Энэ долоо хоногийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгавар өглөө. Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдээ засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах, нийслэлийн хэмжээнд байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх авто зогсоолд орчны аюулгүй, байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, тохижуулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг зохион байгуулахыг даалгасан байна. Энэ онд нийслэлд хийх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайн уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр иргэдэд тогтмол мэдээлж ажиллахыг анхаарууллаа. Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.
Тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байгаад нэгнээсээ халдвар авч байгаа мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийхийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр удаа дараа үүрэг болгож байгаа. Иймээс Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл хэрхэн хийж байгаатай танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. Мөн Нийслэлийн онцгой комиссоос иргэд, эцэг эхчүүдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг салхинд гаргах, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийг есөн дүүргийн хэмжээнд хийж байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналтын ажилтан А.Мягмардолжин “Баянгол дүүргийн хэмжээнд хоёр дахь удаагаа халдваргүйтгэл хийж байна. Мананцар үүсгэгч таван машин бий. Халдваргүйжүүлэгч, ариутгагч, жолооч гэсэн өдөрт 20-30 хүн тогтмол ажиллаж байгаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зогсоолууд машин ихтэй, том хотхон руу ороход хүндрэлтэй байна. Таван машин өдөрт нэг дүүрэгт, том дүүрэгт хоёр өдөр ажиллаж байна” гэв.
Мөн авто замын ан цав, заадас засварлах ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд 25211, Чингисийн өргөн чөлөөнд 4690, нийт 29901 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварласан аж. Түүнчлэн 1633 тэмдэг угааж, 282 тэмдэг үйлдвэрлэж, Хан-Уул дүүрэгт суурилуулсан бол 658 метр урт хайс, хашлага засаж, арчилжээ. Мөн нийслэлийн есөн дүүргийн 21 тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49332.5 метр урт хайс хашлага, хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэн, байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажил хийгээд байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол 98 чиглэлд 679 автобус болгож нэмэгдүүлсэн ч нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо буурахгүй, өдөрт 110-120 мянган иргэн зорчиж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимд шилжсэнтэй холбогдуулж автобусны цэвэрлэгээ, автобус хоорондын зай, хүн хоорондын зай мөрдөгдөхгүй байна гэсэн гомдол, санал, хүсэлтүүд тасрахгүй байгаа. Иймд Хотын дарга Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбаярт “Үйлчилгээгээ сайжруулж, хоорондын уялдаа холбоог хангаж, сайн ажиллах ёстой. Нийтийн тээврийн бодлого тодорхойлох ёстой шүү” гэдгийг санууллаа.
Мөн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана. “Хан Хилсс” хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногоос эхэлнэ” гэсэн юм. Хотын дарга “Ажлаа хэзээ эхлээд, хэзээ дуусгахаа тодорхой төлөвлөх хэрэгтэй. Хаана, ямар зам өргөтгөх, хаана гүүрэн гарц хийхээ өөрсдөө санаачилгатай хий. Санхүү, мөнгөний асуудлаа надад даатга” гэлээ. Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Залуус" орон сууцны цогцолбор хорооллуудыг байгуулах ажпыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах талаар танилцуулсан. Тэрбээр “Залуус 1” хорооллын ажлын хэсэг байгуулагдаад хоёр удаа хуралдаад байна. Төлөвлөгөөгөө баталлаа. Буянт-Ухаа хорооллын 57 га газарт барина” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.21 ЛХАГВА № 80 (6557)