ИТХ-ын төлөөлөгчөө сонгохдоо юу анхаарах ёстой вэ?

71

 

ИТХ-ын төлөөлөгчөө сонгохдоо юу анхаарах ёстой вэ?

 

2020 оны 10 сарын 15-нд бид "орон нутгийн сонгууль”-аа хийж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөрсдийгөө төлөөлүүлэн суулгах төлөөлөгчдөө сонгох гэж байна.
Сонгуулийн талаар, эсвэл төрийн болон орон нутгийн удирдлагын талаар тодорхой ойлголтгүй зарим залуусын хувьд X/15-нд юун сонгууль болох гэж байгааг ч мэдэхгүй явж байна. Харин ямар сонгууль болох гэж байгааг мэдэж буй зарим нь энэ сонгууль нь Улсын их хурлын сонгуулиас юугаараа ялгаатай болох, бид төлөөлөгч сонгохдоо юун дээр илүү анхаарах ёстойг баттай мэдэхгүй, гайхаж, эргэлзэж явна.

 

Энэ нийтлэлээр ИТХ-ын төлөөлөгч нь ямар эрх хэмжээтэй болох, ИТХ болон түүний төлөөлөгч нь ямар хүрээнд шийдвэр гаргаж, тэр нь таны амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар тайлбарлахыг оролдъё.

Юун түрүүнд орон нутгийн удирдлагын бүтцээс эхэлье. Орон нутгийн удирдлагын тухай асуудлыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулдаг. Орон нутгийн удирдлага гэдэгт нийслэл, аймаг, дүүрэг, сум, баг, хорооны удирдлага багтах болохыг энд дурдъя.

Аймаг, нийслэл, сум, дүүрэгт "иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)” байх бөгөөд энэ нь жилдээ 2 доошгүй удаа хуралддаг байна. Харин баг, хорооны хувьд "иргэдийн Нийтийн Хурал (ИНХ)” байх ба энэ нь жилд 3-аас доошгүй удаа хуралдах ёстой байна. ИТХ, ИНХ хуралдаагүй үед тэдгээрийн Тэргүүлэгчид нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ИТХ, ИНХ тус бүрд хамаарах асуудлуудыг шийдвэрлэдэг байна.

2020 оны 10-р сарын 15-ны сонгууль нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль учраас одоо ИТХ-ын эрх хэмжээний талаар, тэдгээр нь таны амьдралд яаж нөлөөлж болох талаар тайлбарлая.

Хуульд "аймаг, нийслэлийн ИТХ” болон "сум, дүүргийн ИТХ”-ын бүрэн эрх (буюу шийдвэр гаргах эрх хэмжээний хүрээ хязгаар)-ийг 18, 19-р зүйлүүдэд ялган зааж өгсөн байдаг. Энд олгогдсон эрх хэмжээгээр ИТХ нь иргэн таны амьдарч, ажиллаж буй газар, орчинтой шууд холбоотой асуудлыг шийдвэрлэдэг, түүнд хамаарах төсвийг хэлэлцэн баталдаг субъект байна. Сум дүүргийн ИТХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрлэх асуудлыг хүрээг ерөнхийлөн дараах байдлаар тодорхойлж болохоор байна.

Сум, дүүргийн ИТХ нь доорх үндсэн 4 хүрээнд шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна. Үүнд:

1. Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар

Хурлын төлөөлөгчид, хурлын дарга, хурлын тэргүүлэгчид, засаг даргатай холбоотой асуудлуудаар сонгох, өөрчлөх, чөлөөлөх, огцруулах зэрэг асуудлаар шийдвэр гаргах. Хууль тогтоомжийн хүрээнд төсөв батлах. Тодорхой тохиолдолд хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгох. Засаг даргын үйл ажиллагааг шалгах, үнэлгээ өгөх.

2. Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар

Засаг даргын өргөн мэдүүлснээр төсөв хэлэлцэх, нэмэлт өөрчлөлт оруулах. Орон нутгийн хэмжээнд зарим төрлийн татвар, төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох (хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн). Нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах. Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх. Мөн, тухайн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ талаар хууль тогтоомжийн хүрээнд журам тогтоож мөрдүүлэх.

3. Орон нутгийн өмчийн талаар

Орон нутгийн өмчийн хувьд өмчлөгчийн эрх хэрэгжүүлэх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах. Орон нутгийн өмчийн талаар засаг даргын хэрэгжүүлэх эрх хэмжээг тогтоох, түүнд хяналт тавих. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах, хяналт тавих, татан буулгах болон бусад эрх. Орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах

4. Хуульд заасан бусад асуудлаар шийдвэр гаргах.

Харин аймаг, нийслэлийн ИТХ нь сум, дүүргийн ИТХ-ын эрх хэмжээг өөрийн нутаг дэвсгэрийг хамрах хүрээнд хэрэгжүүлэхээс гадна дараах 3-н хүрээнд эрх хэмжээг хэрэгжүүлдэг байна. Үүнд:

1. Орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх;

2. Орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах;

3. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Харин хуулиар аливаа нэг тодорхой бүрэн эрхийг зөвхөн сум, дүүргийн ИТХ-д олгосон байвал тухайн асуудлаар аймаг, нийслэлийн ИТХ нь сум, дүүргийн ИТХ-ын зөвшөөрөлгүйгээр тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг хориглодог байна.

Эндээс харвал, иргэд бид 10-р сарын 25-ны өдөр болох орон нутгийн сонгуульд саналаа өгөхдөө өөрсдийн амьдарч буй нутаг дэвсгэрийн өдөр тутамд тулгамддаг асуудлыг шийдвэрлэх, түүний төсвийг хэлэлцэх төлөөлөгчийг сонгох гэж буйгаа анхаарвал зохих ёстой болов уу. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тухайн төлөөлөгч нь иргэд биднийг л төлөөлж ажилладаг байх нь илүү чухал мэт. Тиймд бид аливаа нам, эвслийн төлөөллийг сонгож буй мэтээр хандалгүй өөрсдийн "жинхэнэ” төлөөллийг сонгон, ИТХ-д өөрийгөө төлөөлүүлэх нь илүү чухал юм. Иргэн та сонгох эрхээ хариуцлагатай эдэлж, 2020 оны 10-р сарын 25-ны өдөр сонгуулиа өгч амьдарч буй орчноо хөгжүүлэх, сайжруулахад өөрийн оролцоогоороо хувь нэмрээ оруулаарай.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.