Вакцинд хамрагдаагүй хүн вакцин тариулсан хүнтэй харьцуулахад нас барах магадлал нь 11 дахин өндөр

Анх Ухань хотод дэгдэж, дэлхий даяар тарсан хувилбараасаа хэд дахин хүчтэй болсон цар тахлын "SARS-cov2” вирусийн Дельта хувилбар олон улсад шинэ тахал мэт тархаж, олон улсыг айдаст автуулсаар байгаа билээ. Анх Энэтхэгт үүссэн уг хувилбар цаашид дангаараа зонхилж болзошгүй болоод буй. Эрдэмтдийн мэдээлснээр энэ хувилбар бидний мэдэх өмнөх хувилбараасаа хэд дахин илүү хөнөөлтэй тул улс орнууд онцгой анхаарал хандуулан бүх боломжоороо тэмцэж, хөл хорио тогтоож, вакцины гурав дахь тунг яаравчилж эхлээд байгаа билээ. Ялангуяа цар тахлын эсрэг амжилттай тэмцсэн Азийн Филиппин, Тайланд, Вьетнам тэргүүтэй улс Дельта хувилбарын халдварт онцгой анхаарал хандуулж байна. Тэр байтугай Австрали, Шинэ Зеландад халдварын ганцхан тохиолдол бүртгэгдмэгц хатуу хөл хорио тогтоосон билээ. БНСУ аравдугаар сарын эцэс гэхэд цар тахалтай дасан зохицох боломжтой болно гэдгээ мэдэгдсэн байна. Аравдугаар сард тус улсын өндөр настнуудын 90 хувь, насанд хүрэгчдийн 80 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байх тооцоотой байгаа ажээ. Харин Японы хувьд Токио зэрэг хэд хэдэн бүс нутагт тогтоогоод байгаа онц байдлын дэглэмээ есдүгээр сар дуустал сунгахаар төлөвлөж байгаа талаар "Asahi” сонинд мэдээлжээ. Харин Израилийн Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад анхаарч байна. Тус улсад нэг өдөрт 100 мянга гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаагийн олонх нь гурав дахь тунгаа хийлгэж байгаа ажээ. Вакцинжуулалтын явцаараа тэргүүлж байсан Израиль одоогоор КОВИД-19-ийн халдварын томоохон голомт болоод байна. Халдварын тархалт нэмэгдэхэд "Дельта” хувилбар нөлөөлж байгаа ажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин



