МАН-ын цүнх баригчдын бүтэн армийг Нийслэлийн сонгуульд сойж байна
Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ улс төрийн намууд албан ёсоор зарлалаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Орон нутгийн сонгуулийг энэ удаа олонхын тогтолцоогоор явуулна. Нийслэлийн орон нутгийн сонгууль 45 мандаттай. Ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын хөгжлийг ямар баг удирдах вэ гэдэг нь анхаарал татсан чухал сонголт болох нь дамжиггүй.
Иргэдийн хурлын энэ удаагийн сонгуульд төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн хүүхдүүд болон гишүүдийн туслах, зөвлөх нэртэй цүнх баригчдын арми олноор нэр дэвшжээ. МАН-ын хувьд фракцуудын "зодоон”-оор эхэлж, Сумъяабазар нэгэнт хаанчлалаа нийслэлд тогтоосон учраас өмнөх Засаг даргын хүмүүс болон бусад фракцынхныг шахаж чадсан байна. Гэвч түүний дэвшүүлсэн баг жинхэнэ утгаараа "Цүнх баригчдын арми” бүрдүүлжээ.
Түрийвчний зузаан, ах дүүгийн ургийн сүлжээ, цүнх баригчдаар дүүргэсэн хэмээн МАН дотроо өөр хоорондоо ч толхилцож эхэлжээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы хэвлэлийн албаны дарга байсан Ц.Мөнхбаатар : "НИТХ-ын сонгуульд МАН-ын нэр дэвшигчид гэж хэн ч танихгүй, нийслэлийн төлөө хэрхэн ажилласан нь тодорхойгүй залуус цөөнгүй харагдана. Дарга нар бүгдийг шийддэг юм бол залуус төр нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэг юун. Шударга чадварлаг залуусаа сонгуульд дэмжинэ гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн уриалга хаана очоод замхрав.
"Аз жаргалтай хот хөтөлбөр яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар” гэсэн шүүмжлэлд өртсөн НИТХ-ын дарга Р.Дагва гэхэд л Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрхээ арайхийн авчээ. Нийслэлд МАН нэр дэвшигчдээ "Дотоод ардчиллын замаар сонгосон" гэж буй гомдогсод бас бий. Хотын фракцыг олон жил толгойлж ирсэн М.Энхболдын хотын угшил энэ удаагийн сонгуульд тас хэрчигдэж, Д.Сумъяабазарыг гаднаас мөнгөтэй төгрөгтэй, гишүүд дарга нарын туслах зөвлөхүүдийг дэвшүүлчихсэн гэх яриа тархсан.