СХД-ийн АН-ын ”зодоон”-ыг Л.Эрхэмбаяр, Д.Цогтбаатар нар эхлүүлснийг намын гишүүд шүүмжилж байна
Учир явдлыг тодруулбал, энэ сарын 11-ны өдөр тус дүүргийн намын нөхөн сонгууль зарлагдаж удирдлагууд нь цуглан тус сонгуулийг хэрхэн явуулах болон хэн, хэнийг нэр дэвшүүлэх талаар нээлттэй хуралдах гэтэл АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж орхижээ.
Тэрбээр, тэс өөр газар өөрийн дотны 30 хүнийг цуглуулж хуралдаад дундаасаа Ш.Одгэрэл гэх залууг сонгосон байна. Үүнийг нь дүүргийн одоогийн намын дарга болон дээрх 30 хүнээс бусад гишүүд нь огт мэдээгүй гэнэ. Тиймээс намын нийт гишүүдийг хамруулсан нээлттэй хурал хийгээд нэр дэвшиж буй хүнээ шударгаар өрсөлдүүлж сонгоё гэсэн саналыг Ш.Одгэрэлд бусад гишүүд нь тавьжээ. Гэтэл тэрбээр "Үгүй ээ. Бид хуралдчихсан. Тамгаа авъя. Намынбайраа суллаж өг” хэмээн зүтгэж байгаа аж. Ш.Одгэрэлийн хувьд Л.Эрхэмбаярын дотны хүн гэнэ.
Гэтэл нөгөө Ш.Одгэрэл нь намынхаа байранд хүчээр дайрч орон тамга, тэмдгээ өгөхийг хэд, хэдэн удаа шаардсанаас гадна хэвлэлээр худал мэдээлэл өгч байгаа хэмээн тус намын бусад гишүүд, дэмжигчид ярьж байна. Ямартай ч СХД-ийн АН-ынхан хоёр хуваагдсан бөгөөд нэгийг нь Хяналтын хороо албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бол нөгөөхийг нь хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг аль хоёр жилийн өмнө гаргажээ.
Бүр тодруулбал, Ш.Одгэрэл тэргүүтэй хүмүүсийн 2013 оны нэгдүгээр сард "Дисковери” төвд хуралдсан намын хорооны хурлыг хяналтын хорооноос хүчингүйд тооцож байжээ. Харин Ө.Пүрэвбаатарын тэргүүлсэн 2013 оны 1 сарын 21-ний өдөр "River Beach”–д хуралдсан намын хорооны хурлыг хүчинтэйд тооцсон байна. Тиймээс Ө.Пүрэвбаатарт албан ёсоор тамга, тэмдгийг нь хоёр жилийн өмнө хүлээлгэн өгч байжээ. АН-ын Хяналтын хороо бол тус намын шийдвэр гаргах хамгийн дээд шатны байгууллага. Үндсэн хуулийн дээр цэц байдагтай адил АН-ын дээр Хяналтын хороо л байдаг аж.

Хяналтын хорооны шийдвэрийг доорх баримтаас харна уу.
Ингээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд СХД-ийн АН хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаад сая зарим нь төрийн албанд томилогсонтой холбогдуулан тэдний орны хүний сонгох нөхөн сонгуулийг зохион байгуулах гэтэл энэ бүх асуудал үүсчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд намын хорооны тамгаа авна, өгөхгүй гэсэн хэрүүл хурцдаж бүр зарим хүмүүсээ намын байрандаа өдөржин цоожилж гаднаас нь хаалгыг нь хаасан сурагтай. Цаашлаад зодоон, цохион болж цагдаа, сэргийлэхдээ тулсан учир намын байрыг нь албан ёсоор цоожилж, лацадсан байна. Энэ бүх асуудлаас болоод тус дүүргийн намын нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм.
Зарим хэвлэлээр гараад буй "Ш.Одгэрэл тамга, тэмдгээ гардан авлаа" гэх мэдээлэл худал гэнэ.
Тиймээс тэднийг жижиг эрх ашгийн төлөө намын хорооны эв нэгдлийг бусниулахгүй байхыг бусад гишүүд нь санууллаа. Хэрвээ иймэрхүү байдлаар асуудалд хандаад байвал Л.Эрхэмбаярыг огцруулах асуудлыг ч хөндөнө гэж ярьж байна. Л.Эрхэмбаярт намын нөхөд нь итгэл хүлээлгэж хоёр ч удаа сонгуульд өрсөлдүүлэхэд ганц ч ялалт байгуулж үзээгүй. ИТХ-д ч өрсөлдөөд ялаагүй байна. Ямартай ч тус дүүргийн АН-д "том зодоон” болж байна. Үүнийг нь АН-ын Хяналтын хороо эртхэн шийдвэрлэж асуудлыг нэг тийш нь болгохгүй улам газар авах аюултай байгаа юм.