөрвөн сая гаруй монголчууд бол 1634 онд Лигдэн хаан манжуудад алагдсанаар Манжийн эрхшээлд үлдсэн монголчуудын удам угсаа юм.
Нэг үгээр, ӨМӨЗО-ы асуудал БНХАУ-ын дотоод хэрэг ч монгол хэлний тухайд нийт Монгол үндэстэнд хамаатай юм. Энэ үнэн. Аливаа улс үндэстний хэл нь тухайн үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг гол үнэт зүйл гэдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч “...Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж тангараг өргөдөг. Энд “...Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж” гэж бий.