Орлогч нар эрх мэдэлтэй л бол цалин хамаагүй

885

Орлогч нар эрх мэдэлтэй л бол цалин хамаагүйӨнгөрсөн хугацаанд олон дарга, цэрэг маш ууртай бөгөөд ихэд гутруухан явах болсон. Эдгээрээс хамгийн их уур бухимдлыг тээж яваа хүмүүс нь хотын удирдлагууд билээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн засаг даргын дөрвөн орлогчийг чөлөөлөх асуудал яригдснаас хойш хотын мэр Э.Бат-үүл дөрвөн орлогчоо цомхотголд оруулахгүй хэмээн эрх баригчидтай улаан нүүрээрээ тэмцэлдэх болсон юм. Уг нь энэхүү асуудлыг уржигдар болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогчийг чөлөөлөх асуудал яригдаж үүнийг нь Засгийн газрын зүгээс дэмжих болсон юм. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт "Хуулинд хэдэн орлогч гэж заасан байна түүний дагуу л ажиллах ёстой.

Түүнээс хоёр байх ёстой гэсэн орон тоог дөрөв, тав болгож болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, хотын дөрвөн орлогч ажилдаа үлдэж, цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн явдал болно” гэж мэдэгдчихээд байгаа. Тэгээд ч уржигдар УИХ-аас аймаг, дүүргийн Засаг дарга нарын орлогч, зөвлөхүүд зэрэг 180 гаруй алба хаагчийг цомхотгосноор нэлээд их хэмжээний мөнгийг хэмнэнэ гэж үзсэн. Энэ бүх тушаал шийдвэрүүдийг нийслэлийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үндсэн хуулийн цэцэд хандахаар болоод байна. Уг нь эдийн засаг хэцүү байгаа энэ үед хаа, хаанаа бүсээ чангалая гэж ярилцан эхчүүд, хүүхдийн мөнгийг хүртэл хасах, танах дээрээ тулж байхад нийслэлийн удирдлагууд дөрвөн орлогчоо чөлөөлөхгүй хэмээн муйхарлаж байгаа нь юуны тулд энэхүү зөөлөн суудалдаа шигдэхээр улайрч байна вэ гэж хэлэх хүн маш олон байгаа юм. Хэрвээ Э.Бат-үүл даргын дөрвөн орлогчийг ажлаас нь чөлөөлвөл 300 гаруй сая төгрөг хэмнэх боломж байгаа юм билээ . Тиймээс ч УИХ-аас аймаг, дүүргийн орлогч нарыг цомхотгосноор багагүй мөнгө хэмнэнэ гэх тооцооог гаргасан юм. Түүнчлэн тус газрын дарга нарын ярьж буйгаар бол Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй, өөрөө эдийн засгаа аваад явчихдаг чадалтай юм байх. Тэгвэл үнэхээр энэ зэргийн чадал байгаа юм бол юунд Нийслэлд амьдарч байгаа иргэдээс татвар авна гэж ярьж байгаа юм гэж асуух хүн олон байна.
Шийдлийн Засгийн газар одоогоор 2015 оны төсвөө батлах гээд нэлээн маргаан үүсгэж байгаа цаг үе. Учир нь өнгөрсөн оны төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай явж байгаа учраас Засгийн газар төсвөө хэрхэн бүрдүүлэх, ямар татварыг нэмэгдүүлж, ямраас нь таналт хийх гээд олон зүйл дээр толгойгоо гашилгатал хэрэлдэж, уралцаж байгаа. Арга буюу жилдээ ганцхан удаа олгодог одонтой ээжүүдийн мөнгө, эхчүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргээс таналт хийх болсон нь олон эхчүүдийн дургүйцлийг төрүүлж эхнээсээ авахуулаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг "огцор” гэх мэдэгдлийг хүртэл гаргах болсон. Болж буй бодит байдалтайгаа эвлэрч чадахгүй байгаа хотын удирдлагууд суудалдаа үлдэхийн тулд янз бүрийн л арга саам хэрэглэж сүүлдээ бүр төсөл хөтөлбөрөөс цалинжих болно гэж ярьсан нь улаан цагаандаа гарчээ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулах шиг боллоо.
Уг нь нөхдүүд энэ сарын 5-ны өдөр гэхэд бүгд ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл хотын удирдлагууд энэхүү дагаж мөрдөх ёстой дүрэм журмаа умартан энэ, тэнд янз бүрийн албан бичиг өргөхөөр бэлдэж буй нь үнэхээр харамсалтай юм. "Төсвөө хэмнэе, иргэдээ бодоё” гэсэн уриаг дэвшүүлдэг үүл баатар маань хуулийн заалтуудаа тэс хөндлөн нөгөө нүдээрээ харж "Би дөрвөн орлогчоо цомхотголд оруулахгүй, төсвөөс цалин авахгүйгээр хажуудаа цалингүй ажилуулах болно” гэх хачирхалтай үгийг хэлээд сууж байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татахаар байгаа юм. Эндээс нэг зүйлийг ажиглахад хотын дөрвөн орлогчид цалин бус эрх мэдэл албан тушаал нь юу, юунаас илүү чухал гэдгийг харуулж буй юм.

Учир нь энэхүү том эрх ашгийн цаана тендерийн ажлыг зохион байгуулахаас эхлээд хяналт тавих бүхий л эрх нь тэдэнд бий. Бүр тодруулбал, нийслэлд барьж байгуулах, сургууль, цэцэрлэг, зам гүүрийн ажлын тендерийг шалгаруулах, зохион байгуулахад тэдний оролцоо асар өндөр.Тиймээс тэд төрөөс бус тендерээс цалинжих нь илүү ашигтай гэж үзсэн хэрэг. Тиймээс л нөхдүүд ийнхүү зөөлөн суудалдаа үлдэхийн тулд үхэн хатан зүтгэж байгаа юм.
Хэрвээ хотын дарга Э.Бат-үүл үнэхээр дөрвөн орлогчоо төсөл, хөтөлбөрөөс цалинжуулна хэмээн авч үлдлээ гэхэд олон агентлагийн дарга нар энэ мэт жишгийг дагаж аашлах нь ойлгомжтой. Хэдийгээр тэд цалин авахгүй гэж хэлж байгаа ч ямар нэгэн байдлаар урсгал зардал нь татвар төлөгчдөөс гарна гэсэн үг. Тухайлбал, тэдний унаа, хоолны мөнгө, компьютер, бичиг, цааснаас эхлээд маш олон урсгал зардал гарах нь дамжиггүй.

Өнөөдөр тэд цалингүй ажиллаа ч гэсэн ард түмнийхээ төлөө биш зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ингэж улайрч байгаа гэдгийг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн баасан гарагт хотын удирдлагуудын нүдэн дээр эмч, багш, урлагийнхан гээд маш олон төрийн албан хаагчид Чингисийн талбайд цалин хөлсөө нэмүүлнэ, цомхотголд орохгүй гэх жагсаалыг хийж байсан. Тэгвэл тэд дахин маргааш дахин маш том хэмжээний жагсаал зохион байгуулах гээд бэлдэж байна.

Гэтэл эрх мэдлийг гартаа оруулсан дарга нар зөвхөн өөрсдийнхөө ашиг хонжоог харж хасах цэнэг рүүгээ орчихоод байгаа улсын төсвийг ингэж хоослох нь зүйд нийцэхгүй байх. Эрүүл хүний ухаанаар бодсон ч төсөл хөтөлбөрт орж ирж буй мөнгийг улс орныхоо эдийн засагт багахан ч болов нэмэрлэвэл бид энэхүү хямралаас маш хурдан гарч чадах нь ойлгомжтой. Эцэст нь хэлэхэд энэ олон орлогч нар хэрэггүй ээ гээд хууль санаачилж гаргаад байхад заавал ч үгүй тэднийг суудалд нь үлдээх ашиг сонирхол хотын удирдлагуудад байгаа бололтой.

 

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>