Н.Алтанхуяг гишүүн хэзээ үэнтэй эвлэрч, ажлаа хийх вэ
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамгийн олон удаа хичээлээ тасалсан
гишүүнээр тодорч мэдэх нь. УИХ 76 гишүүнтэй. Харин энэ дунд нэг л хүн
сүүлийн 2-3 сарын хугацаанд ажлаа хийсэнгүй. Хийх нь бүү хэл, ажлын
байрандаа ч үзэгдсэнгүй. Энэ бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Түүний хувьд
засаг толгойлж явсан сайхан цаг бий ч юм бүхэнд цаг хугацаа байдгийг
харуулсан үйл явдал болсон нь өнгөрсөн оны аравдугаар сар байлаа.
Тодруулбал, түүний тэргүүлсэн Засгийн газрыг намынх нь нөхөд
"Түгжил”-дэж унагасан нь түүхэнд үлдсэн, улс төрийн томоохон үйл явдал
байлаа. Тэрбээр Засгийн газрын тэргүүний суудлаасаа буухтай зэрэгцээд
осолд орж, БНСУ-д эмчлүүлэхээр одсон нь "Засгийн газрын тэргүүнээр
ажиллаж байсан хүн улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэхгүй байгаагийн
нэг илрэл” хэмээн хэсэгтээ л олны шүүмжлэлийг хүлээсэн.
Гэвч тэрбээр нам гүмхэн байсаар нэг их удалгүй эх орондоо ирсэн. Гэсэн ч
ажлаа хийлгүй, улс төрийг үзэгчийн байр сууринаас харж суусаар хэдэн
сарыг үдлээ. Хэдийгээр өдий хүртэл нам жим байсан экс Ерөнхий сайдыг
"Удахгүй ажилдаа орох гэж байгаа” гэх мэдээлэл Төрийн ордонд шинэ жилийн
өмнө тарсан ч Н.Алтанхуяг гишүүний өрөө өнөө хэр түгжээтэй байна.
Түүний хувьд Засгийн газрыг тэргүүлж, төрийн гурван өндөрлөгийн нэгээр
хоёр жил ажилласны хувьд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, шинэ
өрөө гаргаж өгөөд байгаа. УИХ-ын гишүүдийн зарим нь туслахтайгаа
зэрэгцээд жижигхэн өрөөнд суудаг бол хэдэн удаа сонгогдсоноосоо хамаарч,
өөр өөр хэмжээтэй өрөөнд суух нь бий. Харин шинээр төвхнүүлээд байгаа
Н.Алтанхуяг гишүүний өрөө бусдаасаа хавьгүй том бөгөөд тэрбээр гурван
тасалгаа бүхий өрөөнд тухлахаар болж байгаа.
Ингээд ч зогсохгүй хаалган дээрээ "Норовын Алтанхуяг” хэмээх том хаяг
хадсан нь хэн хүний харааг булааж Н.Алтанхуяг гишүүний байдлыг "Үнэнтэй
эвлэрч чадахгүй байна” хэмээн хошигнон тайлбарлах хүн ч байна. Нээрэн л
түүний хувьд УИХ-ын чуулганы хуралдаанд суугаад, гишүүдтэй мөр зэрэгцэнэ
гэхээс эвгүй санагдаж байгаа бололтой багагүй хугацаанд ажлаа
хийсэнгүй.
Энэ чигээрээ удвал Н.Алтанхуяг гишүүн маань хичээлээ хамгийн олон удаа
тасалсан гишүүнээр тодорч, рекорд тогтоож мэдэхээр байна. Уг нь ингэж
дөлж суухын оронд улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед нөхөдтэйгөө
хамтарч, Засгийн газрыг тэргүүлж байсны хувиар санаа оноогоо хуваалцаж
ажиллавал тустай баймаар.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн"