Д.Баярсайхан: Криптовалют, койн төлбөрийн болоод хуулиар зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш

465

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас олон нийтийн анхаарлын төвд байгаа криптовалют, койнуудын талаар цөөн асуултад хариулт авлаа.  

-Сүүлийн үед криптовалют болон олон төрлийн койнууд хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, түүнийг дагаад иргэд хөрөнгө оруулалт хийх нь ихэссэн.  Энэ тал дээр Санхүүгийн зохицуулах хороо ямар байр суурьтай байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалют, койны төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм. Тодруулбал, криптовалют, койн нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд цахим мөнгөнд хамаарахгүй бөгөөд албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш. Нөгөө талаар, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхойлсон санхүүгийн хэрэгсэлд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгө, криптовалют нь зохицуулалтгүй, үнэ ханшийн хувьд хэлбэлзэл өндөртэй учраас эрсдэл ихтэй гэдгийг удаа дараа сэрэмжлүүлж, анхааруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш иргэд, олон нийтэд зориулж нийтдээ 14 удаа зөвлөмж анхааруулга, сэрэмжлүүлэг гаргасан. Гэсэн ч зарим иргэдийн амар хялбар аргаар мөнгө олох сэдлийг ашиглаж залилан, луйврын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байх эрсдэлтэй тул хүн бүр хөрөнгө оруулах шийдвэрээ сайтар тооцоолж, анхаарал болгоомжтой хандах шаардлагатай юм. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь Олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүн тул энэ байгууллагатай байнга мэдээлэл солилцож, гаргасан анхааруулга, хийж хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, мэдээ мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллаж байна.

-Хорооноос эрсдэлтэй гэдгийг удаа дараа анхааруулсан гэж байна. Гэхдээ зарим нэг нь мөнгө олоод байгаа учраас хүмүүсийг татаад байх шиг. Хэрэв иргэд залилуулах, санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл учирсан тохиолдолд яах вэ. Бас хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Криптовалютын хувьд зохицуулалтгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ тул эрсдэлийг хөрөнгө оруулагч өөрөө хүлээх юм. Койн, криптовалют гаргасан этгээд дампуурах, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд ямар нэгэн албан ёсны баталгаа гаргаагүй тохиолдолд Та оруулсан хөрөнгөө алдана л гэсэн үг. Харин хувьцаа, бонд зэрэг нь хууль, эрх зүйн орчны хүрээнд зохицуулалттай буюу гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны хохирогч болсон тохиолдолд авах арга хэмжээ болон хаана хандаж, өргөдөл гомдол гаргах нь тодорхой байдгаараа ялгаатай. Түүнчлэн "Памп энд Дамп” буюу өөрөөр хэлбэл үнийг зохиомлоор хөөрөгдүүлэн өсгөж, санаатайгаар унагаах схем нь олон улсад криптовалют дээр ихэвчлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү санхүүгийн луйврын хэлбэр нь хүмүүсийн хурдан баяжих сэтгэлгээнд суурилж богино хугацаанд өндөр ашиг амладаг. Ингэж өндөр ашиг хүртэх итгэлтэйгээр иргэд өөрийн мөнгөө хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулснаар алдах нь элбэг. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэл болох хувьцаа, бондтой огт адилгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Криптовалют, койн нь зохицуулалтгүй учир үнийн савалгаа ихтэй байдаг. Биткойны өндөр савалгаанаас үүдэн их хэмжээний мөнгөө богино хугацаанд алдсан бодит кейсүүд маш олон. Үүнээс гадна, криптовалют нь бодит хөрөнгөөр баталгаажаагүй, ямар нэгэн бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт гэж үзэхгүй. Иймээс л иргэд хөрөнгө оруулалтын шийдвэрээ ухаалгаар гаргаж, боломжтой бүхий л эрсдэлийг тооцож үзэх нь зүйтэй юм.

-Криптовалютыг зохицуулах боломжтой юу?

-Боломжтой, боломжгүй гэхээсээ илүүтэйгээр өмнө дурдсанчлан хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашиг зөрчигдөх, цаашлаад санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй учир зохицуулалтыг тодорхой түвшинд хийх шаардлага тулгараад байна. Үүнээс гадна криптовалют нь мөнгө угаалтын хэрэгслээр ашиглах эрсдэлтэй гэж Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас үзээд байгаа. Криптовалютын үүсэх болсон анхны шалтгаан нь дундын зуучлагчгүйгээр төлбөр тооцоо, гүйлгээ хийх, мэдээлэл солилцох байсан. Дундын зуучлагчгүй гэсэн утгаараа төлбөр гүйцэтгэж буй этгээдүүдийн мэдээллийг баталгаажуулах боломжгүй, төлбөрийн зорилго, юунд ашиглаж байгаа нь тодорхойгүй байдаг учир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг дагуулж байдаг.

-Зарим улс орон койноор худалдаа үйлчилгээ хийж байгаа хандлага байх шиг. Криптовалютыг хүлээн зөвшөөрсөн улс орон хэр байдаг вэ. Ер нь криптовалют төлбөрийн хэрэгсэл мөн үү?

-Дэлхийн улс орнуудын хувьд харилцан адилгүй хандлага, зохицуулалттай байдаг ба үйл ажиллагааг бүрэн хориглохоос эхлээд криптовалютын зохицуулалтын хууль эрх зүйн актуудыг батлах зэрэг олон төрлийн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Монгол Улсын хувьд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд криптовалют, виртуал хөрөнгийг төлбөрийн хэрэгслээр ашиглах боломжгүй. Иргэд, олон нийтийн дунд төлбөрийн хэрэгслээр ашиглаж буй цахим мөнгийг криптовалютаар андуурах тохиолдол гардаг. Цахим мөнгө нь холбогдох журам, хууль эрх зүйн хүрээнд зохицуулагдсан бөгөөд нийт зах зээлд гарсан хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийн баталгааг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл эрсдэл үүссэн тохиолдолд хохирлыг барагдуулах баталгаатай, мөн зохицуулалтын орчин нь тодорхой гэсэн үг юм. Харин криптовалют, виртуал хөрөнгийн хувьд ямар ч зохицуулалтгүй гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн гол, гол зохицуулалтын талаар танилцуулна уу? 

-Бидний зүгээс криптовалют, виртуал хөрөнгө нь олон улсын санхүүгийн зах зээл төдийгүй Монгол улсын санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчид нөлөө үзүүлж эхэлж байгаа учраас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж батлуулах гэж байгаа. Энэ хуулийн төсөл батлагдсанаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль эрх зүйн орчин бүрдэж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих нөлөөтэй.

Хуулийн төслийн хүрээнд виртуал хөрөнгийг гэхээсээ илүүтэйгээр тэдгээрийг гаргаж байгаа болон түүгээр үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн үйл ажиллагааг зохицуулах заалтууд тусгагдсан. Эдгээр заалтаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах нийтлэг болон нэмэлт шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, тэдгээрийг бүртгэх, хяналтын механизм бий болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>