Т.Чимгээгийн талаар ярьж эхэлсэн нь түүнийг суллана гэсэн үг биш

451

Т.Чимгээгийн талаар ярьж эхэлсэн нь түүнийг суллана гэсэн үг биш

 

Тоглоом тоотой нь дээр гэдэг. Сонгуулийн өмнө С.Зориг агсны хэрэг сөхөгдөж, үүгээр улс төр, сонгуулийн шоу хийгчид бий. Энэ сэдвээр мэргэшсэн гэхэд болно. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, МАН 100 жилийн ойгоороо түүхэн ялалт байгуулахын тулд тал талаас хүчилж байна. С.Зоригийн хэргийг сөхөж, попрогч "өвөө”-г хүртэл МАН тайзан дээр урьж гаргасан. Албан тушаалын тойргоос анх удаа гадуур үлдсэн түүнийг тойрогт оруулсан шалтгаан нь энэ байж...

Энэ удаа Т.Чимгээг "уйлуулж” хүмүүсийг уяраах гэсэн сериал эхлээд овоо хэдэн анги явлаа. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёр бүсгүйтэй уулзахаар хорих ангид очихдоо "Т.Чимгээ гэх гэмт хэрэгтэн хоригдохоосоо өмнө гэр бүлээс гадуур харилцаатай байсан” гэдгийг орон даяар зарласан...

Тэгвэл дараагийн анги нь энэ бүсгүйн талаар олон нийтийн сонсгол явуулна хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж, тоож очих нь байтугай бэлдээд өгсөн хүний эрхийн талаарх илтгэлийг нь сөхөж хардаггүй байсан ХЭҮК-руу гүйж очлоо. Тэд үнэхээр хүний эрхийн мэдрэмжтэй юу, сериалын зохиолын дагуу яваа юу гэдгийг цаг хугацаа харуулаад өгнө. Тэд ярихдаа Т.Чимгээг суллана гэдэг үгийг огт хэлээгүй, гэм буруугүйг нь тогтооно ч гээгүй. Харин түүнийг эрүүдэн шүүсэн хүмүүсийг илрүүлж, яллана гэх утгатай зүйл яриад байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ: Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Тиймээс иргэн Т.Чимгээгийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж байна. Т.Чимгээг  шүүхээр шалгагдаж байх процессийн шатандаа эрүүдэн шүүсэн асуудлыг хүний эрхийн зөрчил гэж үзэн дотоодын болон гаднын хүний эрхийн байгууллагуудад хандаж байна. УИХ бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх шаардлагатай. Энэ саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хуульд зарим зохицуулалтыг хийх боломжтой. Тухайлбал, эрүүдэн шүүсэн төрийн албан хаагч буюу буруутай этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах тухай заалтуудыг оруулах асуудлыг хөндөнө.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: Өмнөх парламентын УИХ-ын гишүүдэд Б.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлж байсан. Зургаан удаа шүүхээр яваад өнөөдрийг хүртэл иргэн Т.Чимгээгийн асуудлыг шийдэхгүй байна. Тийм учраас Ц.Мөнхцэцэг гишүүний хамтаар Нийтийн сонсгол хийх саналыг гаргаж байна. Иргэн Т.Чимгээд холбогдох хэрэг бол шударга бус шүүхийн мөсөн оргил гэж дүгнэж байна.

Т.Чимгээг Ерөнхий сайд эргэсэн, уулзсан, бүсгүй уйлсан, Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн...

Одоо Т.Чимгээг суллах уу, түүнийг хэлмэгдүүлсэн нь үнэн байна суллаач гэх... Энэ бүхний дараа Т.Чимгээтэй хам хэрэгт буруутгагдаад байгаа Содномдаржаагийн өмгөөлөгч "Би энэ хэргийн талаар ярьмааргүй байна. Миний үйлчлүүлэгчдийг суллах боломжгүй” гэсэн тайлбарыг нэгэн хэвлэлд өгсөн байсан. Тэднийг гэмт хэрэгтэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, шат шатны шүүхээр тогтоосон. Ямар нэг аргаар суллах байсан бол суллах хугацаа нь өнгөрсөн... Тиймээс тэдний хэргийг үе үе сөхөж, гэр бүлийнхэн болон гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүйгээр тоглож, дахин дахин яллахгүй байгаасай...

https://ubn.mn/p/11741

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>