Эх оронч байх маш энгийн

784

Заримдаа яаж ойлгуулахаа мэдэхгүй юм. Өөр дээрээ жишээ татаад хэлчихвэл "онгирсон” болчих байх даа. 2013 онд МЗХ-ны удирдлагын хүсэлтээр "Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг байгуулаад явж байтал тус байгууллагын гадаад харилцааны хэлтэсийг давхар хариуцахаар болчихсон.

Тэр үед "Хятадын 100 залуугийн айлчлал” гэх арга хэмжээний бэлтгэл ажлыг хариуцаж, Хятадын талын зохион байгуулах хорооны дарга гэх ЗХ-ных нь дэд ерөнхийлөгч хүүхэнтэй байнга нүүр тулдаг байв. Би Монгол талаа төлөөлж байсан болохоор ажлын хэсгийн бүх л асуудлыг хоёр талаасаа хуралдаж шийдсэн. Тэр үеэр урлаг соёл, эрүүл мэнд, хамтын ажиллагааны 4 том арга хэмжээ явагдах, тэдгээрийн бүх зардал Хятадаас гарч байсан юм. Тэд нар урилга, анонс гээд бүгдийг нь өөрсдөө хэвлүүлсэн байсан бөгөөд над дээр бариад ирэхэд нь харсан чинь "Хятад-Монголын...” гэж эхэлсэн байв. Би шууд "болохгүй ..., Монгол-Хятадын болго” гэхэд "манайх бүх мөнгөө гаргаж байгаа, өөрсдийн дураар шийднэ” гэж уурласан. Тэгэхэд нь "уучлаарай, хэдий тийм ч гэлээ зөвшөөрөхгүй, энэ арга хэмжээнүүд Монгол улсын нийслэлд болж байгаа, гадаад харилцааны ёс журмаа дага” гэж харилцан уурласан юм. "Үгүй” гэхээр нь урилгыг нь нүдэн дээр нь ураад хаячихаж билээ. Миний хэлснээр бүх зүйл засагдсан. Эцэст нь Хятад талын дарга хүүхэн МЗХ-ны одоогийн даргын нүдэн дээр манийг магтаж "та тун айхтар нарийн бичгийн даргатай хүн байна билээ ...” гээд цаасан малгай өмсгөсөн хэдэн үг хэлж үнэтэй бэлэг өгч байсан юм.

Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хамтарсан олон арга хэмжээнд оролцож байсан. "Хятад-Монголын ... " гэж эхэлсэн олон том хаяг, анонс, урилга харж байлаа.

Нэг удаа би Аким багшаас "Монголын нутагт Түрэг, Уйгарын гэх олон бичээс хөшөөд байх юм, тэдгээрт бүгдэд нь хятад ханзаар бичсэн бичээс бий. Тухайн үед хятад ханзыг төрийн бичигт хэрэглэдэг байсан юм уу...” гэж асуулаа. Гэтэл багш "тийм биш ээ... тухайн үед чулуунд үсэг бичиг сийлэх чадварлаг чулуучид манайд байгаагүй, хятадын чулуучдаар бичүүлдэг байсан учраас тэд хятад ханзаар давхар бичдэг байсан ...” гэх нь тэр. Би бодлоо, тэгвэл бид "чулуучин” бэлдэх хэрэгтэй шүү дээ... гэж.

Хэдэн жилийн өмнө Чойбалсан хотын төвд "Бөртэ хатны цэцэрлэг” байгуулахад бас л хятадаас хөрөнгийг нь гаргасан гээд чулуун пайзан дээрээ хамгийн эхэнд хятадаар, тэгээд бас маш томоор "Бөртэ хатны цэцэрлэг” гээд доор нь жижгээр монгол криллээр бичсэн байж билээ.

Хүмүүс уурлаад дээрээс нь хуссан байсныг та бүхэн харж л байсан байх. Хэрлэн барс ч бил үү, Рашаан хад ч бил үү ... тэнд байх самбарт бас л хятад ханз харагдсан. Ер нь гадаад орноос тусламж авч малтлага судалгаа хийгээд ямар нэгэн пайз хадахаар болбол хөрөнгийг нь гаргасан тухайн орныхоо хэлээр биш "монгол, англи”-аар бичиж хэвших хэрэгтэй. Гэтэл ӨМӨЗО-ны хаана ч явсан элдэв хөшөө талбайн хаягийг харж байхад эхлээд монгол бичгээр, түүний доор хятад ханз байдаг. Гэтэл Халх Монголд заримдаа эсрэгээрээ "явж” байх юм.

Хэнтийн Дадалд байгуулагдах Чингис хааны цогцолборын загварыг хараад бас л гайхлаа. Хятадын Гирин муж, Тонляо хотын "Чингис хааны үндэстний соёлын цэцэрлэгт хүрээлэн”-д хийгдсэн 22м өндөр, хүрлээр хийсэн Чингис хааны цээж баримлыг яг дуурайлгаад хийчихсэн загварыг манай төр засаг баталчихсан, одоо тэр хэлбэрээр хийхээр бүх ажил урагшилж байна. Гайхаж л сууна, ер нь яг адилхан байх ёстой юм уу? Хятадууд адилхан хийвэл мөнгө өгнө гэсэн юм уу?

Саяхан Аким багштай хамт хадны сүг зураг хөөцөлдөөд хөдөө явж байх зуур Өмнөговийн нэг ууланд хадан дээр "БНХАУ мандтугай” гэж сийлсэн хятад ханз олж уншсан, тэрийг "Соёлын өвийн төвийнхөнд хэлээд та нар очиж арилгах хэрэгтэй шүү гэсэн” гэв. Гэвч тэр бичиг арилаагүй л байгаа байх даа.

Өнгөрдөг намар Макао-гийн хөрш залгаа Жухай хотод очоод нэг компанийн захиралтай уулзаж байх зуур "... танай Монгол манай Хятадын харъяанд олон жил байсан шүү...” гэж байна. Би өөдөөс нь бүх он дарааллаар нь тэдний түүхийг тоочсоноор тэр захирал нам дуугүй болж ярианы сэдэв эрс өөрчлөгдөн надад долигонож, бөхөлзөж эхэлсэн.

Эх оронч байх ер нь их энгийн шүү дээ. "Муусайн хятадууд, хужаа нар ...” гэж хашгирч байхын оронд өөрсдөө тэднээс илүү бол, илүү сэтгэ, илүү хүмүүж, илүү боловсор ... тэгээд өөдөөс нь хэлэх үгээ хэлээд сууж байх хэрэгтэй. Ингэж л хэлмээр байна даа. Миний л үзэл бодол ...

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>