No travel

525

No travel

 

Монгол Улс ковидгүй зуны төлөө хичээсэн ч чадсангүй. Дэлхий дэлэгнэж дэнж хотойсон зуны сардаа өдөрт 2000 халдвар "тоолж” , хоногтоо арав гаруй иргэнээ алдсан эмгэнэлтэй дүр зурагтай өдөр хоногуудыг элээж сууна. Тиймээс өвөлжин цар тахал, утаандаа хүлэгдсэн монголчууд одоо л агаарт гарна хэмээн бүтэн жил үүргэвчээ бэлдэцгээлээ. Тэсгим хүйтэнд дөрвөн хана, зурагтны дэлгэцээс салаагүй  хүүхдүүдээ ч агаарт гаргахыг тэсэн ядан хүлээцгээв. Гэтэл олны хөл хөдөлгөөнийг эсэргүүцэж "No naadam” хөдөлгөөн өрнүүлсэн иргэдийн өөдөөс Монголын төр "No travel”-ээр бэлэг барилаа. Үндсэндээ ковидгүй биш аялагчгүй зун гэдгийг албан ёсоор зарлачихлаа.
Нийслэл халдварын тархалтаа хяналтаас алдангуутаа 21 аймгийн Засаг дарга нарт хэмжээлшгүй эрх мэдэл өгсөн. Гэтэл УОК-ын "Тухайн аймаг орон нутаг руу зорчих зөвшөөрлийг аймгийн онцгой комисс олгоно” гэсэн ганцхан журмаас үүдэж өнөөдөр Монгол Улс 21 "тусгаар улс”-тай болоод удаж байна. Цар тахлын халдварын тархалтыг хумих нэрийдлээр засаг ноёд аймгийнхаа "хил”-ийг нам хааж, чихээ бөглөөд суучихав. Нэгэнт нүүр тулсан ачааг хамтдаа үүрээд хичээх нь битгий хэл нийслэлээс ирсэн хүн бүрт "халдвартай” гэсэн  пайз зүүлгэсэн. Тэр бүү хэл хүүхдүүд PCR шинжилгээ өгч, вакцин хийлгээгүй учраас халдвар тээгч хэмээн үзэж орон нутаг руугаа оруулахгүй хэмээж хүний эрхийн наад захын мэдрэмжгүй гэдгээ гайхуулцгааж байгаа.
 
Хамгийн сүүлийн байдлаар хязгаарлалт тогтоосон аймаг, сумдын мэдээлэл
 
1.Архангай аймгийн Булган сумаас бусад 18 сум,
2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
3. Булган аймгийн зургаан сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
4. Төв аймгийн дөрвөн сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр
5. Сүхбаатар аймгийн зургаан сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,
6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд
7. Хэнтий аймгийн 18 сум бүгд
8. Дорнод аймгийн таван сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
9. Ховд аймгийн дөрвөн сум буюу Булган, Манхан, Цэцэг, Алтай
10. Дундговь аймгийн  10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
11. Дорноговь аймгийн 14 сум бүгд
12. Сэлэнгэ аймгийн дөрвөн сум буюу  Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал
13. Увс аймгийн таван сум буюу Давст,  Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд
15.Дархан-Уул аймгийн хоёр сум буюу Дархан, Шарын гол
16.Баян-Өлгий аймгийн нэг сум буюу Булган,
17.Завхан аймгийн 12 сум буюу Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум, Цагаанхайрхан, Нөмрөг
18.Говьсүмбэр аймгийн гурван сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
 
УОК болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд агаарт гарч дархлаагаа дэмж гэдэг үгийг өдөр бүр давтдаг. Иргэд ч урин цагт амжиж аялахын хүслэн болж байна. Гэвч төрийн уялдаагүй бодлого орон нутгийн удирдлагуудын ойлгомжгүй шийдвэрийн балгаар аялах боломжоо хүртэл цар тахалд алдчихлаа. Уг нь хилийн дээс алхахгүй юм аа гэхэд дотооддоо аялаж болмоор.
 
Ковидын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан өчигдрийн байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл,  хязгаарлалт тогтоосон аймаг сумдаар дамжиж Монголын хаа нэгтээх байгалийн үзэсгэлэнт газраар аялах боломжгүй боллоо. Тиймээс 1.5 сая нийслэлчүүд зуны дэлгэр цагийг Туул, Тэрэлжийнхээ эрэг дээр шамбааралдаж өнгөрүүлэхээс өөр гарцгүй бололтой. Бид иргэд дотооддоо аялаж болох эсэх талаар  УОК-оос тодруулахад "Тухайн орон нутаг руу очихоор бол заавал АОК-той холбогдож зөвшөөрөл авах ёстой. Иргэдийг зорчуулах эсэхийг АОК шийдвэрлэнэ” гэсний дагуу хэд хэдэн аймгийн АОК-той холбогдсон юм.
 
 
 
Булган аймгийн тухайд хөл хорио тогтоогоогүй. Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан, Баяннуур суманд орох, гарах хөдөлгөөнийг хориглосон. Аймгийн хэмжээнд хөл хорио тогтоогоогүй учраас вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол дамжин өнгөрч болно. Бусад суманд чөлөөтэй гэлээ.
 
 
 
Харин Дорнод аймагтай холбогдоход огт хүн оруулахгүй хөл хорио тогтоосон. Аяллын журмаар байсан ч замын сумдаар дамжин өнгөрөх боломжгүй гэсэн учраас энэ зун аялагчид Чингисийн хэрмэн цав, Хэрлэн Барс хотын туурь, цамхаг,  Буйр нуур, Их бурхант чулуун бурханы цогцолбор, Халх гол, Вангийн цагаан уулыг үзэж чадахгүй нь.
Завхан аймаг зөвхөн эм эмнэлгийн тусламж, үйлчилгээ, түлш тээвэрлэлт, өвчтөн шилжүүлэх, албан томилолт, буяны ажилд оролцохоос бусад шалтгаанаар орохыг хориглосон. Эдгээр шалгуурыг хангасан иргэд вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоносон байх шаардлагатай. Бусад тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй гэсэн юм. Одоогоор алдарт Отгонтэнгэр хайрхан, Хар нуур, Их хайрхан уул, Сангийн хэрмийн туурь тэргүүтэй Завхан нутгийн үзэсгэлэнт газрууд аялагчдад "хаалттай” байна.
 
 
 
Хэнтий аймаг мөн адил эрүүл мэндийн шалтгаан, буяны ажилд оролцохоос бусад шалтгаанаар орохыг хориглосон учраас Бурхан Халдун уул,  Чингисийн гэрэлт хөшөө, Дэлүүн болдор, Хар зүрхний хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал зэрэг түүхэн газруудаар аялахаар төлөвлөсөн бол азнах хэрэгтэй боллоо.
 
 
 
Увс, Ховд аймаг хөл хорьсон учраас баруун хязгаарын үзэсгэлэнт бүрд болсон байгалийн содон тогтоцыг үзэх эсэх нь эргэлзээтэй болж хувирлаа. Хөл хорионоос өмнө очсон аймагтаа хоригдож, зутарсан хүмүүс ч цөөнгүй байна. Цөөн хэдэн аймгаар жишээлэхэд ийм. Засгийн газар, УОК  иргэдийнхээ эрүүл мэнд, дархлааг дэмжсэн энэ мэт шийдвэрээ эргэн харж, уялдаа холбоотой ажиллахгүй бол 21 аймаг бүгдээрээ аялагчгүй зун болох нь тодорхой байна. Нөгөө талд зөвхөн иргэдийн аялаж зугаалах эрх биш дотооддын аялал жуулчлал гэсэн том малгайн дор олон зуун, мянган бизнес эрхлэгчдийн эрх ашиг давхар хөндөгдөж буй юм.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>