Өрийн таазыг 60 хувьд хүргэвэл хоёр тэрбум долларын зээл авах боломжтой

1303
Өрийн таазыг 60 хувьд хүргэвэл хоёр тэрбум долларын зээл авах боломжтойМанай улсын гадаад өр нэлээд их хэмжээтэй болсныг улс төрийн хүрээнд ойрын хэдэн өдөр ярьж байна. Дэлхийн банк болоод Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хувь хэмжээнээс хэтэрчихээд байгаа билээ. Хуулиар бол улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой ч бодит байдал дээр 55 хувьд хүрсэн юм. Цаашид гадаадаас ямар нэгэн зээл тусламж авч эдийн засгийн хямралаас гаръя гэвэл өрийн хувь хэмжээ одоо байгаагаас ч илүү нэмэгдэх төлөвтэй байна. Иймд Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж өрийн хувийг нэмэгдүүлэх санал оруулсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд олонх гишүүн дэмжээгүй тул буцаасан юм.

Гэвч Засгийн газраас энэ хуулийг уржигдар дахин өргөн барьсан. Засгийн газраас энэ хуулийг дахин өргөн барихдаа өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.

Засгийн газраас энэ онд өрийн хувийг 60 хувьд хүргэх санал оруулсан тул өчигдөр өглөө УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга, дэд дарга нар уулзаж санал солилцжээ. Мөн үдээс хойш бүлгүүд тус бүртээ хуралдан гишүүд байр сууриа илэрхийлжээ.

Хэрэв өрийн таазыг 60 хувьд хүргэнэ гэвэл цаана нь таван хувийн боломж байгаа гэсэн үг. Энэ хувьд нийцүүлэн хоёр тэрбум ам.долларын зээл авах боломжтой гэсэн тооцоог гаргажээ. Өрийн таазыг 60 хувьд хүргэж, гадаад зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэрийг Засгийн газар татаж чадах юм бол эдийн засагт хурдан үр өгөөжөө өгнө гэж зарим гишүүн үзэж байна. Хэрэв өрийн таазад Засгийн газар баталгаа гаргаж, хувийн хэвшлийнхний бэлэн болсон зарим төслийг хэрэгжүүлж болно гэж үзсэн байна. Ингэхдээ голдуу үйлдвэрлэл, тэр дундаа гангийн, цементийн, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт олон жил ярьсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

Энэ тухай УИХ-ын төвшинд үргэлжлүүлэн хэлэлцэх юм. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд хүргэх эсэхэд саналаа нэгтгээгүй байна.  МАН-ын бүлэг нэмэгдүүлэхгүй байх тухайд хатуу байр суурь илэрхийлдэг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>