Цахим орчинд хэл ам дагуулаад байсан фитнесийн хичээл заадаг, загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Өмнө нь олон нийтийн сүлжээнд хатуу хөл хорио тогтоосон үед “цагдаа найзаараа жолоо бариулж зугаалсан”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буруутайд тооцож, шүүхээс баривчлах шийтгэл авч байсан бол тэрбээр энэ удаа эрүүгийн гэмт хэрэгт шалгуулж байгаа нь энэ юм.
Хөл хорионы үед түүнд “үйлчилсэн” цагдаа найзад сахилгын арга хэмжээ авч, тодорхой хугацаанд цалинг нь бууруулахаар болсон гэх эх сурвалжын мэдээлэл бий.
2020-2021 онуудад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг 11 бүлгийг илрүүлгийг илрүүлсэн байна. Эдгээр 56.325 хүний нэг удаа хэрэглэх “бараа” хураан авсан бөгөөд эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өсжээ.